sonin.mn

МАДРИД, 2025 оны нэгдүгээр сарын 23 /CNN/. Нисэх буудлын аюулгүй байдлыг хангах дараалал уртсаж, зочид буудлын захиалгыг урьдынхаасаа илүү эрт өгөх шаардлагатай болсон мэт санагдаж байна уу? Тэгвэл энэ нь үнэн болохыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас танилцуулсан 2024 оны тайлан харуулж, аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөнөөс сэргэснийг баталлаа.


Тодруулбал, өнгөрсөн онд 1.4 тэрбум орчим хүн гадаад улсуудад аялсан нь Ковид-19 цар тахал дэлхий даяар тархахаас өмнөх жил буюу 2019 онд аялсан хүмүүсийн 99 хувьтай тэнцжээ. Түүнчлэн аялал жуулчлалын орлого 1.9 их наяд долларт хүрсэн нь нэг жуулчин дунджаар 1000 гаруй доллар зарцуулсан гэсэн үг юм.


Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, Европ тив 2024 онд хамгийн олон буюу 747 сая жуулчин хүлээн авсан байна. Украинд үргэлжилж буй дайны улмаас жуулчид тус бүс нутгийн зарим хэсэг руу аялахаас зайлсхийж буй үед дээрх үзүүлэлт онцгой өндөр болохыг тайланд дурджээ. 


Франц улс 2024 онд 100 сая жуулчин хүлээн авч жагсаалтыг тэргүүлсэн бол 98 сая жуулчин хүлээн авсан Испани улс удаалсан байна.


“2024 он Францын аялал жуулчлалын салбарын хувьд онцгой жил байсан нь 2025 онд илүү их найдлага төрүүлж байна!” гэж тус улсын аялал жуулчлалын маркетингийн “Atout France” агентлаг мэдэгдсэн байна. 2024 оны Зуны Олимп, Парисын алдарт Эх дагинын сүмийг нээх ёслол, Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой зэрэг нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд жуулчдыг Франц руу татсан гурван чухал үйл явдал байжээ. Мөн өнгөрсөн онд Ази, Номхон далайн орнуудаар 316 сая хүн, Америк тивээр 213 сая хүн, Ойрх Дорнодоор 95 сая хүн, Африкаар 74 сая хүн аялсан байна.

 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг