sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /TASS/. Япон, Австрали, АНУ, Энэтхэг буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-нд (Quad) оролцогч орнуудын дээд түвшний уулзалтыг Энэтхэг улс зохион байгуулж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлын төлөө хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ. 


“Энэтхэг, АНУ-ын түншлэл нь ардчилал, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлдэг. Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хадгалахын төлөө хамтран ажиллах болно.


“QUAD” үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж Н.Моди АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Энэ удаад Энэтхэг улс дөрвөн улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр бид түнш орнуудтай хамтын ажиллагаагаа шинэ чиглэлээр өргөжүүлэх болно" гэжээ. Түүнчлэн Энэтхэг-Ойрх Дорнод-Европын эдийн засгийн коридорыг (India - Middle East - Europe Economic Corridor, IMEC) хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Н.Моди онцолсон байна. 


“Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-г 2007 онд Ази-Номхон далай, Энэтхэгийн далайн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм хэлбэрээр бий болгожээ. 2024 оны дээд түвшний уулзалтыг АНУ-д зохион байгуулсан юм.


IMEC-ийн тухайд, Энэтхэг, АНУ, Саудын Араб, Европын Холбоо 2023 оны есдүгээр сард Шинэ Делид болсон "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү тээвэр, эдийн засгийн коридорыг бий болгохоор тохиролцжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг