Ханс Кристиан Андэрсоныг танихгүй мэдэхгүй хүн өнөөгийн дэлхийд бараг байхгүй боловуу. Орчин үеийн ертөнцийн бараг бүх хүн хүүхэд бага наснаасаа Андэрсоны үлгэрийг сонсож, уншиж өссөн. Харин тэр хүнийг дани үндэстэн, дани хэлний утга зохиолын хэл үндэслэгч гэдгиийг тэр болгон мэдэхгүй байж болох.
Андэрсон ердөө XIX зууны дунд үед(1805-1875) амьдарч байсан хүн. Нэн эртний сурвалжит даничууд ердөө саяхан болтол утга зохиолын хэлгүй байсан гэхээр сонин. Хажуу зэргэлдээ германчууд, англичууд, голландчууд, шведүүд тэднээс хамаагүй өмнө утга зохиолын хэлтэй болсон. Уг нь дани хэлээр бичигдсэн бичгийн дурсгал аль IX зуунд олдсон гэх. Нийтдээ ердөө 5 сая орчим хүн хэлэлцдэг гэхээр тийм ч дэлгэрсэн том хэл биш. Гэхдээ л иргэншсэн Европт саяхан болтол өөрийн утга зохиолын хэлгүй явж ирсэн нь хачирхалтай ч байж магадгүй. Харин дани хэлний утга зохиолын хэлийг Ханс Андэрсон анхлан бий болгосон юм.
Дани хэлтэй хамгийн ойр дөт нь новег. Нэг хэсэг дани-норвег гэсэн дундын хэлтэй ч байж. Гэтэл тэд Андэрсоны үед “тосгоны” хэлтэй байжээ. Андэрсоноос бараг гучаад насаар дүү Хэнрик Ибсэн гэгч зохиолч дэлхийд алдартай жүжигүүд бичсэнээр норвегийн утга зохиолын хэл бий болсон гэдэг. Түүний “Хүүхэлдэйн байшин” жүжгийг тавиагүй театр ховор болов уу.
Утга зохилын хэл гэж вэ, тэр нь тухайн үндэстний нийтлэг үндэсний хэлээс юугаараа ялгаатай вэ? Утга зохиолын хэл бол тухайн үндэстний хэлээр ярьдаг хүмүүсийн дунд хэм хэмжээ, кодчилол, олон үйлдэлт байдал, хэв маягийн ялгаатай байдал, нийгмийн өндөр нэр хүнд зэрэг шинж чанаруудаар тодорхойлогддог үндэсний хэл аялга дээрх дэд системийн оршихуйн хэлбэр юм. Энэ нь бичгийн болон ярианы хэлбэрээр байдаг.
Утга зохиолын хэл нь тодорхой нэг үндэстний, заримдаа хэд хэдэн үндэстний нийтлэг бичгийн хэл юм.Албан ёсны, ажил хэргийн, бичиг баримтын, сургууль боловсролын, шүүхийн хэл. Энэ нь мөн бичгийн болон өдөр тутмын харилцаа, шинжлэх ухаан, сэтгүүл зүй, уран зохиол, аман хэлбэрээр илэрхийлэгддэг соёлын бүх илрэл болой, Чухам иймээс л утга зохиолын хэлэнд бий болох харилцан хамаарал, харилцан үйлчлэл нь түүхэн тодорхой зүй тогтолд захирагддаг бичгийн-номын хэлийг аман ярианы хэлбэрээс ялгаж үздэг.
Түүхийн янз бүрийн эрин үед, янз бүрийн ард түмний дундах утга зохиолын хэл ба уран зохиолын хэл хоорондын ойр дотно байдлын түвшин өөр өөр байв. Уран зохиолын хэл нь утга зохиолын хэлний нэг бүрэлдэхүүн боловч үүнийг шууд адилтгаж бас болохгүй. Уран зохиолын хэл (зохиолчдын хэл) нь утга зохиолын хэлтэй ихэвчлэн ижил хэм хэмжээнд чиглэсэн байдаг ч, хувь хүний сонголт болон, нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй олон зүйлийг агуулдаг.
