2023 онд Монголын соёлын үнэт дурсгал болох Буган чулуун хөшөөг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэж авсан байдаг. Тэгвэл энэ хүндтэй ажлыг гардан гүйцэтгэж, буган чулууны дурсгалаар дэлхийд үнэлэгдэх гурван том боть ном гаргасан доктор профессор Ц.Төрбат гэж даруухан яриатай боловч салбартаа том эрдэмтэн бий. ШУА-ийн Археологийн хүрээлэнд олон жил ажиллаж, МУБИС-д цөөнгүй жил багшилсан тэрээр одоо МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал ба Антропологи, археологийн тэнхимийн дэд профессороор ажиллаж байна. Францын “Эрдмийн дал мод” эрдмийн дээд одонг өнгөрсөн жил хүртсэн түүнтэй археологийн салбарын өнөөгийн хөгжил, нүүдэлчдийн археологийн онцлогийн талаар ярилцлаа.
-МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим хүрээлэн болон өргөжиж судалгааны чиглэлээр ажиллах болсон юм байна. Энэ мэдээг манайхны улсын их сургуулиасаа хүсээд, гадаадын том их сургуулиудтай жишээд байдаг судалгааны төвтэй, лабораторитой болсон гэж ойлгож хүлээж авч болох уу?
-МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхим 2025 онд 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ хооронд 28 төгсөлт хийж, археологийн мэргэжлийн олон зуун боловсон хүчин бэлдсэн, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, музей, соёлын өвийн байгууллагууд, бүх шатны сургалтын байгууллагуудад багш бэлтгэжээ.
Мөн сүүлийн жилүүдэд Хүн ам зүйн хөтөлбөр нэмэгдсэнээр тэнхим маань өргөжиж антропологи, археологи, хүн ам зүй, жендер судлалын гэсэн дөрвөн чиглэлийн хөтөлбөртэй, 20 гаруй багштай, 100 хувь эрдэмжсэн том тэнхим болсон байна.
2020 оноос хойш сүүлийн таван жилд археологийн хөтөлбөрийнхөө чанарыг сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд МУИС-иас олон бодлогын алхам хийсэн. Жишээлбэл, хэд хэдэн багшийг урилгаар ажиллуулж байна. Ч.Амартүвшин багш бид хоёр ШУА-иас, Иейлийн их сургууль төгссөн Б.Жаргалан багшийг урилгаар авч ажиллуулж байна. Мөн саяхан Германд судалгаа хийгээд буцаж ирсэн Ж.Гантулга багшийг урьж авчирсан. Их сургуулийн тэнхим маань сургалтын нэгж болохын хувьд судалгааны талд хүч нэмж нэгж байгуулах шаардлагатай байсан. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд бие даасан нэгж байж илүү хөгждөг. Олон улсын түвшинд гадаад дотоодтой харилцах, одоо хэрэгжиж байгаа археологийн судалгааны эрх зүйн орчинд зохицож ажиллах гээд үндсэндээ дан тэнхим биш судалгааны нэгж байх шаардлагатай учраас өнгөрсөн онд Нүүдэлчдийн археологийн хүрээлэн байгуулагдсан. Одоо эрдэм шинжилгээний дөрвөн ажилтан болон багш нартайгаа нийлээд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
-Нэрнээс нь үзэхэд Нүүдлийн соёл иргэншилд чиглэсэн судалгааг голлож хийдэг гэж ойлгож болох уу?
-ШУА-д Археологийн хүрээлэн байгаа. Тиймээс нэр давхцаж болохгүй учир энэ нэрийг сонгосон. Нөгөө талаас бидний судалгааны үндсэн чиглэл чулуун зэвсгээс хойших үе буюу нүүдэлчдийн түүхэнд хамаардаг. Ер нь сүүлийн 5000 жилийн түүх маань, Монголын уламжлалт соёлын цөм нь тэр чигээрээ нүүдлийн соёл иргэншил.
