sonin.mn

БЕРЛИН, 2025 оны хоёрдугаар сарын 4 /DW/. Даваа гарагт Берлин хотод болсон Христийн Ардчилсан холбоо намын их хурлын төлөөлөгчид намын дарга Фридрих Мерцийн дэвшүүлсэн “Хойшлуулшгүй үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталлаа.

Бундестагийн ээлжит бус сонгуульд оролцох тус намын мөрийн хөтөлбөр болох уг баримт бичгийн 15 заалтын нэг нь Германы иргэншлийг түргэвчилсэн байдлаар олгож буйг зогсоох асуудлыг хөнджээ.  

Мөрийн хөтөлбөрийн эхний есөн заалт нь эдийн засгийн ба удирдлагын шинэчлэлтэй холбоотой бөгөөд цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах, албан тушаалтнуудын орон тоог цомхотгож, хүнд суртлыг багасгах, илүү цаг ажилласны цалин хөлсийг татвараас чөлөөлөх, ажил эрхэлж буй тэтгэврийн насныхан ба фермерүүдийг дэмжих, нийтийн хоолны салбарт НӨАТ-ыг бууруулах, нефть, хийгээр ажилладаг халаалтын системээс аажмаар татгалзах тухай хуулийг цуцлах зэрэг асуудлыг хамарч байгаа юм.




Бусад зургаан заалт нь аюулгүй байдлын асуудлуудыг хөндсөн байна. Эдгээр нь интернэтийн сүлжээний аюулгүй байдал, цахим гав хэрэглэхийг өргөжүүлэх, хууль бус цагаачлалтай хийх тэмцлийг эрчимжүүлэх, орогнох эрх авсан иргэдийг гэр бүлтэй нь нэгтгэх хөтөлбөрийг цуцлах, түргэвчилсэн байдлаар Германы иргэншил олгох тухай хуулийг хүчингүй болгох зэрэг асуудал юм.




Dpa агентлагийн мэдээлснийг үзвэл, “Хойшлуулшгүй үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хуралд оролцогчид удтал алга ташин хүлээн авч, баталсан байна.




ХАХ ба Христийн нийгмийн холбоо /ХНХ/ намуудын эвслээс холбооны канцлерт нэр дэвшсэн Ф.Мерц “Хууль бус цагаачлалтай хийх тэмцлийг чангатгах” тухай тогтоолын төслийг Бундестагт өргөн барьснаар олон нийтэд ихээхэн шүүмжлүүлсэн юм. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Герман даяар жагсаалууд болж, ХАХ/ХНХ эвсэл ба “Германы төлөөх өөр сонголт” нам хамтран ажиллахыг эсэргүүцсэн билээ.  

ХАХ/ХНХ эвсэл удахгүй болох Бундестагийн ээлжит сонгуульд ялах магадлал өндөр байгаа бөгөөд сонгогчдын 30 орчим хувь нь тус эвслийг дэмжих төлөвтэй байна. Гэхдээ эвсэл яллаа ч гэсэн “Германы төлөөх өөр сонголт” намтай хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн тул дангаараа засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болж, өөр намтай түншлэхээс аргагүйд хүрнэ. 


Б.Адъяахүү