sonin.mn

ТАШКЕНТ, 2025 оны хоёрдугаар сарын 7 /DW/. Ерөнхийлөгч асан Ислам Каримовын том охин Гульнарагаас хураан авсан 182 сая долларыг Узбекистан улсад буцаан шилжүүлэх асуудлаар Швейцар ба Узбекистан улсууд тохиролцоонд хүрчээ. Энэ тухай баримт бичигт Узбекистаны Хуульзүйн сайд Акбар Тошкулов, Узбекистанд суугаа Швейцарын элчин сайд Константин Оболенский нар гарын үсэг зурсан байна.




Хуульзүйн яамны мэдээлэлд “Узбекистаны хэсэг иргэдийн хууль бусаар олж авсан мөнгө хөрөнгийг 2012 онд Гульнара Каримоватай холбоотой эрүүгийн хэргийг шалгах явцад Швейцарын Ерөнхий прокурорын газар хураан авсан” гэдгийг дурджээ.




Одоо дээрх 182 сая долларыг Uzbekistan Vision 2030 гэдэг санд шилжүүлэх бөгөөд тус улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийгмийн шинжтэй төслүүдэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Өмнө нь 2020 онд Швейцарын тал Гульнара Каримовагаас хураан авсан 131 сая долларыг Узбекистанд шилжүүлжээ. Швейцарын талын царцаагаад буй Гульнарагийн мөнгөний хэмжээ 850 сая евро байгаа бол газета.uz цахим хуудсанд бичсэнээр, Гульнарагийн толгойлсон гэмт бүлэглэлийнхэн 1,4 тэрбум долларыг хилийн чанадад гаргасан байна.

Талийгаач ерөнхийлөгч Каримовын охин Гульнара улсын мөнгө хөрөнгийг шамшигдуулсан, бусдыг айлган сүрдүүлж мөнгө луйвардсан, татвараас зайлсхийсэн хэргээр Узбекистаны шоронд хоригдож байгаа юм. 


Б.Адъяахүү