Дэлхий даяар нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах, цоо шинээр авч үзэх, одоо орчин үед яригдаад байгаа байгаль орчинд хамгийн ээлтэй минимал хэв маяг амьдрахуй нь өөрөө нүүдэлчдийн соёл иргэншил юм байна гэдгийг ойлгодог болчихлоо.
Бүр цаашлаад үүнээс яаж суралцах вэ, яаж байгаль экологид хамгийн ээлтэй байх вэ гэдгийг ч сонирхон судалдаг болсон. Нүүдлийн соёл иргэншил гэдэг ганц Монголоор хязгаарлагдахгүй. Өвөр Монголын зүүн тал Хянганы даваанаас эхлээд баруун тийш Төв Европ, Карпатын нуруу хүртэл Евразийн тал нутгийн бүс бий. Тэрний хажуугаар олон параллель бүсүүд байгаа. Энэтхэгийн төв хэсэг, Пакистанаар дамжаад Иран, Бага Ази хүрсэн бас нэг бүс бий. Энэ бол хагас нүүдлийнх гэж нэрлэгддэг. Умард Африкийн хувьд Сахарын цөлийг дамнаад нэг том бүс байх жишээтэй. Хойд туйл дагуу Арктикийн бүсэд цаатан нүүдэлчдийн бүс байгаа. Умард Америк тэр чигээрээ нүүдэлчин индиануудын бүс байсан. Ингэхээр нүүдлийн соёл иргэншил, газар нутаг нь өөрөө аварга том зүйл. Энэ утгаараа бидний хараа бас өргөн байх ёстой. Нүүдлийн соёл иргэншлийг цогцоор нь босгох, олон улстай энэ чиглэлээр илүү нээлттэй харилцах үзэл санааны хүрээнд энэ нэрийг оноосон.
-Гадаадынхантай хамтарсан судалгааны ямар ажлууд хийгдэж байна вэ?
- Манай дээр хэрэгжиж байгаа хэд хэдэн чухал төсөл байна. Европын холбооны санхүүжилттэй “Морины хүч” төсөл 2023 онд эхэлсэн, 2029 онд дуусна. Энэ судалгааны гол санаа нь нүүдлийн соёл иргэншлийн охь нь, гол цөм нь адуу юм байна. Адууг гаршуулж, гэршүүлээд жинхэнэ утгаараа нүүдлийн соёл иргэншил бий болсон юм байна гэдгийг бид гол иш баримт болгож байна. Энэ бол зөвхөн Монголын судалгаа биш. Төвлөрч байгаа нь манайд болохоос Умард Хятадыг оролцуулаад жинхэнэ өөрийнх нь соёлын голомт нутаг Сиань хот буюу эртний нийслэл Чаньань орчимд байгаа хаад язгууртдын булшнаас гарч байгаа адуунуудыг монгол адуутай харьцуулж, генетикийн түвшинд гарал үүслийг нь тогтоохоор ажиллаж байна.
-Яагаад таван хошуу малыг бус адууг онцгойлж үзсэн нь сонирхолтой санагдлаа?
