sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /VOA/. Украины асуудлаар хийх аливаа хэлэлцээнд оролцох ёстой гэдгээ Их Британи, Франц, Герман зэрэг Европын гүрнүүд мэдэгдээд, аюулгүй байдлын баталгаа бүхий шударга тохиролцоо нь бат бөх энх тайвныг тогтооно гэдгийг онцоллоо.


“Бидний нийтлэг зорилго бол Украиныг хүчтэй байр суурьтай болгоход орших ёстой. Украин, Европ хоёр хэлэлцээний нэг хэсэг байх ёстой” гэж долоон улс болон Европын комиссын мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн "Украинд аюулгүй байдлын баталгаа олгох, мөн шударга бөгөөд бат бөх энх тайван тогтоох нь Атлантын далай дамнасан аюулгүй байдлын урьдчилсан нөхцөл мөн” хэмээн дурдаад Европын гүрнүүд Америкийн холбоотнуудтайгаа цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж онцолсон байна. Франц, Их Британи, Герман, Польш, Испани улсуудын Гадаад хэргийн сайд нар, мөн Европын Комиссын дарга лхагва гарагт Парис хотноо Украины Гадаад хэргийн сайдтай уулзжээ. 


Хэдэн долоо хоногийн өмнө товлосон уг уулзалтаар Европын Холбооны батлан хамгаалах стратегийг тодорхойлох, Украиныг хэрхэн бэхжүүлэх, цаашдын энхийн хэлэлцээг төлөвлөх, энэ амралтын өдрүүдэд Мюнхенд болох аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ-ын засаг захиргаатай хэлэлцээ хийхэд баримтлах байр суурийг хэлэлцэх зорилготой байв.


Гэвч АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Украин, Оросын хооронд гурван жил орчим үргэлжилж буй дайнд АНУ ямар байр суурь баримталж байгаа талаар Д.Трампын засаг захиргааны нэрийн өмнөөс хатуу ширүүн мэдэгдэл хийсэн нь бага хурлаар хэлэлцэх асуудлуудыг эргэлзээтэй болгожээ. Тэрбээр мэдэгдэхдээ, 2014 оноос өмнө тогтоосон Украины хилийг сэргээх боломжгүй бөгөөд Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлснээр энхийн шийдэлд хүрнэ гэж АНУ үзэхгүй байна гэжээ. Хегсетийн мэдэгдлийн дараа Д.Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан бөгөөд талууд хэлэлцээг нэн даруй эхлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн юм. Д.Трамп, В.Путин нар утсаар ярих гэж байгаа тухайгаа Европын улсуудад мэдэгдээгүй гэж Гадаад хэргийн сайд нар мэдэгджээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг