sonin.mn

Дэлхийн түүхэнд онцгой нөлөө үзүүлж, томоохон үүрэг гүйцэтгэсэн улс, үндэстнүүд тун цөөн билээ. Тэр үндэстнүүдийн нэг нь Монголчууд бид. Чингис хааны үүсгэн байгуулсан, түүний үр удмынхны үе уламжлан захирсан Их Монголын эзэнт гүрэн 13-14 зуунд дэлхийн түүхийг бичиж, хүн төрөлхтөнд үндсэн хууль, гадаад харилцаа, халдашгүй эрх, цэрэг дайны урлаг, шашин хоорондын ойлголцол, шуудан, харилцаа холбоо, нийгмийн халамжийн тогтолцоо бий болгох зэрэг олон гайхамшигтай өв үлдээсэн. Өнөөгийн глобалчлалын эх үндсийг Монголчууд тавьсан гэж үздэг судлаачид ч нэлээд бий.


Дэлхийн 13 дугаар зуун бол тэр чигтээ Монголын зуун байсан гэж үзэж болно. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотоос дэлхийн түүхэнд нөлөөлөх бодлого, шийдвэрүүд гарч, хэрэгжиж байжээ. Тухайн үеийн дэлхийн улс гүрнүүдийн анхааралд Монголын эзэнт гүрний Их хаан өргөмжлөх ёслол нь өнөөгийн АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөхтэй адил хэмжээнд байжээ гэж дүгнэж болох. Монголын хаан хэн болох, цааш ямар бодлого баримтлах нь тэр улсуудын хувь заяанд шууд нөлөөлж байсан болоод тэр шүү дээ. Тухайлбал, Гүюг хааныг 1246 онд Их хаанд өргөмжлөх ёслолд гадаадын олон улс орны элч төлөөлөгч 3 мянга гаруй хүн оролцож байжээ. 


Монголчууд бид гайхамшигтай түүхтэй. Гэвч бидний эх түүхийг өмчлөх, булаацалдах, өөртөө хамаатуулахыг хичээж байгаа зарим улс орны бодлого, түүхчдийн санаархал идэвхжиж байгаа нь харамсалтай. Үүнд бодитой няцаалт өгөх шаардлага үүсээд олон жил болжээ. Нөгөө талаар эх түүхээ үл ойшоох, улс үндэстнээрээ бахархах эх оронч үзлийг үеэ өнгөрөөсөн, улирсан баларсан, хоцрогдсон, хуучирсан гэж үзэх хандлага өсвөр залуу үеийнхэнд байж болохгүй. 


Иймд 13 дугаар зууны бахархалт түүхийг өнөөгийн Монголчууддаа, Монголынхоо өсвөр залуу үед бодитой сурталчлан таниулах, зааж сургах, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх нь нэн чухал. 



Энэ тал дээр дэвшүүлэх санал байна.


13 дугаар зууныг буюу “Монголын зуун”-ы түүхийг бүрэн төлөөлөх, төлөөлж чадахуйц Монгол хүний тэгш ойг жил бүр уламжлан тэмдэглэх тухай юм.Тодруулж хэлбэл, 13 дугаар зууны Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхэн аль нэг их хүний ойг жил бүр тэмдэглэнэ гэсэн үг. Ой тэмдэглэнэ гэдэг ууж идэх, унтаж амрахын нэр биш ээ. Ой тэмдэглэнэ гэдэг түүхийн ой санамжаа сэргээх, түүхээ судлах, түүхээсээ суралцах, хойч үедээ өвлүүлэн үлдээх утга учиртай юм. 


Монголын эзэнт гүрний 13 дугаар зууны үеийн түүхийг бүрэн төлөөлөх, төрсөн он нь 0,1,2,3,4,5,6,7,8,9 тоо дугаараар төгссөн дараах нэр алдартай хүмүүсийн тэгш ойг уламжлан тэмдэглэх, энэ асуудалд цогцоор хандах нь зүйтэй. 


1 ------ 1161 онд Бөртэ хатан 


2 ------ 1162 онд Чингис хаан


3 ------ 1183 онд Цагадай хан


4 ------ 1164 онд Хавт Хасар


5 ------ 1215 онд Хубилай хаан


      1175 онд Сүбэдэй жанжин


6 ------ 1186 онд Өгөдэй хаан


      1206 онд Гүюг хаан


7 ------- 1217 онд Хүлэгү хаан 


8 -------- 1208 онд Бат хан 


9 ------- 1209 онд Мөнх хаан


0 ------- 1180 онд Зүчи хан


      1190 онд Тулуй хан


      1180 онд Шихихутуг


Дээрх түүхэн хүмүүсийн тэгш ойг жил давхардуулахгүй тэмдэглэхтэй хамт дор дурдсан 3 их үйл явдлын хүрээнд мөн авч үзэж болно. 


1206 онд Их Монгол Улс 


1220 онд Хархорум хот


1240 онд Монголын нууц товчоо


Эдгээр ойг тэмдэглэснээр 13 дугаар зууны үеийн Монголын эх түүхийн санамжийг жил алдахгүй, түүхэн хүмүүсийн болон үйл явдлын ойгоор дамжуулан 10 жилийн зайтайгаар эргэж холбоно. 


Жишээлбэл,


2025 онд Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ой, Сүбэдэй жанжны мэндэлсний 850 жилийн ойг тус тус тэмдэглэх. 


Хубилай хаан:


Чингис хааны ач хүү, Тулуйн хүү, Хятадыг бүрэн эзэлж, Ази тивийг төвхнүүлсэн Монголын эзэнт гүрний хаан. Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас урагш нүүлгэсэн, Хятадад төвлөсөн, Хятадыг хүчирхэгжүүлсэн, өнөөгийн Хятад улсын үндсийг тавьсан гэж Хубилайд талгүй ханддаг Монголчууд олон. Гэхдээ Хубилай хаан, түүний үлдээсэн түүхийн асар их өвийг цааш түлхвэл Монголын түүхийн маш том бүрэлдэхүүн хэсэг гээгдэн бүдгэрэх болно. Иймд түүний мэндэлсний ойг амжилт, бахархал, алдаа, сургамжтай нь хамт тэмдэглэх нь зүйтэй. Манай улсын ШУА-ийн дээд шагнал нь “Хубилай хаан” одон байдаг. 


Сүбэдэй жанжин:


Чингис хааны 4 хошууч баатрын нэг Сүбэдэй бол Монголын эзэнт гүрний хамгийн агуу жанжин байсан бөгөөд тэрээр 32 улс үндэстнийг байлдан дагуулахдаа 65 удаагийн дайнд ялалт байгуулжээ. Сүбэдэй жанжны ялалт, дайны стратеги, тулалдааны арга тактикийн талаар өдгөө улс орнуудын цэргийн сургууль, академи, хүрээлэнд тусгайлан судалдаг байна. Сүбэдэй жанжин Их Монголын эзэнт гүрний 4 их хаанд хүчин зүтгэж, түүний үр хойчийн үед ч Монгол цэргийн манлайд явж байжээ. Тухайлбал, түүний хүү Урианхадай жанжин Түвд, Дали, Камбожийг эзэлж, Вьетнамыг буулгаж авсан бол, түүний ач хүү Ачу жанжин Монголын эзэнт гүрний усан флотыг байгуулж, зүүн өмнөд Азийн арлуудыг байлдан эзэлж, Индонезийн эзэнт гүрнийг хараат болгож байжээ. Сүбэдэй жанжны ойг Монгол Улс манлайлж дэлхийн хэмжээнд тэмдэглэх хэрэгтэй. Монгол Улсад Сүбэдэй жанжны нэрэмжит цэргийн сургууль, академи, хүрээлэн, өөр бусад байгууллага бий билүү? Үгүйдээ цэргийн түүхийн тэнхим ч юм уу. Цэргийн түүх судлалаар гадаадын мэргэжилтнүүд манайд ирж суралцдаг боловсролын хөтөлбөр байж болох уу. 


2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойтой хамтатган Өгөдэй хааны 840 жилийн ой, Гүюг хааны 820 жилийн ойг тэмдэглэх.


Өгөдэй хаан:


Чингис хааны гутгаар хүү, Монголын эзэнт гүрний хаан, эзэнт гүрний нутаг дэвсгэрт Хархорумаас Зүүн Европ хүртэл, урагш Хятадын нутгийг өнгөртөл өртөө холбоог бэхжүүлж хөгжүүлсэн, нийгмийн халамжийн тогтолцоог бодитой байгуулсан. Өгөдэй хаан бол дэлхийн түүхэнд өөрийнхөө үйл хэрэгт үнэлгээ дүгнэлт өгсөн хамгийн анхны хаан юм. Тэрээр өөрийн хаанчлалын үеийн 4 сайн, 4 муу үйлийг тод томруунаар дурдсан байдаг нь өдгөө ч улс орнуудын төрийн тэргүүн санаа авч, хэрэгжүүлж болохуйц өв юм. Тухайлбал, манай төрийн тэргүүнүүд Өгөдэй хаанаас уламжлан өөрийн үлдээсэн 4 сайн үйл, 4 муу үйлийг дурддаг байж болно доо. Энэ жишгийг одооноос эхлүүлэх, өмнөх Ерөнхийлөгч нарынхыг нэхэж судлан тодорхойлох нь зүйтэй. 


Гүюг хаан:


Чингис хааны ач хүү, Өгөдэй хааны ахмад хүү, Их Монголын эзэнт гүрний хаан. Тэрээр хэдий тун богино хугацаанд хаанчилсан ч, Монголын эзэнт гүрэн даяар анх удаа хүн амын тооллого хийж, улсын албан татварын хэмжээг тогтоож шинэчлэл хийжээ. Гүюг хаан эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн ёс журмыг дээдлэн хатуу баримтлагч хүн байжээ. Түүний Ромын Пап ламд илгээсэн, өдгөө Ватиканы музейд хадгалагдаж байгаа захидал нь Монголын эзэнт гүрний сүр хүч, гадаад харилцааны бэлгэдэл болж байна. Гүюг хааны "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн үсэгтэй төрийн тамганы бичээс үүнийг илтгэнэ. 


2027 онд Хүлэгү хааны 810 жилийн ойг тэмдэглэх.


Хүлэгү хаан:


Чингис хааны ач хүү, Тулуйн хүү, Мөнх, Хубилай хааны дүү, өнөөгийн Иранаар төвлөсөн, Ойрхи Дорнод, Кавказ, мөн Дундад Ази, Бага Азийнбүс нутагт нөлөөгөө тогтоосон Монгол угсааны Ил хаант улсыг үндэслэгч. Европын хаад исламын шашинтнуудаас ариун Иерусалим хотыг буцааж авах Загалмайтны аян дайндаа Ил хаант улсын хаадаас тусламж авах зорилгоор захидал харилцсан нь өдгөө Франц улсад хадгалагдаж байна. Түүхэнд Шар загалмайтны аян дайн гэж нэрлэгдсэн хэсэг байдаг нь сонирхолтой. Энэ ойг уламжлан тэмдэглэснээр Монголын түүхийн уг сурвалж, судалгааг Ойрхи Дорнод, Кавказын улсуудаар өргөжүүлж, хойч үед бодитой сурталчлан таниулах ач холбогдолтой. Түүнчлэн өнөөгийн Азербайжаныг булаацалдан Алтан Ордны Бэрх хаантай хийсэн их тулаан нь Монголчууд бидэнд эе эвээ сахихын чухлыг сануулах сургамж юм. 


2028 онд Бат хааны мэндэлсний 820 жилийн ойг тэмдэглэх.


Бат хаан:


Чингис хааны ач хүү, Зүчи хааны хүү, Алтан Ордыг албан ёсоор үндэслэгч, Орос, Европыг дайлсан Монгол цэргийн ерөнхий жанжин, өнөөгийн Москвад төвтэй Орос улсыг бий болгох, Үнэн алдартны шашныг Орост, зүүн Европт бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан, Орос үндэстний баатар Невийн Александрын анд барилцсан ах. Энэ ойг уламжлан тэмдэглэснээр Монголын Алтан Ордны улсын түүхийн судалгааг өргөжүүлэх, дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой. Түүнчлэн Их Монголын эзэнт гүрний хаан ширээг Өгөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд Батын үзүүлсэн нөлөө хожмын монголчууд бидэнд сургамжтай зүйл. 


2029 онд Мөнх хааны мэндэлсний 820 жилийн ойг тэмдэглэх. 


Мөнх хаан:


Чингис хааны ач хүү, Тулуй хааны ууган хүү, цэргийн жанжин, Их Монголын эзэнт гүрний хаан, дүү нартаа цэрэг захируулж Ойрхи Дорнодын хагас, Өмнөд Хятадыг эзэлж, Монголын эзэнт гүрний хил хязгаарыг өргөтгөсөн, эзэнт гүрний хэмжээнд бүх нөөц баялгийн хэмжээг тооцож гаргасан, нөөц баялагт суурилсан татварын бодлого-Мөнх хааны шинэчлэл. Дэлхийн түүхэнд алдартай, хамгийн анхны шашин хоорондын мэтгэлцээнийг Хархорумд зохион байгуулагч. Мөнх хааны гэрэлт хөшөө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас олджээ. Тэрээр Өгөдэй хааны удамд хатуу ширүүн хандсан, өөрөө цэрэг удирдаж яваад өвчнөөр өөд болсон, залгамжлагчаа бүрэн тодруулж чадаагүй, амжаагүй зэрэг нь сургамжтай. Хувь хүний хувьд тэрээр математикт туйлын сонирхолтой, төрийн эрх барих хүн ч байнга суралцаж, мэдлэгт шамдахын чухлыг харуулж чадах жишээ болох юм. 


2030 онд Зүчи хааны мэндэлсний 850 жилийн ой, Тулуй хааны мэндэлсний 840 жилийн ой, Шигихутугийн мэндэлсний 850 жилийн ой, Хархорум хотын 810 жилийн ойг тус тус тэмдэглэх.


Зүчи хаан:


Чингис хааны ууган хүү, Алтан Орд, Цагаан Орд, Хөх Ордны хаадын эцэг, цэргийн жанжин. Дундад үеийн Казак үндэстний хаадууд Зүчийн угсааныхан гэж үздэг. Зүчи хааны ойг Монгол Улс тэмдэглэснээр Алтан ордноос гадна Цагаан Орд, Хөх Ордны улсын түүхийг шинээр судлах, өргөжүүлэх, дэлгэрүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн Зүчи бол Чингис хааны хүүхэд мөн, биш гэсэн түүхийн эргэцүүлсэн асуултад “Зүчи бол Чингис хааны хүү мөн” гэсэн зохих хариултыг язгуурын Монгол нутаг, Монгол Улсын түүхчид хариулах нөхцөл, боломжийг өгнө. Чингис хааны ууган, отгон хүүгийн мэндэлсний ойг нэг жилд хамтатган тэмдэглэх нь учир, бэлгэдэлтэй байж болох юм. 


Тулуй хаан:


Чингис хаан отгон хүү, Мөнх, Хубилай, Хүлэгү хааны эцэг. Чингис хаан тэнгэрт одож, түүний дараа Өгөдэй хаан ширээнд өргөмжлөгдөх 2 жилийн хугацаанд Тулуй Их Монголын эзэнт гүрнийг захирч байжээ. Их хааны отгон хүү Тулуйн нэр сүр хүч Өгөдэйгээс өндөр байсан тул зарим томоохон ноёд, сайд нар Тулуйг хаан өргөмжлөх санаархал ч байжээ. Гэвч Тулуй эцэг Чингис хааны зарлигийг барьж, Өгөдэй ахыгаа хаан өргөмжилж, Их хаан ахдаа үнэнч зүтгэж, хожим Их хааны эрүүл мэндийн золио төлөөсөнд амиа өгсөн домогтой. Тулуй хааны ойг тэмдэглэхэд ухаан сэцэн Сорхугтани хатны түүхийг хэлэлцэж таарна. 


Шихихутуг сайд:


Их Монгол Улсын төрийн дээд заргач, Их Засаг хуулийг сахиулагч, Өүлэн ээжийн өргөж хүмүүжүүлсэн 4 хүүхдийн нэг, Чингис хааны 9 өрлөгийн нэг, гавьяатан сайд. Шихихутуг Монголын нууц товчоог бичсэн гэж үздэг судлаачид нэлээд бий. Хүүхэд өргөж авах ёс, өргөж авсан хүүхэд эцэг эхийн ачийг зүтгэж хариулах Монгол заншлыг тодотгох. Их Засаг хууль нь дэлхийн түүхэнд хамгийн анхны Үндсэн хууль юм гэж үздэг судлаачид бий. Шихихутугийн ойг тэмдэглэх нь Их Засаг хуулийг Монголчууддаа төдийгүй дэлхийд сурталчлах нөхцөл боломжийг олгоно. 


2031 онд Бөртэ хатны мэндэлсний 870 жилийн ойг тэмдэглэх.


Бөртэ хатан:


Их Монголын эзэнт гүрний Их хатан, Чингис хааны 4 хүү, 5 охин, мөн өргөж хүмүүжүүлсэн 4 хүүгийн эх, Монгол хатан ухааны төгөлдөр жишээ, Монгол эмэгтэйчүүд дэлхийн аль ч улс орны эмэгтэйчүүдээс илүү эрхтэй, бас үүрэгтэй байсны нотолгоо. Ертөнцийн түүхэнд эмэгтэй хүний төлөө дайн эхлүүлж байсан хоёрхон тохиолдол байдаг гэдэг нь Грекчүүд сайхан Еленагийн төлөө Тройчуудтай, харин Чингис хаан Мэргэдэд булаагдсан Бөртэг буцааж авахын төлөө хийсэн аян дайн юм. Бөртэ хатан Чингис хааны хамгийн итгэлтэй зөвлөх, Их хааныг аян дайнаар явахад ард үлдэх төр улсаа удирдаж байв. Бөртэ хатны ойгтэмдэглэх нь өнөөгийн Монголчуудад гэр бүлийг төлөвшүүлэх, эхнэр нөхрийн үүрэг, харилцааг бататгах, ухаантай, хүлээцтэй хандах, мөн төрд зүтгэх эмэгтэйчүүдэд хатан ухааныг сануулж сургамжлах ач холбогдолтой. 


2032 онд Чингис хааны мэндэлсний 870 жилийн ойг тэмдэглэх.


Чингис хаан:


Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, Монгол үндэстний эцэг. Асар их зүйл бичиж таарна. 



2033 онд Цагадай хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх.


Цагадай хан:


Чингис хааны хоёрдугаар хүү, Их Засаг хуулийн эш баригч, хууль ёсыг чанд сахиулагч, Дундад Азиар төвлөсөн Цагадайн улсын үндэслэгч, Цагадай хэл, Доголон Төмөр хаан болон Энэтхэгийг нэгтгэсэн Их Моголын Бабур, түүний удмынхантай түүхийн шижим садан төрлөөр холбогдсон. Архинд дуртай дүү Өгөдэй хааныг сургамжлан засах гэж оролдох ах хүний түүх өнөөгийн Монголчууд бидэнд ойр бас сургамжтай байж болох юм. 


Цагадай ханы мэндэлсний ойг 10 жил тутамд тэмдэглэх нь Монголын түүхийн судалгааг улам дэлгэрүүлэх, өргөжүүлэх, ялангуяа Дундад Азийн орнуудад бүдгэрч байгаа Цагадай хэлний сурвалжуудыг тодруулах, хөгжүүлэх ач холбогдолтой. 



2034 онд Хасарын мэндэлсний 870 жилийн ойг тэмдэглэх.


Хасар:


Чингис хааны төрсөн дүү, цэргийн жанжин, мэргэн харваач, Их Монгол Улсыг байгуулахад Хасарын оруулсан гавьяа зүтгэл үлэмж. Хасарын удмынхан Монголын төрд хэдэн үеэрээ үнэнч зүтгэж байжээ. Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд /600 м/ газар мэргэн харваж, түүнд зориулсан гэрэлт хөшөө нь өдгөө Оросын Эрмитажийн музейд “Чингисийн чулуу” нэртэй хадгалагдаж байна. Хожим Хасарын удмынхан Манжтай хамгийн анх ураг барилдаж, Монголчууд тэдний захиргаанд ороход тодорхой үүрэг гүйцэтгэжээ. Түүхийн энэ сургамжийг ч мартаж болохгүйг энэ ойгоор сануулж явах. 



2035 онд Хубилай хааны 820, Сүбэдэй жанжны 860 жилийн ойг тэмдэглэх. 10 жилийн зайтай эргэж холбоно.


13 дугаар зууны Монголын түүхэн хүмүүсийн тэгш ойг уламжлан тэмдэглэснээр дараах үндсэн ач холбогдолтой. Үүнд:


Монголын түүхийг өмчлөх, булаацалдах, өөртөө хамаатуулахыг хичээж байгаа бусад улс орнуудын бодлого, санаархалд бодитой хариулт өгнө. 

Монголын түүхийн судалгаа, эх сурвалжийг бодлогоор тэлж өргөжүүлнэ. Түүхээ дэлгэрүүлж олон талаас нь судална гэсэн үг. Өнөөгийн Монголчууддаа, дэлхий нийтэд 13 дугаар зуун - Монголын зуун байсныг эдгээр түүхэн хүмүүсээр дамжуулан жил бүр сануулж, бодитой сурталчилна. 

Монгол Улсад түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл, боломж, бололцоо, барьц, гарц өгнө. 

Монголчууд бидэнд өвөг дээдэс минь бахархалт түүх үлдээснийг, ирээдүйгээ сайн сайхан авч явах нь зөвхөн биднээс өөрсдөөс хамаарах юм гэдгийг урт хугацаанд ойлгуулна.



Б.Батбаатар