-Монгол нутагт төвлөрч байсан нүүдэлчдийн арилжааны гол бараа нь адуу байсан. Үндсэндээ адуугаар цөм болгож арилжаа хийдэг байж. Тиймээс энэ талаар судлах зорилготой маш том цогц төсөл юм. Мөн адуутай холбогдуулаад төмөрлөгийн үйлдвэрлэлийн асуудлыг бас судалж байна. Нэг талаас адуу, нөгөө талаас төмөрлөг нь тухайн үеийн эдийн засгийн солилцооны гол хэрэглүүр байсан гэж үздэг. Ер нь ямар ч нийгмийн цаана эдийн засгийн суурь байгаа. Эдийн засаггүй ямар ч үед оршин тогтнох боломжгүй. Тиймээс ч түүх, археологийн судалгааг эдийн засгийн талаас нь харах шинэ хандлагыг сүүлийн үед ярьж байна. Манай түүхчдийн хувьд харьцангуй шинэлэг байгаа ч олон улсын түвшинд сайн судлагдчихсан. Мөн манайх Америк, Израйльтай хамтраад “Чингисийн хэрэмүүд” гэж төсөл дээр ажиллаж байна. Манай улс руу Орос, Хятадыг дамнаж орж ирсэн дөрвөн том шороон хэрмийн систем байдаг. Эдгээр нь маш том үнэ цэнэтэй өргөн хүрээний судалгаа болдог. Хэрэм гэдэг хэдэн зуун км үргэлжилсэн, хамрах хүрээ, зарцуулсан хөдөлмөрөөр нь үзвэл тухайн үеийнхээ мега төслүүд гэсэн үг. Эдгээрийг судалж гаргаснаар манай улсын нутаг дэвсгэр хэзээнээсээ газар зүйн болон соёлын, улс төрийн талаасаа бие даасан орон байсныг нотлох боломжтой. Хэрмээр газар нутгаа тамгалаад байгаа нь эргээд түүхийн чухал эх сурвалж болдог. Цагаан хэрэм юуг нотолдог гэхээр урд тал нь суурьшмал буюу хятад үндэстний, хойд тал нь нүүдэлчин монголчуудын нутаг гэдгийг түүхэнд хөдөлшгүйгээр нотолж өгдөг байх жишээтэй.
-Таны хэлсэн дөрвөн хэрэмд Цагаан хэрэм багтаж байна уу?
-Цагаан хэрэмний тухай ойлголт арай өөр. Бээжин орчимд байгаа хэд хэдэн хэсэгт жуулчид очиж үздэг дээ. Тэр бол 600 орчим жилийн өмнө, Мингийн үед байгуулагдсан хэрэм. Гэтэл хамгийн анхны Цагаан хэрэм бол энгийн шороон хэрэм байсан. Зарим газраа чулуун, гэхдээ Мингийн үеийнх шиг нүсэр биш. Зарим газраа хүн алхаад дээгүүр нь гарчих шахуу. Энэ хэрэм ямар учиртай гэхээр хамгаалалтын гэхээс илүү довтолгооны, илүү түрэмгий агуулгатай. Америкийн эрдэмтэн Никола ди Космогийн онолоор бол үе үе хятадууд газар нутгаа тэлээд хилийн заагаа босгоод явсныг нотолдог. Тэгэхээр энэ олон хэрэмний систем бий болоод хамгийн сүүлд Ши Хуандийн Чинь улсын үед хэрэмүүдийг нэгтгэснээр анхны Цагаан хэрэм бий болсон. Хамгаалалтын гэхээс илүү довтолгооны, газар нутгаа тамгалж байгаа хэрэг. Ляогийн үеийн, Зүрчидийн, Хань улсын, Тангадын хэрэм гээд олон хэрэмийн систем бий. Эдгээр нь аварга том нүсэр байгууламж боловч харагдах байдал нь харилцан адилгүй, зарим хэсэгтээ 10-20 см, зарим хэсэгтээ 1-1,5 м өндөртэй. Хэрмэн дээр өртөө орчмын зайд бэхлэлт цайзууд байгуулчихсан, тэндээ цэргүүд нь байрладаг байсан. Энэ том системийг олон талаас нь нэг арга зүйгээр судлах төслийг манай У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин профессорууд судлаад явж байгаа. Мөн Хархорины Хар балгас орчмын том судалгааг олон жилийн турш германуудтай хамтраад хийж байгаа.
-Археологийн судалгааг эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэх тал орхигдож ирсэн тухай та түрүүнд яриандаа дурдлаа. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?
-Археологи бол хүн судлал. Гэхдээ материаллаг эд зүйлээр нь хөөж судалдаг. Ингэхдээ оршуулгын байгууламж, эсвэл эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлээр нь өнгөрсөн нийгмээ судалдаг шинжлэх ухаан. Энэ утгаараа археологи нь уламжлалт байдлаараа урлаг судлалтай, соёл судлалтай, зан үйл судлалтай илүү ойр. Нөгөө талдаа ямар ч нийгэм эдийн засаггүй бол оршин тогтнох боломжгүй гэж дээр хэлсэн.
Жишээ нь Хүннүгийн эзэнт гүрнийг бид сайн мэднэ. Гэтэл энэ том эзэнт гүрэн яагаад мөхсөн юм бэ гэдэг асуулт байдаг. Бид болж өнгөрсөн үзэгдлээс нь хөөгөөд “дотооддоо хямарсан юм байна”, “иргэний дайн болсон юм байна” “тэгээд суларсан юм байна” гэж ойлгодог.
Үр дагавраар нь харахад Хүннү бол эдийн засгийн чадавхи нь суларсан болохоор мөхсөн гэж би дүгнэдэг. Хүннгийн баруун хязгаар гэж нэрлэдэг одоогийн Дундад Ази, Шинжаан хавьд Торгоны замын гол зангилаа байсан. Тэнд хамаг баялаг, бэлэн мөнгө эргэлдэж байсан болов уу. Энэ баялгаас хүннүчүүд хүртдэг, тодорхой хэсгийг нь хянадаг байсан. Хүннүчүүд Торгоны замаас татвар авч санхүүждэг, бүх ложистикийн асуудлыг хянадаг, хариуцдаг байсан. Мэдээж жин тээж яваа олон улсын жинчдэд тэмээ, адуун хөсөг хэрэгтэй, тэрийг нь хүннүчүүд нийлүүлдэг.
Тухайн үед Хүннүтэй 40 жил дайн хийсэн Хань улсын Уди гээд хаан үүнийг олж харсан. Уди хаан Хүннүгийн хоёр жигүүрийг тас цохино гэж зорьсон. Баруун жигүүрийг нь тас цохивол санхүүжилтгүй болно. Зүүн жигүүрийг нь тас цохивол газар тариалан гар урлалгүй болж дотооддоо суларна гэж үзсэн. Яг энэ бодлогоор болсон.
Тухайн үеийн нийгмийн байгууллаас харахад Торгоны замаас олж байсан бараа бүтээгдэхүүн, баялаг дотроо дахиж хуваагддаг байж. Хүннүчүүд жилд гурван удаа их хуралдай хийдэг, тэндээсээ бүх эд баялаг аймаг, овгууд рүү хуваарилагддаг байсан. Эдийн засгийн тогтвортой байдал ингэж хангагдсанаар нийгмийн тогтвортой байдал хангагддаг байсан. Гэтэл дээр хэлсэн баруун зүүн жигүүрийг нь үгүй болгосноор Хүннгийн хаанаас баялаг хуваарилна гэдэг зүйл байхгүй болчихоор дотоодын самуун эхэлсэн. Тэгэхээр эдийн засгийн хувьд тогтвортой байх нь нийгмийн байдалд нөлөөлдөг нь эндээс харагдаж байгаа юм.
-Археологич, түүхчдийг зарим хүн нэгэнт өнгөрсөн үеийг маш их зардал мөнгөөр судалдаг. Яг ямар ач холбогдолтой юм гэдэг талаас нь сөргөөр харах гээд байдаг тал бий. Тэгвэл энэ өнгөрсөн үеийн судалгаа шинжилгээг хийснээр өнөө үед ямар ололттой, ач холбогдолтой юм гэдгийг та судлаачийн хувьд товчхон хэлэхгүй юу?
-Археологичдыг алт мөнгө хайдаг, сенсаацитай зүйлийн араас хөөцөлддөг хүмүүс гэж ойлгох хандлага бий. Гэтэл археологи гэдэг өөрөө асар их баялаг бүтээдэг салбар. Түүхэнд судлагдаж амжаагүй маш их үе хүн төрөлхтний түүхэнд бий.
Манайд гэхэд баттай байгаа түүхийн сурвалжуудаас үзэхэд нийтийн тооллын VI зууны сүүл үеийн анхны том бичгийн дурсгал Хүйс толгойн бичиг манайд байгаа. Энэ бол Монголын нутагт байгаа хамгийн эртний, хамгийн том бичгийн дурсгал. Тэрнээс өмнөх түүхийг харин хөрш орнууд бичсэн.
Хүннү хүн өөрийн эх хэлээрээ бичсэн түүхийн сурвалж гэж одоогоор байхгүй. Дандаа хөрш улс нь түүхийг нь бичсэн. Өөрөөр хэлбэл хятад сурвалжаас судалж байгаа. Гэтэл энд цаана нь “субьектив” зүйл байдаг. Тэгэхээр археологиор судлахаас өөр аргагүй болдог.
Хүннүгээс өмнө гэвэл Төмрийн түрүү үе, Хүрлийн үе гээд 3000 жилийн өмнөх үе байна. Бидний өнөөгийн нүүдлийн мал аж ахуй хэв маяг соёл бүрдэж бий болсон ийм чухал үе. Энийг судлах бичгийн сурвалж байхгүй учраас археологиор судлахаас өөр аргагүй.
Эд өлгийн зүйлийн араас хөөцөлдөхөөс илүү бид музейгээ баяжуулж байна. Түүхийг өөрчлөх шинэ эх сурвалж, дүгнэлтүүдийг бий болгож байна. Жишээ нь төрт улсын түүхийг 2200 жилийн өмнө Хүннүгийн үеэс эхэлж байсан гэж үздэг байсан бол одоо 1000 жилээр урагшилж, Төмрийн түрүү үед соёл иргэншилтэй, төрт ёсны үүссэн гэсэн дүгнэлтэд нэгдсэн.
-МУИС-ийн Нүүдлийн Археологийн хүрээлэнгийн хувьд өнөөдөр хамгийн гол тулгамдаж байгаа гол асуудал юу байна?
-Археологийн судалгаа бусад нийгэм хүмүүнлэгийн салбартай зүйрлэхгүй өндөр үнээр хийгддэг. Түүхийн судалгааг нэг судлаач түүхийн сурвалж бичгүүдээ судлаад хийгээд явж болдог бол археологи түүнээс хэдэн арав дахин илүү зардалтай. Гэхдээ бид бодитой баялаг бүтээдэг. Жишээ нь музейг археологийн олдвороор л баяжуулдаг. Чингис хааны Үндэсний музей гэхэд Монголын нүүрийг тахалж байгаа асар том бүтээн байгуулалт, үүний олдворууд үзмэрүүдийн ихэнх нь археологичдын хөдөлмөрөөр бүтсэн шүү дээ. Манай хүрээлэн болон миний гар бие оролцож хийсэн судалгааны маш их үнэт олдворууд тэнд үзмэр болон хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, судалгаа нь өөрөө зардалтай ч бодит баялаг бүтээдэг. Гэхдээ тэр өндөр зардал бараг Монголоос биш, ихэнх нь гадаадаас орж ирдэг. Ярихад хүртэл ичгэвтэр л дээ. Зардал гаргахаас өөр аргагүй. Улс орон хэцүү байна гэж яриад л байдаг. Гэтэл ямар салбарт хэр их хэмжээний үргүй зардал гарч байгааг бид улсын төсвийн хэлэлцүүлгээс харж байна шүү дээ. Хэдэн тэрбум төгрөгөөр ганцхан соёлын төв барьчихаад археологийн салбартаа ганц тэрбум төгрөг ч төсөвлөдөггүй улс шүү дээ.
Яг үнэндээ нэг тэрбум төгрөг сумын соёлын төвийн зардалд ч хүрдэггүй юм билээ. Гэтэл үндэсний хэмжээнд хэлэлцдэг, шийддэг авч явдаг мэргэжилтнүүд байна гэдэг өөрөө асар том баялаг. Шинжлэх ухаанд насаараа амьдралаа зориулсан эрдэмтэн багш нараа ашиглаад ажиллуулъя гэхээр төсөв байдаггүй.