Дундат зууны үед нэлээд үндэстэн гадаад хэлийг бичгийн утга зохиолын хэл болгон ашигладаг байжээ. Перс, Түрэг үндэстний хувьд утга зохиолын бичгийн хэл нь сонгодог араб хэл байлаа. Япон, Солонгост сонгодог хятад хэл, герман овгийн угсаатны дунд латин, Балтийн болон Чехэд болохоор герман хэл гэх мэт. Орост XVIII зууныг хүртэл хуучин сүмийн слав хэлний үндсэн дээр хөгжсөн сүмийн слав хэл байсан, гэхдээ энэ нь эртний орос хэл биш. Дээр өгүүлсэн дани, норвег хэл хүртэл XIX зуун хүртэл өөрийн гэх бичгийн утга зохиолын хэлгүй байсан нь ийм шалтгаантай.
Утга зохиолын хэл, үндэсний хэл хоёрт ялгаа бий. Үндэсний хэл нь утга зохиолын хэлний хэлбэрээр гарч ирдэг ч утга зохиолын хэл бүр шууд үндэсний хэл болдоггүй. Үндэсний хэл нь дүрмээр бол хожмын шинэ эрин үед үүсдэг. Үндэсний хэл гэдэг нь тухайн үндэстэнтэй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг хэл. Үүнд тухайн хэлний олон аялга ч багтана. Энэ нэр томъёог янз бүрийн нөхцөл байдалд огт өөрөөр ашигладаг. Тухайн улсын нутаг дэвсгэрт анхдагч хэлээр ярьдаг нэг буюу хэд хэдэн хэлийг албан бусаар дурдаж болно, Дэлхийн 150 гаруй орны үндсэн хуульд үндэсний хэлийг хуульчлан дурдсан байдаг Эсвэл хууль тогтоомжид тухайн улсын үндэсний хэл гэж тодорхойлж болно. Үндэсний хэл гэх нь өргөн ойлголттой нэршлийг дотор нь
Тодорхой хүмүүсийн "нутаг дэвсгэрийн хэл"
"Бүс нутгийн хэл"
Улс орон даяар хэрэглэгддэг "нийтлэг хэл” эсвэл “олон нийтийн хэл"
"Төв хэл" нь төрийн хэрэглэдэг бөгөөд магадгүй бэлгэдлийн үнэ цэнэтэй байж болно. Үүнд ихэвчлэн "албан ёсны хэл" гэсэн нэр өгдөг.
Уран зохиолын хэл нь утга зохиолын хэлэндээ, утга зохиолын хэл нь үндэсний хэлэндээ шуудаар нөлөөлдөг, ер нь эх сурвалж нь болдог аж.
Дундат зууны үед Английн төрийн хэл нь латин, язгууртан болон хаадын хэл нь герман, харин ард түмэн англи хэлээр хэлэлцдэг байжээ. VIII Хэнри хаан Ромын Паптай харилцаагаа таслан англикан хэмээх өөрийн протестант шашинтай болсноор дээд доодгүй нийтээр англи хэлийг өргөнөөр хэрэглэх болж. Чухам энэ үед аугаа Шекспир олон жүжиг бичин уран зохиолын англи хэл бий болгосон нь цааш хөгжин утга зохиолын англи хэл, улмаар үндэсний англи хэл бий болон тогтворжсон гэдэг.
Итали хэл дотроо маш маш олон аялгатай, хоорондоо тэр болгон биенээ ойлголцдоггүй байж. Тэгээд ч Наполеоны аян дайнаас өмнө Итали гэж байсангүй, тус болгондоо тусгаар улсууд, үгүйдээ л ханлигууд байжээ. Дөнгөж зуу гаруй жилийн өмнө л үндэсний нэгдсэн хэлтэй болсон. Үүний сурвалжийг Дундад зууны аугаа зохиолч Дантэ Алигэригаас (1265-1321) авчээ. Ингэж флоренц аялга Италийн утга зохиолын төдийгүй үндэсний хэл болсон ажгуу. Тэгсэн ч гэсэн зарим ястнууд нь, түүний дотор сицильчүүд одоо ч флоренцоор ярьж чаддаггүй, тэр байтугай ойлгодоггүй нь цөөн биш гэх. Гэхдээ өдгөө флоренц аялга бол Итали улсын албан ёсны хэл юм. Ер нь дотроо олон янз аялгатай Их Британы албан ёсны хэл нь квин инглиш, Германых болохоор хох дойч.
Ер нь албан хэл ба аялга хоорондын харилцаа, харилцан үйлчлэл нь тодорхой бэрхшээл үүсгэдэг. Аялгын түүхэн үндэс нь хэдий чинээ тогтвортой байна, тухайн үндэстний бүх гишүүдийг утга зохиолын нэгдсэн хэлд нэгтгэх нь төдий чинээ хэцүү. Дэлхийн олон оронд, тухайлбал, Итали, Индонезид тодорхой бүлгийн зарим аялга нь утга зохиолын ба үндэсний хэлтэй амжилттай өрсөлдсөөр байгаа гэнэ.
Хятадууд өөрснийхөө хэлийг “хань хэл” гэж нэрэлдэг боловч үнэндээ хятад хэл гэж байхгүй. Хятад хэлийг 6-8 бие даасан аялгатай (диалект) гэх авч үнэндээ хоорондын ялгаа нь аялга гэхээсээ тусдаа бие даасан хэлний шинжтэй. Эдгээр хэлнүүд аман яриагаар хоорондоо олголцох бололцоогүй, ялангуяа умардын ба өмнөдийн хэлнүүд тэс өөр. Энэтхэг-европ язгуурын хэлний европ хэлнүүдийг дотор нь роман, герман, слав овгийн гэж ангилдагтай төстэйгээр хятад хэлийг дотор нь ялгаж ангилж болмоор. Хятад хэлнүүд бүгдээрээ хятад-төвд язгуурын хэлд багтдаг ч, нэг овгийн англи, африкаанс, иврит хэлтнүүд яаж ч чармайгаад биенээ ойлгохгүйтэй адил. Кантон хэлтнүүд мандарин хэлийг ойлгохгүй ч, вьетнамчуудтай тун төстэй хэлтэй. Гэтэл кантон нь болохоор хань хэл, вьетнам нь энэ ангилалд багтдаггүй тусдаа хэл гэхээр хятад хэлний ангилал зүй нь хэл шинжлэлийн гэхээсээ улс төрийн шинжтэй мэт. Гэвч хятад овгийн хэлтнүүдийн нэг том онцлог нь бүгдийг нь бичиг үсгээр холбосон тул хэн нь ч уншаад бусдынхаа хэлийг ойлгоно, уншина, бичнэ. Морь гэхээр морь, заан гэхээр заан зураад тавьчихдаг ханз бичиг нь авианы биш дүрсэн тэмдэгттэй. Хятад хэлнүүд тухайлбал авианы бичигтэй байсан бол нэгдсэн улсаа байг гэхэд нэгдсэн хэлтэй гэх бололцоо үгүй. Энэ бүхнийг зохицуулж мандарин хэлэнд тохируулан баримжаа хятад хэл буюу "пудон хуа" хэмээх бичлэг зохиож албан ёсны болгожээ.
Монгол хэлний уран зохиолын, утга зохиолын, үндэсний албан хэл хэзээ яаж хэрхэн бий болсон нь нэлээд маргаан дагуулах байх. Юутай ч XIV зууны эхээо их бичгийн хүн Чойжи-Одсэр монгол хэлний уйгаржин бичлэгийн дүрэм зохиож нэвтрүүлснээр монголчууд бичгийн хэлтэй болжээ. Гэвч өргөн уудам нутагт цөөхүүл аж төрдөг монгол үндэстэн “жалгаа” даган маш олон нутгийн аялгатай болсон байна. Хэдийгээр судлаачид монгол хэлийг төв, өмнөд, баруун аялгын бүлэг болгон хуваадаг ч, бичигтээ баригдан дундын нэг хэлээ барьсаар ирсэн юм. Өдгөө Оросын зарим судлаачид монгол хэлийг монгол хэлтнүүд гээд арав гаруй бие даасан хэлд хуваасан нь нэг талаас харвал хотгойд хэл, сартуул хэл гэх мэтээр дэндүү зохиомол, гэвч нөгөө талаас харвал Оросын хараат монгол үндэстний нийтлэг уйгаржин бичгийг хэрэглээнээс халснаар халх, буриад, халимаг аялгууд кирил бичгийн тус тусын аялгаа дагасан шинэ бичлэг төдийгүй шинэ хэл үүсэх үүд хаалгыг нээжээ.
1940-өөд онд БНМАУ-д хүн амын олонх халхчуудын аялгад тулгууралсан цоо шинэ бичиг үсэг буй болсноор монгол хэлний нэг салаа халх хэл шинээр буй боллоо. Энэ нь Өвөр Монгол, Оросын буриад, халимаг нарынхаас морфолог, фонетик, синтаксис, үсгийн дүрэм зэргээр үндсээрээ бусад монгол аялгуудаас тэс өөр. Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм гэгдэх бичиг нь 700 гаруй жил хэрэглэн төлөвшсөн уйгаржин бичгээс их өөр (зарим судлаачдын тооцоолсноор 230 гаруй зөв бичлэгийн дүрэмтэй), үсгийн дүрэм болон үг өгүүлбэрийн бүтэц ангилал зүй нь орос хэлэнд нэлээд тулгууалсан. Гэвч энэ үеэс буюу албан ёсоор кирил үсэгт шилжсэнээр БНМАУ-ын монголчууд өөрийн шинэ утга зохиолын хэлтэй болж эхэлжээ. Кирил үсгийг нийтээр тогтоон уншиж бичих болсноор БНМАУ-ын нутагт амьдардаг олон аялга бүхий ястнууд нэгдсэн нэг хэл аялга рүү нэгдэв. Үүнд радио, сонин хэвлэл, ном дэвтэр голлох үүрэг гүйцэтгэсэн.
Албан ёсны халх хэл бий болоход хамгийн түрүүн утга зохиолын хэл манлайлсан. Дамдинсүрэн, Эрдэнэ, Түдэв, Дашдооров, Сэнгээ, Ринчин, Пүрэвдорж, Чойном… зэрэг авъяаслаг зохиолч найрагчид нэг талаас бичиж, нөгөө талаас бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан БНМАУ-ын иргэд уншиж байв. Энэ нь утга зохиолын шинэ хэл буй болон алхам алхмаар албан ёсны, ажил хэргийн, бичиг баримтын, шүүхийн, сургууль боловсролын утга зохиолын хэл болон төлөвших үндэс суурь болжээ. Ингэсээр 1992 онд баталсан Үндсэн хуульд анх удаа “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн заалт хуульчлагдлаа. Үүнийг "төв хэл" ч гэж нэрэлдэг, төрийн хэрэглэдэг хэл юм. Гэхдээ ихэвчлэн “албан ёсны хэл” гэдэг. Ингэж Монгол улсын төр, олон нийт, мэдээллийн хэрэгслэл, шүүх, сургууль боловсрол, нийт Монголын ард түмэн албан ёсны хуульчлагдсан үндэсний хэлтэй болсон.
2025. 01. 13
Баабар