sonin.mn

Эхлэл хэсэг өмнөх дугаарт  


https://www.sonin.mn/newsDetail/8262



Азийн бүс нутагтай харилцах бодлого


Трампын Азитай харилцах бодлого нь Хятадыг тогтоон барих, хумих чиглэлд үргэлжлэн хэрэгжих нь тодорхой юм. 2 сарын 7-нд Трамп Японы ерөнхий сайд Шигэрүтэй хийсэн уулзалтын үеэр талууд худалдаа болон аюулгүй байдлын салбарт хамтран ажиллахаар тохиролцож, Хятадын “түрэмгийллийн” эсрэг хамтран зогсохоо мэдэгдсэнээс[1] үзвэл Трамп худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх татварын бодлогыг Хятадын эсрэг зогсох батлан хамгаалах, аюулгүй байдлын амлалтаар “наймаалцах” магадлалтай.     


Одоогоор Хятадаас бусад Азийн орон руу тухайлан чиглэсэн татварын бодлого гэх мэт мэдэгдэл гаргаагүй ч өнгөрсөн онд АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 295.4, Вьетнамтай хийсэн худалдааны алдагдал 123.5, Тайваньтай 74, Японтой 68.5, Өмнөд Солонгостой хийсэн худалдааны алдагдал 66 тэрбум доллар хүрсэн юм.[2] 2019 онд Трамп Вьетнамыг “худалдааны практикийн хамгийн муухай хүчирхийлэгч” гэж хэлж байсан[3] ч дахин сонгогдсоныхоо дараа ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.


Энэтхэг ч мөн өнгөрсөн онд Америктай хийсэн худалдаанаас 45,7 тэрбум долларын ашиг олжээ.[4] Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр буюу өнгөрсөн оны 9 сард Энэтхэг-АНУ-ын худалдааны талаар ярихдаа тус улсыг “хамгийн том хүчирхийлэгч” гээд ерөнхийлөгчөөр сонгогдвол хариу татвар тавихаа мэдэгдэж байсан юм.[5] Өнгөрсөн сард Трамп Модитой утсаар ярихдаа “хоёр талын худалдааг шударга байлгахын тулд” Энэтхэг улс Америкийн хамгаалалт, аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай талаар ярьсан юм.[6] АНУ Зүүн Азийн орнуудтай батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх замаар бүс нутагт Хятадыг тогтоон барих бодлогоо үргэлжлүүлж байна.


Сөргөлдөгч талуудтай харилцах бодлого


ОХУ-ын эсрэг арга хэмжээ:


2 сарын 3-нд Трамп Киевт цэргийн тусламж үзүүлэхийн тулд газрын ховор элементүүдийн нөөцөд нэвтрэх тохиролцоо хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Зеленский татгалзах зүйлгүйгээ мэдэгдээд аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Украины газар доорх агуулахыг байгалийн шингэрүүлсэн хийн агуулах байдлаар ашиглуулахад бэлэн байгаагаа ч хэлжээ. Гол нь Украины ховор элементийн нөөцийн багагүй хэсэг Оросын эзлээд буй зүүн бүсэд байгаа юм.[7] АНУ-Украин ховор элементийн салбарт хүчтэй түншлэл үүсгэвэл Украинд Америкийн батлан хамгаалахын дэмжлэг нэмэгдэн, НАТО-гийн шууд оролцоо орж ирэх бөгөөд геополитикийн стратегийн томоохон өөрчлөлтүүдийг дагуулна. Гэвч энэ үйл явц адамраатай өрнөх шинжтэй байна.  


Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн “Мюнхэний аюулгүй байдлын бага хурал”-аас харвал түншлэл үүсгэх үйл явц багагүй сорилттой тулгарч эхэллээ. АНУ ОХУ-ын хооронд ЕХ, Украины оролцоогүйгээр хэлэлцээ явагдах магадлал бүхий нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан Европын удирдагчдын бүлэг өнөөдөр буюу 17-ны өдөр яаралтай хуралдахаар болсон бол Украины ерөнхийлөгч Зеленский зөвхөн Америкийн ашиг сонирхлыг хэт тусгасан тул газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах талаарх баримт бичигт гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй юм.


Ираны эсрэг арга хэмжээ:


Трамп Ираны эсрэг эрс хатуу бодлого барих төлөвтэй байгаа бөгөөд 2 сарын 4-нд “Исламын Бүгд Найрамдах Иран Улсын засгийн газарт бүх талаар шахалт үзүүлэх, Иранд цөмийн зэвсэг эзэмших бүх замыг хаах, Ираны хортой нөлөөг эсэргүүцэх тухай” Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын санамж бичигт гарын үсэг зуржээ.[8] Санамж бичгийн анхаарал татах нэг хэсэг нь Төрийн нарийн бичгийн даргад Ираны газрын тосны экспортыг таслан зогсоохыг даалгасан байна. Учир нь Иран цөмийн хөтөлбөрөө газрын тосны экспортын орлогоос санхүүжүүлж байна гэж үздэг. Гэхдээ Ирантай дипломат яриа хэлэлцээ хийх асуудлыг нээлттэй орхисон бөгөөд “Ираныг амжилттай, аугаа гэхдээ цөмийн зэвсэггүй улс байгаасай гэж хүсдэг” гэдгээ Трамп хэлжээ.[9] 2024 оны 10 сард The Economist-н хийсэн судалгаагаар Ираны газрын тос, нефть химийн бүтээгдэхүүний борлуулалт 70 тэрбум долларт хүрсэн[10] бол 2024 оны эхний улиралд Ираны нефтийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч “бараг бүгд” Хятад руу экспортлогджээ.[11] Ийнхүү Иранд бүх талын дарамт үзүүлснээр Хэзболла, Хамас, Исламын Бүгд найрамдах улс зэрэг террорист бүлэглэлүүд болон Орос, Сирийн маневрыг хумих, Ираны газрын тосны экспортыг хаах замаар Хятадын стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний нэг сувгийг таслахаар оролдож байна.  


Ойрх Дорнод дахь бодлого


Тус бүс нутаг дахь Трампын бодлого Америкийн гадаад бодлогын үндсэн чиг шугамаас гажаагүй зөвхөн хэлбэрийн хувьд өөрчлөгдөх төлөвтэй байна. Тодруулбал, 2023 онд Израилын хийсэн дайралтыг Байден ч төдийлөн хүчтэй буруутгаагүй ба Трамп Цагаан ордонд ирсэн даруйдаа цуцалсан шийдвэрүүдийн дотор Израилын зарим арга хэмжээ байв.[12] Мөн 2 сарын 5-нд Трамп Газын зурвасаас палестинчуудыг шилжүүлэх тухай хэлсэн юм.[13] Энэ нь Газын зурвасын олон жилийн тогтворгүй байдлыг ямар нэг аргаар шийдэх гэсэн Израилын оролдлогыг Америк дэмжиж буй хэрэг ба террорист бүлгүүдийг эрс сулруулж, Сири, Ливанаас Оросын нөлөөг шахсан нь Америкийн эрх ашигт нийцэж буй. Түүнчлэн Трампын Ираны эсрэг авч буй хатуу арга хэмжээ нь бүс нутгийн Ираны эсрэг улс орнуудыг Америкийн талд нэгтгэх хүчин зүйл болно.   


АНУ Газын зурвасыг урт хугацаагаар хяналтдаа авч палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх талаар хэлсэн Трампыг үгийг Төрийн нарийн бичгийн дарга Рубио, хэвлэлийн төлөөлөгч Лийвит нар тайлбарлахдаа “Газын зурвасыг сэргээн босгох хугацаанд оршин суугчдыг түр зуур нүүлгэн шилжүүлэх бөгөөд сэргээн босгох зардлыг Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр бус орон нутгийн компаниудтай гэрээ байгуулах замаар шийдвэрлэх юм” гэжээ. Трамп өөрөө тайлбарлахдаа Газын зурваст америкийн цэрэг орохгүй бөгөөд зурвасыг Ойрх Дорнодын Ривеира болгоно гэв.[14] Энэ нь Трампын засгийн газар эдийн засгийн хөшүүргээр бүс нутгийг тогтворжуулах, нөлөөлөө бэхжүүлэх бодлого байх талтай.   


Олон улсын байгууллагатай харилцах бодлого, гэрээ, хэлэлцээрүүд


Трамп 1 сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн эхний өдрөө АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргах зарлигт гарын үсэг зурсан юм. Тэрээр уг хэлэлцээрийг эдийн засгийн үр ашиггүй, санхүүгийн ачаалал нь шударга бус гэж үзжээ. Хэлэлцээрээс гарна гэдэг нь АНУ НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх цогц конвенцын (USFCCC) хүрээнд гаргасан аливаа гэрээ, пакт, тохиролцоо болон бусад үүргийг хүлээхгүй, санхүүгийн тусламж үзүүлэхгүй гэсэн үг юм. Гэхдээ Парисын хэлэлцээр, USFCCC хоёр тодорхой ялгаатай бөгөөд Трамп USFCCC-ээс татгалзаагүй. Өөрөөр хэлбэл Америк НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх цогц конвенцын зорилтоос татгалзаагүй, өөрийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, стратеги төлөвлөгөөг (Nationally Determined Contributions – NDC) биелүүлэн цэвэр хүлэмжийн хийн ялгарлыг 2035 он гэхэд 2005 оны түвшнээс 61-66 хувиар бууруулах зорилтоосоо ухраагүй зөвхөн албан үүрэг хүлээх, санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзаж буй аж.[15] Энэ нь ЕХ-ны хувьд ч ашигтай. Тодруулбал, ЕХ-ны нэгж ДНБ-д ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дэлхийд хамгийн бага бөгөөд өнгөрсөн арван жилд бусад бүх орноос илүү бууруулж чадсан. Гэвч нүүрстөрөгчийн татвар өндөр байдгаас шалтгаалан эрчим хүчний үнэ дэлхийд хамгийн өндөр, АНУ-аас мэдэгдэхүйц их байна. Энэхүү үнийн зөрүүний дөрөвний нэг орчим хувийг ЕХ-ны нүүрстөрөгчийн татварын зардал эзэлж байна.[16]  


Түүнчлэн ДЭМБ-аас санхүүгийн ачааллыг хуваалцан, гишүүн орнууд шударгаар эдийн засгийн хувь нэмэр оруулах шаардлага тавьж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг (UNRWA)-ыг Хамасыг дэмжиж байна хэмээн шүүмжлээд тусламж үзүүлэхээ зогсоон, тэдгээрээс гарахаас мэдэгдсэн. Мөн USAID-ын хөтөлбөрүүдийг дахин үнэлэхээр зогсоон Төрийн департаментад шилжүүлж, ДХБ-аас ч гарах талаар мэдэгдсэн[xvii] зэрэг нь бодит утгаараа сөргөлдөгч талуудад илүү хүнд тусах магадлалтай.


Монгол Улсад үзүүлэх зарим нөлөө


Трампын бодлого бодит утгаараа манай улсад олон улсын тусламж хөтөлбөрүүдийг зогсоосноос үүдэх үр дагавраар нөлөөлж байна. Тодруулбал, 2027 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 12 сая долларын санхүүжилттэй “Монгол Улсын эрчим хүчний засаглал” хөтөлбөр, “BEST” хөтөлбөрийн хоёр дахь шат болох 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх төсөл”-үүд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Мөн Америкийн засгийн газраас санхүүжүүлдэг олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдээгүй байна. Хэрэв төсөл хөтөлбөрүүд зогсож, олон улсын байгууллагууд хаагдах эсвэл буурсан тохиолдолд тэдний үйл ажиллагааг үргэлжлүүлэх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг сорилттой бид нүүр тулах болно.


АНУ Азийн бүс нутагт Хятадыг тогтоон барих зорилгоор бүс нутгийн орнуудтай батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх хандлагатай байгаагаас үзвэл Монгол Улстай ч энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа тасалдуулахгүй байх магадлалтай.  


Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв