sonin.mn

Өнгөрсөн оны 9 дүгээр сард ОХУ-ын Аюулгүйн зөвлөлд Ерөнхийлөгч В.Путин тус улс цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлүүдээ өөрчлөх, шинэчлэх шаардлага үүссэн тухай танилцуулсан юм. Улмаар 11 дүгээр сарын 19-нд ОХУ-ын Цөмийн номлолыг илүү тодотгон нэмэлт нөхцөл, заалтуудаар шинэчлэв. АНУ, Их Британи улсууд Украинд нийлүүлж байсан өндөр цэцтэй пуужингаар ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрөх тухай Өрнөдийн эрх баригчдын мэдэгдлийн хариуд ОХУ шинэ төрлийн дунд тусгалын гиперсоник пуужингийн цохилт өгч хариу барив. ОХУ-ын тал цөмийн номлолын заалтуудаа өөрчилж цөмийн зэвсэг хэрэглэх босгоо доошлуулсан нь Хүйтэн дайны үеэс үйлчилж глобал стратегийн тэнцвэрийг хангаж ирсэн суурь тогтолцоонд гарч буй цочир өөрчлөлт боллоо. Дэлхийн стратегийн цөмийн хүчний хоёр том туйлын нэг нь ийнхүү цөмийн тогтоон барих суурь баримт бичгээ шинэчилснээр 2026 оны 2 дугаар сард дуусах “Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах АНУ-ОХУ-ын гэрээ”-ний араас залгуулан цөмийн тэнцвэр барих олон улсын эрх зүйн ямар ч хязгаарлалтгүй орчинд шилжих эрсдэл үүсээд байна.


ОХУ-ын Цөмийн номлолын өөрчлөлт


1991 онд ЗХУ задран унасны дараа цөмийн зэвсгийн нөөцийн үндсэн залгамжлагч нь ОХУ болж бусад тусгаар тогтносон Бүгд Найрамдах Улсуудад байсан цөмийн нөөцийг хэсэгчлэн устгах, эсвэл ОХУ-д шилжүүлэн өгөх замаар өөртөө бүрэн төвлөрүүлсэн түүхтэй[1]. ЗХУ-ын задралын дараа шинэ байгуулагдсан ОХУ-ын цөмийн зэвсгийн анхны эрх зүй нь 1993 онд Ерөнхийлөгч Б.Ельцины үед Цэргийн номлолын хүрээнд “Цөмийн номлолын суурь үндэслэлүүд” нэртэй гарчээ. 2000 онд Ерөнхийлөгч В.Путины үед ОХУ-ын анхны Цөмийн номлол гарсан бол 2010 онд шинэчлэгдсэн 2 дахь номлол нь гарсан байна. 2010 оны ОХУ-ын Цөмийн номлолд тус улсад учирч болзошгүй аюул занал гэдэгт НАТО эвслийг нэр заан дурдсан явдал нь 1991 онд явагдсан ЗХУ-ын задралын дараа ОХУ-ын баримталж ирсэн стратегийн дулаарлын эрин өндөрлөсөн дохио болсон юм. Одоо үйлчилж буй ОХУ-ын 3 дахь Цөмийн номлол 2014 оны 12 дугаар сард гарсан нь Украинд эхэлсэн мөргөлдөөн, Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэсэн явдалтай уялдан батлагдсан байдаг. Энэхүү 3 дахь Цөмийн номлолын хүрээнд 2020 онд “ОХУ-ын Цөмийн тогтоон барих төрийн бодлогын суурь үндэслэлүүд” нэртэй цөмийн зэвсэг хэрэглэх эрх зүйн үндэслэлийг илүү нарийвчлан тодосгосон суурь баримт бичиг батлагдан гарсан. Тус баримт бичиг олон нийтэд ил тавигдаж (өмнө нь нууцын ангилалд багтдаг байсан) цөмийн зэвсэг хэрэглэх эрх зүйн үндэслэл, заалт, нөхцөл болгоныг бүгдэд ойлгомжтой нарийвчлан тайлбарлажээ. 2007 оноос эхэлсэн ОХУ-Өрнөдийн стратегийн сөргөлдөөн улам даамжрах тусам Кремль цөмийн номлолын ээлж дараалсан өөрчлөлтөөр стратегийн сигнал өгч байгаа явдал нь Хүйтэн дайны үед тогтсон байсан стратегийн тэнцвэрт байдал, харилцан мэдээлэх суваг, хяналтын норм стандартуудыг харилцан шалгах тогтолцоо суларч, нуран унаж буйг харуулж байна[2].


2024 оны 11 дүгээр сарын 19-нд гарсан шинэ нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь Украин дахь дайнтай холбоотойгоор шинээр үүсэж буй нөхцөл байдалд тохируулан (ОХУ-ын Цэргийн номлолын хүрээнд заагдсанаас тусдаа) цөмийн тогтоон барих нөхцөл шаардлагуудыг шинэчлэн нэмэлтээр тусгасан явдал юм[3]. Үүнээс онцлох заалтуудыг тоймловол:


  • ОХУ болон түүний холбоотон улсын (ОХУ, Беларусь) хилийн ойролцоо бүс нутагт ОХУ-ыг аюул занал гэж тооцож буй улсууд (Украин г.м) цөмийн зэвсэгтэй болох, түүнийг тээх системтэй болох, пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байршуулах, ойрын ба дунд тусгалын далавчит ба баллистик пуужин, цөмийн бус өндөр цэцтэй зэвсэг, гиперсоник зэвсгүүд, дайралтын дрон, лазерын зэвсэг тус тус байршуулах, угсрах, тэдгээртэй холбоотой дэд бүтэц байгуулах, том хэмжээний стратегийн цэргийн сургууль хийх, хөнөөл ихтэй өндөр технологийн зэвсэг ашиглах нь ОХУ-ын зүгээс хариу цөмийн цохилт хийх нөхцөл үүслээ хэмээн үзнэ гэсэн байна. Энэ нь нэг талаас Украиныг цөмийн чадамжтай болоход хаалт тавихын зэрэгцээ нөгөө талаас зөвхөн үй олноор хөнөөх зэвсгийн дайралт төдийгүй мөн энгийн зэвсгийн дайралтын үед ч ОХУ нь цөмийн тогтоон барих чадамжаа ашиглаж болох эрх зүйн үндэс бүрдэж буй хэрэг юм.


  • ОХУ-ыг аюул занал гэж үзэж буй улсууд сансрын уудамд пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем, хиймэл дагуул эсэргүүцэх систем, сансрын орчин дахь цохилтын систем хөгжүүлэх буюу байршуулсан тохиолдолд, цаашлаад цөмийн гүрнүүдийн зүгээс цөмийн зэвсэггүй улсуудад цөмийн зэвсэг эсвэл тэдгээрийг тээвэрлэх чадамж (технологи) дамжуулах, байршуулах, цөмийн зэвсэг дэлгэрүүлэх оролдлого хийгдсэн тохиолдолд ОХУ нь цөмийн тогтоон барих нөхцөл үүссэн гэж үзнэ гэсэн байна. Энэ нь ОХУ-ын цөмийн тогтоон барих чадамжийг мөргөлдөөний спектрийн бүх орон зайг хамарсан ойлголт болгон хувиргаж буй алхам юм.


Мөн шинэ баримт бичигт Стратегийн цөмийн хүч, Тактикийн цөмийн хүчийг аль тохиолдолд хэрэглэх вэ гэдгийг зориуд тодотгоогүй үлдээсэн нь “Цөмийн зэвсгийн төрөл, ангиллын хэрэглээний тодорхойгүй байдал нь өөрөө тогтоон барих номлолын нэг хэсэг” болж буй хэрэг гэж тайлбарлаж болно. Тус баримт бичигт цөмийн тогтоон барих нөхцөл үүсэх параметр гэж үзэх нарийвчлан заасан өөр нэг зүйл нь:


  • “Цөмийн зэвсэггүй улсуудын зүгээс цөмийн гүрнүүд, цэргийн эвсэл блокийн тусламжтайгаар (Тухайлбал Украины зүгээс АНУ, Их Британи, Францын тусламж, НАТО-ийн дэмжлэгтэйгээр) ОХУ, түүний холбоотнуудын эсрэг энгийн зэвсгийн хүчээр дайралт хийж халдлагад өртсөн улсад (ОХУ, Беларусь) оршин тогтнохуйн аюул занал үүссэн тохиолдолд”, мөн түүнчлэн
  • “Цэргийн эвсэл блокууд (НАТО) өргөжих эсвэл шинээр үүсэх, тэдгээрийн цэргийн дэд бүтэц нь ОХУ-ын хил хязгаарт тулж ирвэл” тус тус цөмийн тогтоон барих чадамж хэрэглэгдэх нөхцөл үүснэ гэсэн байна.