Түүхийг эдийн засаг талаас нь харъя гэдэг шиг эрдэмтэн судлаачдаа бас эдийн засгийн талаас нь хармаар байгаа юм. Манай археологийн салбарыг чирж яваа хэдэн багш нарыг бэлтгэхэд хэдэн зуун мянга, магадгүй сая долларын зардал гарсан байх. Бид маш олон жил гадаад дотоодын судалгаан дээр ажилласан, өөрсдөө ч хөрөнгө оруулалт хийсэн, гадаадын олон улс хөрөнгө оруулалт хийсэн тодорхой мөнгөөр илэрхийлэгдэх үнэ цэнээр бий болсон хүмүүс юм. Гэтэл одоо биднийг ашигламаар байна шүү дээ. Биднийг ажиллуулахын тулд зардал гаргах хэрэгтэй. Энэ талаас нь Монголын төр олж хардаггүй. Гэхдээ бид улсаас юм хараад зүгээр суусангүй. Сүүлийн 30 жилд манай археологийн салбар бүх санхүүжилтээ гаднаас босгож ирлээ. Гадаадтай хамтарч ажиллаж байгаагийн хэрээр их юм сурч байна. Гадаадаас Монголд ирж байгаа хүмүүс нь тэндээ өрсөлдөөний зарчмаар сонгогдоод, шилэгдээд өөрсдөө төслөө бичээд мөнгөө босгоод ирж байна. Тодорхой шалгуур даваад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн шинэ технологи, санаа шинэ хандлагыг тэд авчирч байгаа, бид тэрийг нь хүртэж байгаагаараа нь их азтай. Жишээ нь манай хүрээлэн гэхэд найман улсын 16-17 төсөлтэй хамтарч байна. Үүгээрээ бид шинжлэх ухааны тэргүүн шугам дээр явж чадаж байгаа. Энэ бол гадаад хамтын ажиллагааны давуу тал. Нөгөө тал нь бидний өнөөдөр шийдэж чадахгүй байгаа санхүүжилт. Хээрийн судалгаанаас гадна лабораторийн судалгаа гэж асар их зардал байдаг. Зарим төслийн зардлын гуравны хоёр нь лабораторид зарцуулагддаг. Бидний гаргаж байгаа дээжийг цаашаа лабораторид аваачиж судлахад нэг хүний зардал гэхэд сард дунджаар 5000 ам.долларын цалинтай, жил ажиллана гэхэд 50-80 мянган ам.доллар зарцуулагдана.
Археологи харьцангуй их зардалтай боловч үнэхээр түүхийг өөрчилж чаддаг, баялаг болгож чаддаг хүмүүс. Тэгэхээр археологичид бидэнд хамгийн чухал юм зардал байдаг, тэр нь тодорхой тоотой, тогтмол төсөвт суудаг бодит дэмжлэг баймаар байна.
Оюуны баялаг, төвлөрөл бий болгочихоод түүнийгээ ашиглахгүй байх нь харамсал байхгүй юу. Том зорилго тавьж өгөөд, мөнгө төгрөгийг нь олон улсын жишгээр өгвөл Монгол эрдэмтэд хийж чадна. Археологийн судалгааг бүхлээр нь харвал хайгуул, судалгаа, лаборатори гээд олон шат байгаа. Цаашаа бүр бүтэн судалгаа болгоё гэвэл сэргээн засварлалт, музейн үзмэр болгох, үр дүнгээ ном бүтээл болгож хэвлүүлж байж бүрэн цогц болдог. Бидэнд юу дутаж байна гэхээр лабораториуд байгаа боловч түүнийг ажиллуулах зардал алга. Тиймээс их зардал гаргасан ч эргээд баялаг болдог гэдгийг л ойлгомоор байна. Соёлын тусгаар тогтнол гэдэг маш чухал асуудал. Түүхээ өөрөө бичихгүй бол түүхийг чинь бичих хүн олдоно гэдэг үг ч байдаг даа.
-Саяхан цахим сүлжээгээр монгол үндэсний хувцасыг хятад гээд гадаадын орнуудад сурталчлаад явж байгаа бичлэг тарсан. Тэр бичлэгийг харахад их харамсалтай харагдаж байлаа. Ер нь өөрсдийнхөө түүх, соёлоо хэн яаж хамгаалах юм бэ?
-Соёлын кодчлол гэж бий. Өөрийн соёлын үндсэн кодуудаа өөр дээрээ өмчлөх, өөрийн болгож наахыг бодлогоор л хийхээс өөр арга байхгүй. Соёлын салбарын бүх зардал соёлын төвийн байшин болдог байдлаар явах юм уу гэдгийг төр засаг л шийднэ.
-Чингис хааны музейд таны цуглуулж өгсөн маш олон олдвор байгаа гэж байсан. Та археологи дотроо яг ямар чиглэлээр илүү мэргэшсэн юм бэ. Буган хөшөөгөөр их том бүтээл туурвисан гэж дуулсан?
-Би 1990 онд МУИС-д элссэнээс хойш тасралтгүй л энэ салбартаа хүчин зүтгэж байна. ШУА-д олон жил ажилласан, МУБИС-т 10 гаруй жил багшиллаа. МУИС-т ирээд тав дахь жилдээ ажиллаж байна.
Хүннү, Түрүү төмрийн үе, Хүрлийн үе, Түрэгийн үеийн морьт оршуулга зэргийг илүү судалсан. Сүүлийн үед хадны зургаар нэлээн том төсөл хэрэгжүүлээд саяхан дууслаа.
Мөн буган хөшөөг олон жил судалсан. Буган хөшөөгөөр гурван боть ном хамтран зүтгэгчдийнхээ хамтаар гаргасан маань нэг сэдэвт бүтээл дундаа томоохон бүтээлд тооцогдож, олон улсад үнэлэгддэг төдийгүй Монголын археологчдын холбооны 2022 оны Дээд шагналыг хүртэж байсан бүтээл юм. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд, Монголын соёлын дөрөв дэх өв болгон буган хөшөөг бүртгүүлэх ажилд судалгааны болон эрдэм шинжилгээний багийг ахалж ажилласан. 2023 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн шүү дээ. Гадаад хамтын ажиллагааны хувьд француудтай 30 орчим жил ажиллаж байна. Өнгөрсөн жил Францын эрдмийн хамгийн дээд одонг хүртсэн. Швейцарьт 2001 онд нэг жил археологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Швейцарийн эрдэмтэдтэй Хүннүгийн үеийн Бороогийн туурийг судлах төсөл хэрэгжүүлж байлаа. Германд бас 2-3 жил сууж зочин судлаачаар ажиллаж байлаа.
Б.НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл4
Хийж бүтээсэн зүйл нь нүсэр их хүн дээ. Ёстой л их үйлс бүтээж яваа, бүтээх ч болно гэж хардаг энэ судлаачийг.
Ta bidnii dund baigaad bayarlalaa, eruul baigaasai
Одоо боль наад шарил ухдаг бузар ажлаа зогсоо. Монголын газар шороонд монголчуудын өвөг дээдэс амар амгалан нам нойрсог.
Одоо боль наад шарил ухдаг бузар ажлаа зогсоо. Монголын газар шороонд монголчуудын өвөг дээдэс амар амгалан нам нойрсог.
Их гарын хөөрөг байна ! Гадаадуудтай ажиллахад хэл хэрэгтэй дэ ! бодвол төвөггүй ярьдаг биз ! Хүннүгээс өмнөх түүх л их сонирхолтой байна хичээдэг юм шүү Төрбат аа !