sonin.mn

Ил захидал


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танаа


Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн асуудлаар 2024 онд Төрийн тэргүүн танд дөрвөн удаа хандсан бол 2025 он гарсаар анх удаагаа хандаж байгаа нь энэ. 

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс (НӨХК)-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт 3 жилийн хугацаатай явагдсан. Улмаар НӨХК-ын 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (ТБОНӨТХ) болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан атал хоёрдугаарт заалтаар “нэг жилээр сунган ажиллуулах” гэж гэрээнд огт заагдаагүй зүйлийг шинээр нэмж гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байж байтал 2014 оны 1 дүгээр сард “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар” хангалтгүй гэж дүгнэн НӨХКомиссын 05 тоот тогтоолыг гаргаснаар “Уламжпалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалын асуудал шүүхийн байгууллагад шилжсэн.  


Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, НӨХКомиссын Менежментийн гэрээг хаах тухай 05 тогтоолыг хүчингүй болгож, “Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай" гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно. 2015 оны 05 18-нд УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас гаргасан анхан шатны шүүхийн 62 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 20-ны 142 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн. 

Одоогоор Нийслэлийн өмч хувьчлах комисст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудас хүргэгдэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. 



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн менежментийн багийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгөх, гүтгэж, хүний нэр хүнд, өмч хөрөнгө, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа үйлдлийг удаа дараа хийсэн. Энэ бүхнийг нь бид тухайн үед нь залруулан бодит байдал, баримт мэдээллийг олон нийтэд хүргэхийг хичээж ирлээ. 


Дээр нь нэмэгдээд Нийслэлийн харьяа хянадаг шалгадаг бүхий л байгууллагаас ирж байгаа олон янзын хяналт шалгалт, хууль журам зөрчсөн шахалт шаардлага хэрээс хэтэрч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн оронд хууль зөрчсөн тушаал шийдвэр гаргаж, түүнийгээ цагдаатай хамтран албадан гүйцэтгэх зэрэг үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар байна. Мөн энэ үйлдлээ зөвтгөхийн тулд хэвлэлүүдээр “Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ удаа дараа биелүүлээгүй байна” гэх гүжирдлэг, олон нийтийг төөрөлдүүлэх худал ташаа мэдээлэл тараах, өгөх ажлыг хийж байна. Ингэхдээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Тэмүүжин нар нь Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг өөрсдийн үзэмж эрх ашигт тааруулж элдвээр гуйвуулан тайлбарлаж, шүүхийн шийдвэрт үнийг нь заагаагүй, 2012 онд хангалтай гэж дүгнэсэн боловч 2014 онд хангалтгүй гэж гарсан, гурван шатны шүүх цааш нь менежментийн багийг хэвээр явуулах чиглэл өгсөн гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан мэдэгдэл хийж байна.  


 Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал нь хуулийн дагуу явагдсан гэдгийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоосон, тус төвийн гүйцэтгэх захирлаар Х.Гүрбазарыг томилсон нь хуулийн дагуу явагдсан билээ. Хуулийн дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох ёстой байтал Нийслэлийн өмчийн харилцааны газар, Эрүүл мэндийн газраас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үйл ажиллагааг бүхий л талаар хавчин гадуурхсан, зогсоох гэсэн оролдлогыг байнга хийж ирлээ. Өчигдөр гэхэд л Нийслэлийн төрийн сангаараа эмнэлгийн гүйлгээ хийх эрхийг хаав. Ингэснээр эмчлүүлэгчид үйлчлүүлэгчдэд хүргэх эмчилгээ үйлчилгээ саатахад хүрч байна, бас эмнэлгийн эмч ажилтнуудын цалингаа авч чадахгүйд хүргэж байна. Ингэж эмнэлгийн үйл ажиллагааг гацаах зогсоох гэсэн оролдлогуудаас гадна Элэгний эмнэлгийг Хүүхдийн эмнэлэг болгоно гэж өвдөж эмнэлэг бараадсан элэгний өвчтэй хүмүүсийг өвдсөн хүүхэд, тэдний эцэг эхтэй дайсагналцуулан талцуулахад хүргэсэн үйл ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж байгаа нь туйлын хүнлэг бус ёс суртахуунгүй үйлдэл болж байна. 



Эрхэм Ерөнхийлөгчөө, Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу арга хэмжээ авч, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн танаас дахинтаа хүсэж байна.


МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН                  Ж.ХАТАНБААТАР

      АХЛАГЧ                         Монгол Улсын Ардын эмч

                                          АУ-ны доктор, профессор


Монгол Улс Улаанбаатар хот 2025 оны 1-р сарын 17