sonin.mn

Тусгаар Монгол Улсынхаа тулах багана, төр, ард түмнийхээ өмөг түшиг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт алба хаагчдадаа шинэ оны мэнд хүргэж, амьдрал ахуй, ажил үйлсэд нь өрнүүн их амжилтыг хүсье. Бид энэ оны анхны зочин хоймортоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг урьж ярилцлаа.


Танд шинэ оны мэнд хүргэхийн ялдамд бидний урилгыг хүлээн авч, салбарын төв хэвлэл “Соёмбо” сониныхоо оны эхний дугаарын “Зочин” болсонд талархлаа илэрхийлье. Шинэ оны анхны нар, анхны өглөөг та хэрхэн угтав даа? Богдхан уулын Цэцээ гүний оргилд гардаг уламжлал тань хэвээр үү?


-Баярлалаа. Юуны өмнө их Д.Нацагдоржийн үүсгэн байгуулсан 100 жилийн түүхтэй “Соёмбо” сониныхоо шинэ оны анхны дугаарт зочноор уригдан ярилцаж байгаадаа баяртай байна. Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сониноороо дамжуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ болон танай сониныг шимтэн уншдаг бүх уншигчдад, мөн редакцын хамт олонд шинэ оны мэнд дэвшүүлье. Миний хувьд шинэ оны анхны нарыг өндөр уулын оргилоос угтах дуртай. Яагаад ч юм угтах ирээдүйг сэтгэлдээ зураглан төсөөлөх эрч хүчийг идэр есийн жавар угалзарсан уулсын оргил, шинэ оны эхний өглөөний нарнаас авч байгаа мэт тийм нэг эерүү зөөлөн сэтгэгдэл төрдөг юм. Өнөө жил ч уламжлал ёсоор оны анхны нараа Хан Богд уулынхаа оргил тэргүүн дээрээс тослоо. Шинэ он маань ч өнгөтэй сайхан эхэлж байна.  


Ер нь уул ярьсных гүйцээгээд асуучихъя. Уулын спортоор хичээллэдэг төдийгүй 4000 метрээс дээших эх орныхоо оргилуудад гарсан гэхийг тань сонсоод үнэхээр бахархаж байлаа. Та “Үзэгчгүй спорт”, “Зөвхөн өөртэйгөө өрсөлддөг” гэгддэг уулын спортын гайхамшиг хийгээд оргилд гарсан мэдрэмжийн талаар хамгийн бодитойгоор өгүүлэх байх. 


-Ууланд авирахад оргил бол зорилго. Харин тэр оргилд хүрэхийн тулд өөрийгөө хурцлах, өөрөө өөртэйгөө тэмцэх, өөрийгөө ялах ёстой болдог. Оргилд гарсны дараа бол бүх зүйл алган дээр тавьсан мэт ил харагдах нь дэндүү сайхан. Уулын оргилд гарахад сэтгэл цэлмэж, бодол уужраад л гайхамшигтай шүү дээ. Магадгүй уулын спорт надад аливаа зүйлийг том зургаар нь харах, асуудлыг эрэмбэ дараатай шийдэж сурахад нөлөөлсөн байж мэднэ. 



Хүсэл мөрөөдлөө шившиж, зорилго төлөвлөгөөгөө цэгцлэн тунгаах торгон агшин юм шиг ээ, бас...


-Тэгэлгүй яахав. Монгол хүн гэдэг тэнгэр газар, уул овоо, булаг усаа шүтэн дээдэлдэг уламжлал соёлыг тээж яваа гэж би боддог. Хувь заяаны тохиол учралаар Төрийн тахилгат Алтан Хөхий, Бурхан буудай, Сутай гээд олон уул хайрхдыг тайх ёслолд Төрийн ёслолын элчээр тохоон томилогдож явсандаа ч их бэлгэшээдэг. Уул, тэр дундаа нутгийн уул хайрхад гэдэг бол монголчууд бидний хувьд ерөөл хүслээ шивнэн сүсэглэдэг дээдийн шүтээн гэхэд маргах хүн үгүй биз ээ.



Та Батлан хамгаалахын сайд хэмээх эрхэм хүндтэй, хариуцлагатай албыг хашиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ шийдвэр гаргасан хийгээд тамга гардаж авах үеийн сэтгэгдэл халуухнаараа байгаа байх?


-Би Цэргийн сургуульд сурсан, бэлтгэл хурандаа цолтой хүн. Тийм болохоор өөрийнхөө гадарлах бус бүр доторлох хэмжээнд мэдэх салбартаа ирсэн гэхэд болно. Ачаа дааж, ажил хийж чадна гэж Монгол төр надад итгэл хүлээлгэж энэ хариуцлагатай албанд тохоон томиллоо, сэтгэл гаргаад бүх чадлаараа зүтгэнэ дээ гэсэн бодол л төрсөн. Өнөөдөр тэр бодлоо тодорхой бодлого, шийдэлтэй төлөвлөгөө, дориун үр дүн гаргах бодит ажил болгоод явж байна. Зорилгоо тодорхойлсон бол алгуурлах эрх байдаггүйн адил Батлан хамгаалах салбарт ингэж сэргэлт авчирч болох юм байна гэдгээ олоод харчихсан болохоор ажил гарт орж, сэтгэлд дүүрэн багтаж л байна.  


Та гуч гаруйхан насандаа улс төрд ороод өнөөг хүртэл Улсын Их Хурал, Засгийн газарт тасралтгүй амжилттайгаар алба хашиж явна. Хэдэн үеэрээ төрд зүтгэнэ гэдэг том бахархал шүү. 


-Хүн бүр л удмынхаа нэрийг өргөж явахыг хичээдэг. Миний өвөг эцэг Тогтохын Найдан Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ховдыг чөлөөлөх тулаан, Ардын хувьсгалд оролцож явсан партизан байлаа. Өвөө маань баг бригад удирдаж явсан бол миний аав Жанчивын Сандаг Ховд аймгийн олон сум, нэгдлийг хөл дээр нь босгож явсан гавьяатай хүн. Тийм болохоор эцэг дээдсийнхээ адил Монгол төрдөө зүтгэж яваагаа нэр төрийн хэрэг гэж боддог.


Иргэдийнхээ итгэл дэмжлэгээр тасралтгүй таван удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ бол олны итгэлийг алдалгүй дааж ирсний, амласан бол ард нь гарахын төлөө хичээн зүтгэж ирсний хүч л гэж бодож байна даа.  


Та өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн болон Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Өнөөдөр Батлан хамгаалах салбарыг тэргүүлж байна. Өөр хоорондоо ялгаатай салбаруудыг амжилттай удирдахад нийтлэг нэг арга барил байна уу, эсвэл хувь хүний онцлог, ур чадвар, итгэл даах, ачаа үүрэх чадамж зэрэгт байна уу?


-Мэдээж хаа ч очсон тухайн салбарын онцлог, өөр өөрийн асуудал гэж бий. Би нэг үгийг байнга хэлэх дуртай. Нэг ёсны миний баримталдаг зарчим гэх юм уу даа. Асуулт буй бол хариулт нь заавал байж л байгаа. Түүн шиг асуудал байгаа бол түүнийг шийдэх шийдлийг л зөв олох нь хамгийн чухал. Салбарынхаа уураг тархи болсон яамныхаа хүний нөөцийг зөв удирдан чиглүүлээд, асуудлыг бусдын амнаас бус өөрөө газар дээр нь явж очиж танилцаад, тухайн салбарынхаа талаар нийгмийн, олон нийтийн дуу хоолойг соргогоор мэдрээд ажиллахад заавал үр дүн гардаг. Ажлын төлөө хүмүүст ширүүн үг хэлэх, өндөр шаардлага тавих тохиолдол ч цөөнгүй. Гэхдээ бид төрдөө тангараг өргөж, үүрэг хүлээчхээд гар хумхин суугаад байвал нэг ч асуудал өөрөө шийдэгдэхгүй гэдгийг ухаардаг байх хэрэгтэй. Анх зорилгоо тодорхойлоход амаргүй санагдаж байсан зүйл ард нь гарсан хойно хүнд урам зориг, дахиад илүү ихийг хийх эрч хүч л өгдөг байхгүй юу. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар жил гаруйн хугацаанд ажиллахдаа 23 хууль санаачлан батлуулсан байдаг юм. Тэр бүхний үр дүнд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох, цагдаа, хилийн цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж цалин хөлсийг нэмэгдүүлэх, улсын бүртгэлийн эрх зүйн орчныг цогцоор нь шинэтгэн цахимжуулах, шүүх эрх мэдлийг хараат бус болгох гээд олон шинэчлэл хийгдсэн. Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, орон нутгийн найман чиглэлд онгоц нисгэдэг болгосон, тийзийн үнийг хямдруулж олон улсад олон чиглэлийг шинээр нээсэн, гацаанд ороод байсан хил холболтын төмөр замын асуудалд гарц шийдэл олж, УБТЗ-ын их өрийг тэглэсэн, иргэдийг олон жил бухимдуулсан Дарханы замын ажлыг гурван сарын дотор дуусгасан, авто зам засварын ажлыг нүд хуурч, нүх бөглөдөг байдлаар биш их болон ээлжит засвар хийж шинэ зам шиг болгох шийдэл рүү аваачсан гээд хийсэн ажил бас чиг чамгүй бий бий. Энэ бүх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тухайн салбарын нийт ажилтан албан хаагчдын сэтгэл зүтгэл, санаачилга, нэг зүгт харсан хандлага маш чухал байсан шүү гэдгийг онцгойлон тэмдэглэх ёстой. 

 

Анх ирээд л та “Батлан хамгаалахын сэргэлт” бодлого зорилтыг дэвшүүлсэн. Богино хугацаа гэлээ ч хүн рүүгээ чиглэсэн олон ажлын үр дүнг салбарын алба хаагчид маань хүртэж эхлээд байна...


-Ямар ч хүн сайдаар ирсэн тухайн салбарынханд энэ нөхөр ер нь юу хийх, ямар бодлого хэрэгжүүлэх юм бол доо гэсэн хүлээлт байдаг. Тийм болохоор сайдаар ирэнгүүтээ хамгийн түрүүнд салбарынхаа удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж, БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ бодлогоо танилцуулсан. Бодлого нэгэнт тодорхой тул хэн юуг хийж хэрэгжүүлэх нь, ямар чиг үүрэг хүлээж, ямар оролцоотой байх нь ч бас тодорхой болчхож байгаа юм. Хүн бас боломжийн цалин хөлс авч байж ажлын бүтээмж, сэтгэл ханамж өндөр байна аа даа. Манай салбарынхан олон жил онцгой нөхцөлийн нэмэгдлээ гүйцэд авч чадаагүй өнөөг хүрсэн юм билээ. Тэгвэл энэ сараас эхлээд Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болсонд бүгд л сэтгэл нэн хангалуун байна. Бас алслагдсан нэгтгэл, ангийн алба хаагчдын нэмэгдлийн асуудлыг саяхан шийдсэн. Бас л энэ сараас эхлэн олгогдоно. Мөн нийт төрийн албан хаагчдын цалингийн 6 хувийн нэмэгдэлд манай нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа. Энэ ондоо багтаад 600 цэргийн алба хаагчийг хямд өртөгтэй орон сууцаар хангах төсөл эхлүүлэхээр төлөвлөж сууна. Тэгэхгүй бол манай алба хаагчдын 70 орчим хувь нь түрээсийн байранд, зарим нь бүр айлын хажуу өрөөнд, хүний хашаанд аж төрж байгааг судалгаагаар олж харсан. Оны эхний хагастаа багтаж бүх нэгтгэл, ангиудын дарга захирагч нарын унаа тэргийг нь бүрэн шинэчилж өгнө. Энэ мэтээр эхлээд нийгмийн асуудлыг нь шийдээд сэтгэлд нь гэрэл асаагаад өгвөл араас нь ажлын бүтээмж, арга барил, үр дүн нэхэхэд сэтгэл амар биз дээ.  


Аливаа шинэчлэлт, сэргэлтийн үйл явцад төсөв хөрөнгө зайлшгүй чухал. Батлан хамгаалах салбарын энэ оны төсөв, хөрөнгө оруулалтыг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэн батлуулж чадлаа...


-Төсөв хөрөнгө дутуу бол түлш шатахуунгүй машин шиг л таг зогсох нь ойлгомжтой. Ямар ч байсан урсгал зардлыг 34 хувиар өсгөж, хөрөнгө оруулалтын зардлыг 4 дахин нэмэгдүүлж чадлаа. Энэ хэрээр Батлан хамгаалах салбарт сэргэлт авчрах уушгины багтаамж сайжирч байна л гэсэн үг. 

Монголын Зэвсэгт хүчний төдийгүй эх орныхоо нэр төрийг дэлхийд тамгалж яваа цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдынхаа талаар та юуг онцолмоор байна? Тэдэнд чиглэсэн бодлого, зорилт ч бий байх...


-Байлгүй яахав. Энхийг сахиулагчид бол яахын аргагүй манай энэ цагийн бахархал. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна. Үнэхээр Хүннү дээдсээс эхтэй эзэн Чингисийн хөх цэргүүдийн удам үүргээ ямар чадамгай, хариуцлагатай гүйцэтгэдгийг, цэргийн эрдэм, сахилга батад хэр суралцсаныг олон улсад батлан харуулж чадаж байгаа. Сайдын хувьд би энхийг дэмжих ажиллагааны оролцоог цаашид ч улам нэмэгдүүлэх, энхийг сахиулагчдынхаа нийгмийн баталгааг хангах, ар гэр, гэр бүлд нь чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг чухалчлан авч үзэж байгаа. Хуучин оны отгон өдөр 31-нд одоо Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч гарын бэлэг гардууллаа. Эх орныхоо нэрийн өмнөөс аав ээж нь гэртээ эзгүй, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй энэ үед үр хүүхдүүдийг нь бага ч гэсэн баярлуулъя гэсэндээ тийм арга хэмжээ зохион байгуулсан маань оносон. Хүүхдүүд ч бөөн баяр хөөр болохыг хараад сайхан мэдрэмж төрж байлаа. Энхийг сахиулагчид гэдэг эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг хэнээс ч илүү мэдэрсэн хүмүүс гэж би ам бардам хэлнэ. Тэд бол даян дэлхийд энхийг сахиулахаас гадна эх орноо хайрлах сэтгэлийн үрийг тарьж яваа хүмүүс.


Үүнтэй уялдан гарах дараагийн асуулт бол батлан хамгаалах салбарын гадаад харилцааг хэрхэн, ямар чиглэлээр эрчимжүүлэхийг зорьж байна вэ? 


-Өнөөдөр олон улсын батлан хамгаалах салбарын хөгжлийн чиг хандлага технологийн шинэчлэлд ихээхэн анхаарч байна. Тухайлбал дрон, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг орчин үеийн технологиуд хүчтэй түрж гарч ирлээ. Бид үүнээс хоцорч хэрхэвч болохгүй. Түүнчлэн кибер аюулгүй байдлаа бэхжүүлэхэд улс орнууд онцгой анхаарч байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны хямралтай холбоотой аюул заналын эсрэг стратеги боловсруулж буй. Газар нутгийн аюулгүй байдал, хилийн хамгаалалтыг сайжруулахад, мэдээллийн дайны хор хөнөөлөөс улс үндэстнээ хамгаалахад батлан хамгаалах бодлогоо чиглүүлж эхэллээ. Манай улс ч энэ чиг хандлагыг тугаа болгож үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа, үндэсний дархлаагаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд орчин үеийн техник технологи онцгой чухал. Тэгвэл яг оны өмнө бид “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Урд, хойд хөрш, БНСУ, БНТУ, ХБНГУ, АНУ-тай ч энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг чармайж байна. Олон талт гадаад хамтын ажиллагаа бол үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа, батлан хамгаалах салбарын хөгжлийн хөдөлгөгч хүч гэдэгт би бат итгэдэг.


Юм гэдэг хоёр талтай. Манайхнаас сэргэлт, их сэргэлт гэдэг үгэнд эмзэглэх нь бас байх юм аа. Унасан ажил, унтаа салбар уу гэж ирээд л... Та салбарын сэргэлтийн гол цөм, үндсэн үзэл баримтлалыг хэрхэн тайлбарлах вэ?


-Бүх юм болж байна, хэвийн байна гэж бодож эхэлсэн цагаас, байгаа байдалдаа сэтгэл ханасан үеэс бүх юм болохгүй болж эхэлдэг гэсэн нэг үг байдаг даа. Бид өөрчлөгдөхгүй бол, гуч дөчин жилийн өмнөх хэв маягаараа байгаад байвал, хайрцаглагдсан, хөшүүн хойрго, царцанги сэтгэлгээгээр хандсан хэвээр байвал, арга барилаа өөрчилж асуудлыг шийдэх гарц шийдлээ хайхгүй бол аль ч салбар уналтад орно.


“Төр сулрах юм бол цэрэг суларна” гэж манайхан ярьдаг. Бас “Өөрийн армиа тэжээж чадахгүй бол бусдын цэргийг тэжээдэг” гэдэг үг ч түүхийн гашуун сургамжаар нотлогдсон үнэн.


Тийм болохоор салбартаа сэргэлт авчрахын төлөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагаар овоглосон, хаягласан хэн бүхэн зүтгэх нь өргөсөн тангараг, хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа л хэрэг шүү дээ. Тийм болохоор манай салбарын хөгжлийн үнэ цэн, эх оронч үзэл хандлага, хүний нөөцийн хөгжил, мэдлэг боловсрол, ёс зүй, харилцаа хандлага, алба хаагчдын нэр хүнд, нийгмийн хамгаалал, зэвсэг техникийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хөгжил, шинэ инновац өндөр технологи бүтээх болон нутагшуулах хурд гээд олон зүйлээс шууд хамаарна.  


Та зургаан дүүгийн ууган ах, гурван хүүтэй аав хүн юм билээ. Тэдэндээ ч нэлээд шаардлага өндөртэй байдаг нь багаасаа амьдрал толгойлсных болов уу.


-Намайг аравдугаар ангид байхад аав минь хүнд өвчний улмаас өөд болсон. Ингэж аавын үгүйд аав болсон учир ээждээ түшиг болж, хэдэн дүү нараа мөр бүтэн, мэдлэг тэгш өсгөнө гэж аавынхаа алтан шарилынх нь өмнө амласан хүслээ гүйцээх гэж зүтгэсэн минь намайг хатуужуулж, өдий дайд хүргэсэн болов уу гэж боддог. Багаасаа тэгж ачаа үүрч хат суусан маань алдаагүй.


Та залууст юуг чухалчлан захидаг бол?


-Залуу хүн зоригтой, зорилготой, зарчимтай байгаасай. Хэлсэндээ байдаг, зорьсондоо хүрдэг хүнийг амьдрал аандаа шагнадаг. Тийм байж чадсан цагт ээж аавдаа, анд нөхдөдөө, хайртай дотнын хүмүүстээ, эх орондоо хүндтэй, хэрэгтэй хүн, өөртөө эзэн болсон зөв хүн болжээ гэсэн үг.


Цэргийн алба дамжсан таны том хүүгийн адил Монголын мянга мянган залууст цэргийн алба хаах нэг жилийн хугацаандаа мэргэжил эзэмших, англи хэл, компьютерын мэдлэгтэй болох, жолооны үнэмлэх гардах зэрэг амьдралд хэрэгтэй олон шинэчлэл таалагдаж байгаа байх...


-Эх орны дуудлагаар эр цэргийн албанд ирж байгаа залуус цэргийн эрдмээс гадна амьдралын наад захын ухаанд суралцах ёстой гэж боддог. Тэр ч утгаараа ЗХЖШ-т үүрэг өгч Хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчиллээ. Ирэх хавраас хугацаат цэргийн алба хаагчид маань англи хэл, мэдээллийн технологи, жолооны сургалтдаа бүгд хамрагдана. Эрэлттэй мэргэжлээр сонголттой суралцуулах хөтөлбөр ч хэрэгжинэ. Цэргийн алба бол үг дааж, бас үйл хийж сургадаг сайхан алба. Бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужил сууж цэргийн албанаас халагдах сайхан.


Алба хааж байгаа залуус маань ирээдүйд өрхийн тэргүүн, хүний хань, хүүхдийн аав болно. Аж ахуй эрхэлж, ажил бизнес хийж, хүсэл мөрөөдлийнхөө зүгт хөл тавина. Тийм болохоор цэргийн алба, цэргийн сургуулийг нэг талаар эр бие тэгширч, ухаан тэлэх амьдралын их сургууль гэж болно. 


Би ч бас ууган хүүгээ Америкт цэргийн сургуульд явуулж, цэргийн амьдрал таниулсан нь тохиолдлын хэрэг биш юм. Армид алба хаасан, цэргийн амьдралд хөл тавьсан эр хүн гэдэг цаанаа л өөр болдог жамтай. Өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнуудад, Америк, Япон, Солонгос, манай урд, хойд хөршид цэргийн хүмүүсээ яаж хүндэлж, бас яаж сурган боловсруулж байгааг бид мэднэ. Цэргийн албанаас залуус зайлсхийж бултах биш харин хүсэж очиж, өрсөлдөж алба хаадаг тийм орчин нөхцөл, шинэчлэлийг бид хийнэ.   


Энэ он бидний хувьд “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” байх болно. Та “Ажлыг эхлэхдээ төгсгөлийг нь харсан байх ёстой” гэдэг дээ. Салбарын удирдлагын хувьд 2025 оноос ямар зорилт, үр дүн, хүлээлттэй байгаа вэ?


-Ямар ч зорилго зүгээр нэг хоосон тунхаг байж болохгүй. Нэг зорилт тавиад, нэр өгөөд зарлаад орхидог байж хэрхэвч таарахгүй. Тэр бодлого, зорилгоо хэрэгжүүлэх бодит төлөвлөгөө, газрын зураг байх ёстой. Энэ шаардлагын үндсэн дээр салбарын болоод яамны хийх ажлын төлөвлөгөө, стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гаргасан. Түүнийхээ хэрэгжилтийг долоо хоног, сар, улирал, хагас, бүтэн жилээр нь хянаад, шахаад, тооцоолоод явахад бүрэн үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна. Та түрүүн хэлсэн. Их сэргэлт гэдэг өөрөө их том утга агуулгатай үг. Монгол хүн бүр зүгээр нэг иргэн хүн биш Эх оронч Монгол хүн байх тэр урам зориг, итгэл найдварын галыг асаахын төлөө салбарынхантайгаа хүсэл зоригоо хамтатгаад зүтгэхэд зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэл үнэмшил надад байна.  


Баярлалаа, танд амжилт хүсье. 




Д.ГҮНЖИЛМАА


Эх сурвалж: "Соёмбо" сонин