2021 оноос эхлэн ОХУ-ын зүгээс НАТО-д тулган шаардсан “тус эвслийг ОХУ-ын хилийн зүг шинээр тэлэхээ зогсоох, улмаар 1997 оны байдлаар эвслийн цэргийн чадамжаа буцаан татах” гэсэн шаардлагыг Цөмийн номлолдоо шигтгэн суулгасан нь ОХУ-ын стратеги төлөвлөгчдийн зүгээс бэлдсэн сонирхолтой маневр байлаа. Украин дахь дайны явц хэрхэн өндөрлөхөөс үл хамаарч Украиныг Умард Атлантын эвсэлд орох гарцад цөмийн номлолын параметрээр Москва хаалт тавьж буй нь Киевт давхар дарамт учруулж эхлэв.


Эцэст нь, тус шинэчилсэн баримт бичигт ОХУ-ын стратегийн байгууламж, дэд бүтцэд довтлох, хохирол учруулах, мөн тэдгээр нь экологийн гамшиг, техноген гамшиг, нийгмийн гамшиг үүсгэхэд хүргэсэн тохиолдолд хариу цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөл үүсэхээр тусгасныг онцолж байна.


Ингэснээр ОХУ-ын нутагт идэвхтэй ажиллаж буй Украины хорлон сүйтгэх ажиллагаа, дроны довтолгоо, цаашлаад Nord Stream-2 хоолойг дэлбэлсэн шиг хэрэг дахин гарвал хариуд нь цөмийн цохилт хийж болох эрх зүйн үндэс тавигдлаа. ОХУ-ын 2020 оны цөмийн зэвсэг хэрэглэх эрх зүйн баримт бичиг ба 2024 оны нэмэлт өөрчлөлт аль аль нь “ердийн зэвсгийн цохилтын нөхцөлд цөмийн зэвсгээр хариу цохилт өгөх” агуулгатай боловч хэрэглэх нөхцөлийг нь өөрчилсөн. 2020 оны баримт бичигт “дайсны ердийн зэвсгийн цохилт нь ОХУ-д оршин тогтнохуйн аюул учруулахуйц гэж үзвэл цөмийн цохилт өгөх” тухай заасан бол 2024 оны нэмэлтээр “дайсны ердийн зэвсгийн цохилт нь ОХУ-ын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулахуйц гэж үзвэл цөмийн цохилт өгөх” тухай болж цөмийн зэвсэг хэрэглэх босго нь улам доошиллоо. ОХУ-ны талаас цөмийн тогтоон барих эрх зүйгээ шинэчлэхтэй зэрэгцэн 2024 оны 11 дүгээр сарын 18-нд АНУ, Их Британийн тал Украинд нийлүүлж буй өндөр цэцтэй далавчит пуужингаар ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрөл өгөв[4]. 2022 оны 3 дугаар сараас хойш Өрнөдийн талаас Украинд нийлүүлэх зэвсгийн тусламж болгонд талууд стратегийн коммуникац хийж сөргөлдөгч талын хариу реакцийг түншиж дараагийн алхмаа тооцоолж болгоомжтой маневрласаар ирсэн. Оросын талаас фронт дээрх оператив-тактикийн нөхцөл байдал болон Украинд ирж болох Өрнөдийн зэвсгийн төрөл, загвар зэрэгт тохируулан цөмийн босго нэрлэн зааж стратегийн коммуникац хийсээр байна. Үүний үр дүнд Украинд дайны эхэн үед Өрнөдөөс нийлүүлж болох байсан байлдааны хүнд танк (Abrams, Leopard, Challenger), 4/5 дахь үеийн сөнөөгч онгоц (F-16, Mirage-2000), өндөр цэцтэй далавчит пуужин (ATACMS, Storm Shadow) зэргийг 6 сараас 2 жилийн хугацаанд хойшлуулж чадсан.



Зураг-1. АНУ-ын Украинд нийлүүлж буй ATACMS далавчит пуужингийн ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөх тусгалын зураглал (300 км)


Өрнөдийн улсууд ATACMS системээр ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрөл өгсний дараа 2024 оны 11 дүгээр сарын 21-нд ОХУ-ын талаас Украины Днипро /хуучнаар Днепропетровск/ хотын аж үйлдвэрийн дүүрэгт шинэ төрлийн “Орешник” дунд тусгалын баллистик пуужингаар цохилт өгч дэлхий дахинд цочир сигнал өглөө[5]. Орешникийн хөгжүүлэлт бүрэн дуусаагүй, туршилтын пуужин гэж Пентагон мэдэгдсэн бол Кремлийн зүгээс Оросын пуужингийн технологийн шинэ амжилт бөгөөд ойрын 20-30 жилд дэлхийн өөр улс Орешниктэй өрсөлдөх зэвсэглэл бүтээхгүй гэж зарласан юм. 2024 оны 12 дугаар сарын 19-нд В.Путин телевизээр шууд ярилцлага хийхдээ Өрнөдийн цэргийн эвслийг Орешниктэй дуэльд дуудаж “Бид урьдчилан мэдэгдээд Киевт Орешникийн цохилт өгье, та нар өөрт байгаа бүхий л агаараас болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ ашигла. Та нар амдан сөнөөх ямар ч боломжгүй” хэмээн итгэлтэй мэдэгдсэн нь мөн л стратегийн коммуникац байлаа. Мөн түүнчлэн Днипрод Орешникийн цохилт өгөхөөс 30 минутын өмнө ОХУ-ын Жанжин штабаас цөмийн мэдээллийн сувгаа ашиглаж Пентагонд урьдчилан мэдэгдсэн нь цөмийн 2 их гүрний хооронд харилцан мэдээллийн тогтолцоо нэрийн төдий боловч оршиж буйг харуулсан явдал болсон юм.


Зураг-2. ОХУ-ын эх сурвалжуудын өгч буй мэдээллээр: Дунд тусгалын баллистик пуужингийн систем Орешникийн тусгалын зай: 5,500 км, Хурд: 10 мах (12,400 км.цаг буюу гиперсоник хурд), Энгийн цэнэгт хошуу тээх жин: 1.5 тонн (цөмийн хошуу угсарсан үед дэлбэрэлтийн чадал 900 килотонн)


Украинд өрнөж буй дайны ажиллагаанд мөргөлдөөний үе шат болгонд Оросын талаас цөмийн сүрдүүлэг хэрэглэж буй практик[6], нөгөө талаас сөргөлдөгч Өрнөдийн талаас Оросын тавьсан цөмийн босгыг шууд давахгүй боловч тавьсан улаан шугамыг нь тактикийн бусад аргаар удаа дараа эвдэж босгыг нь доошлуулж буй байдал нь ерөнхий агуулгаараа сөргөлдөгч талууд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө аль аль нь туйлын хариуцлагагүй жишиг үзүүлж буй хэрэг юм.


1962 оны Кубын хямралаас хойш 60 жилийн дараа Цөмийн мөргөлдөөний аюул дахин ойрхон нүүрлэж буй нь дэлхий дахинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх явдлыг сахиулах үүрэгтэй, цөмийн дайн гарахаас сэргийлэх ёстой НҮБ-ын АЗ-ийн цөмийн зэвсэгтэй байнгын 5 гишүүний [P5] хариуцлагагүй хандлагыг харуулж байна.


Украин дахь дайнаар практик хэрэглээ болж буй цөмийн хүчин чадлыг стратегийн коммуникац, дайны суртал ухуулгын арга хэрэглүүр болгон ашиглах энэ жишгийн араас дэлхий дахинд тусгаар улсууд өөрийн батлан хамгаалах, аюулгүй байдлын цорын ганц баталгаа нь цөмийн хүчин чадалтай болох явдал гэж үзэх хандлага газар авах эрсдэлтэй. Энэ утгаараа БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөр, Израилийн нуугдмал цөмийн хүчин чадал, Ираны цөмийн амбиц, цаашлаад БНСУ, Японы цөмийн хамгаалалтын хэрэгцээ, БНХАУ-ын цөмийн хүчин чадлын эрс өсөлт зэргийг зөвтгөн тайлбарлаж болох нөхцөл байдал цаашид давамгайлах шинжтэй байна. Цаашлаад улс бус тоглогчдын (non-state actors) дунд цөмийн материал эрэн хайх, цацраг идэвхт бохир бөмбөг угсрах, цөмийн терроризм дэлгэрэх, цөмийн материалын хууль бус наймаа, тээвэрлэлт газар авах үзэгдэл дэлгэрч болзошгүй юм.



Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв