sonin.mn

Хэр чадлаа зөвөөр үнэлэхүйн гоосайхан (хэрээ мэдэхүйн гоосайхан)


Хүний ухааныг, боловсролыг, авъяасыг, тэвчээр хатуужлыг, нарийн мэргэжлийг, амьсгалаа барьж чадах хугацааг, өргөж чадах ачааны жинг нь гэхчилэн маш олон, бүр хэдэн арван чухал шинжийг нь хэмжиж, үнэлж болох юм. Хамгийн энгийн жишээ гэхэд л манай оронд 4-р анги, 7-р анги, 10-р анги төгссөн сурагчийн ерөнхий боловсролыг 1959 онд 11 хичээлээр (4-р анги), 1962 онд 17 хичээлээр (7-р анги), 1964 онд 20 хичээлээр (10-р анги) үнэлж, дүн тавьж төгсгөж байжээ. МУИС-ийн инженер-эдийн засгийн анги төгсөгчид 1975 онд сурлагаа нийтдээ 44 хичээлээр үнэлүүлж төгсчээ. Энэ бол тухайн сурагчид, оюутанд багш нарын нь өгсөн үнэлгээ, дүн юм. Сурагч, оюутанд хүмүүс дүн тавьжээ. Үүний зэрэгцээ хүн нэг бүрд “ХЭРЭЭ МЭДЭХ” гэдэг өөрийн үнэлгээ бас буй. Их, дээд сургууль төгсөөд, 5 орчим жил ажиллаад, өөрийгөө сайтар таньж мэдээд, өнгөрсөн болон одоогоо ойлгоод, ирээдүйгээ ойролцоогоор төсөөлөөд, тухайн хүн өөрийгөө үнэлэх боломжтой болдог ажээ. 


“Хэр чадлаа зөв үнэлэх, хэрээ мэдэхүйн гоосайхан” гэх үзүүлэлт, үнэлгээ бол нилээд дээр үеэс л яригдаж, тооцогдож иржээ. Ийм үнэлгээ Монголд маань ч байсан, одоо ч мөн байгаа. Гэхдээ нилээд ухаалаг, “доороо суурьтай, дотроо бодолтой” хүн л өөртөө дүн тавьдаг, аливаад хэрээ мэдэж үг хэлдэг, үйлдэл хийдэг гэнэ. Харин сүүлийн 35 жилд манайхан, нэн ялангуяа залуус энэ талын мэдлэг, мэдрэмж, соёлгүй болчихжээ. Улстөрчид гэгдэх залуус бараг л бүгдээрээ өөрсдийгөө УИХ-ын гишүүн, сайд, шадар сайд, ерөнхий сайд, бүр ерөнхийлөгчийн ажил, үүрэг гүйцэтгэж чадах хэмжээнд бэлтгэгдчихсэн мэтээр дэвэргэж бодох, өсгөж тооцох болцгоочихжээ. Тэднээс цөөхөн хэд нь тийм зиндааны ажил ч хийгээд үзэцгээчихлээ. Гэвч тэдний хэн нь ч өчүүхэн ч болов амжилт гаргаж чадсангүй. Нэг хэсэг нь гэмт хэрэгт холбогдлоо, нэг хэсэг нь онигооны баатар боллоо. Нэг хэсэг нь улстөрийн амьд хүүр болж хоцорлоо…


Нийгэм нэг төлөв байдлаас өөр нэгэн төлөв байдалд шилжих үед элдвийн үзэгдэл гарч, элдвийн хүн тодорч, булхай, луйвар ч дагалддаг нь байдаг л зүйл. Гэхдээ 1990 оноос хойших жилүүдэд Монголд гарсан олон сөрөг зүйл, булхай, луйврын ихэнх нь хүлцэхэд ч бэрх, ойлгоход ч хэцүү, зарим нь бүр тэр цаг үедээ баймгүй хачирхмаар гэнэхэн тэнэгхэн залилангууд байв.


Ерөнхийлөгчийн үзмэрч, биенээс гал гарч хувцас нь шатдаг бүсгүй, Ромбу гариг ба алтан цөгц, “тэрбумтан” Жаргаланхаан, алт дилерийн хэрэг, өмч хувьчлалын булхайнууд, банкуудын дампуурал, гаалийн татварыг тэглэж үйлдвэрүүдийг хаалгасан алдаа, утаатай тэмцэх нэрээр хийсэн олон янз луйвар булхай, олон салбар дахь ченжүүдийн заль мэх, бүгдийг нь хамтатгаад нэрлэх юм бол “Байсан бүхнээ, байгаа бүхнээ устгах, үрэн таран хийх, иргэдээ ажилгүй болгох, ядууруулах, зах замбараагүй байдлыг үүдэх, залуусаа мөнгө, ажил эрсэн эдийн засгийн цагаачид болгох, эмзэг бүлгийнхнийг траншейнд хөөж оруулах, хүүхдүүдийг золбируулах, цааш цааш нь архи, тамхи…” гээд л уруудаж өгсөн дөө. Одоо бүр хар тамхи, элдэв мансууруулах бодис, эм тариа, электрон тамхи, үнэртэх бодис, элдэв шашинцар…


1990 оны дараахнаас л элдэв ид шидтэн, бөө, удган, Ромбу гаригтай холбоо баригч, ерөнхийлөгчийн үзмэрч, биенээс нь гал гардаг бүсгүй гэхчилэн булхай, луйвар, залилангийн шинжтэй олон зүйл хот, хөдөөгүй гарч, хүмүүс тэдэнд итгэж байсан нь XX зууны эцсээр тохиолдсон гэхэд ичгүүртэй үзэгдэл байж билээ. Хүний биенээс хувцас нь шатах хэмжээний гал гарна гэж юу байх билээ. Хүн төрөлхтний түүхэнд тийм баримт ч байхгүй. Хүн бол биеийн хувьд жирийн нэг хөхтөн амьтан шүү дээ... Мухар сүсэг, сохор бишрэл, боловсролгүй, гэнэхэн, мунхаг хүмүүс хэрхэн төөрөлдөж чаддагийн тод жишээ, бүр тодоос тод жишээ байв. Эрдмийн зэрэг, цолтой судлаачид хүртэл тэр бүхэнд итгэсэн, автсан байж билээ. 


Зарим оронд иргэдийн ухамсрыг “гудамжны, хогийн гэгдэх түвшинд барьж байх, муу муухайд хялбархан уруу татах, зохион байгуулахын тулд” гар утас, интернэт, сошиал сүлжээг ашиглах болов. Энэ зохисгүй арга, барил Монголыг маань ч тойрсонгүй. Тэнд цацагдаж буй хараал зүхэл, гүтгэлэг, доромжлол, тэнэглэл, солиорол хүүхэд, залуусыг маань хэн болгож хувиргах бол оо? “Азиас Ар Монгол түрүүлж солиорох магадлалтай гэж та харахгүй байна уу?” гэж нэг согтуу сингапур жуулчин өвгөн надаас өнгөрсөн намар асуусан юм шүү...


Байснаа, байгаагаа тордоод, өөд нь татаад урагшлахын оронд бүр устгаж, үгүйсгээд, өөр орон, өөр улсыг дууриаж, хуулбарлаж амьдрахыг оролддог зан авир бол ердөө л тэнэглэл юм. Ингэсэн улс орнуудын зарим нь устаж, үгүй болж байжээ. 

90 оны дараахан манай зарим том дарга гадаадын тэрбумтан эрж, урьж, хөглөж байсны нэг жишээ бол Индонез гаралтай, Голландын иргэн, эвгүйхэн намтартай (хөлсний алуурчин байсан гэгддэг) Жаргаланхааныг урьж нэрээ хөөдсөн баримт юм. Манай эрдэмтдийн томоохон комисс хөхтөн амьтны биеэс гал гарах боломжтой мэтийн дүгнэлт хийж хэн нь хэн болохоо харуулсан нь ч ховор жишээ. Төрийн ордонд үзмэрч ажиллаж байсан нь ч тун ховор үзэгдэл. Алт дилерийн хэрэг ч гэсэн луйвар талдаа л орох болов уу. Импортын гаалийг тэглэсэн нь яг үнэндээ бол үндэсний үйлдвэрлэлд (аж үйлдвэр, хөдөө аж ахуйд) өгсөн үхлийн цохилт байв. Утаатай, түгжрэлтэй хийж ирсэн тэмцлийг ужигруулах, үр дүнгүй шахам байлгах нь үр дагавраараа бол олон мянган иргэний аминд хүрсэн үйлдэл, эс үйлдэл болчихлоо.


Айдас хүйдэст автуулахуйц өөр жишээ, баримт ч олон буй. Иймэрдүү үйлдэл, үр дагавар, гамшигт нэр, гар нь шууд холбоотой олон хүн төрийн дээд шагнал авцгаасан нь бас л нэг “Монголын гэх онцлог болж” гадныханд ойлгогддог юм байна. Өмнөд хөршийн маань нэг судлаач яг л ийм ойлголттой явж байна билээ…


Том даргын ажил, суудал санал болгоход “би чадах болов уу” гэж эргэлздэг хүн алга болчихжээ. Ингэхлээр хэр чадлаа зөв ухаардаг, өөрийгөө зөв үнэлдэг хүмүүнлэг, оюунлаг чанар, түүний гоосайхан иргэдийн маань боловсрол, хүмүүжлээс зайлан оджээ. 

Төгрөгийн ханшийг хоёр дахин унагаасан засгийн газрын тогтоол бол цаасан мөнгөний хэмжээ болон бэлэн барааны хэмжээ хоёрыг механикаар ойртуулах гэсэн тун ч бүдүүлэг арга хэмжээ байв. Өнөөдөр ийм тогтоол дахиад гарвал бид нэг долларыг 3400-аар биш 6800 төгрөгөөр худалдан авах болох нээ? Ийм хүчирхийлэл байж болох уу? “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэхийн жишгээр орсон арга хэмжээ тун ч олон удаа авагдсан нь үнэн юм. Харамсалтай нь тэр бүхнээсээ сургамж авахгүй, бурууг нь ч ойлгохгүй, мөн элдвээр давтахад ч бэлэн хэвээрээ л байцгаах ажээ. “Долоо хэмжиж байж нэг огтол”, “олон талаас нь судалж, үзүүлэх нөлөөллийг нь баттай тогтоож байж шийдвэр гарга”, “Бушуу туулай боривондоо баастай”, “Түргэн горхи далайд хүрдэггүй”, “Сохор хүнээс суралц: Тэд нар чинь гишгэх газраа тэмтэрч үзэхээс нааш хөлөө тавина гэж ч үгүй шүү дээ!” гэхчилэн болгоомжлох, үл эндэхийн учрыг ухуулсан сайхан сайхан үг, сургаалыг заах, сурталчлах, залуу үедээ эзэмшүүлэх юмсан…


Залуус ядаж л эцэг өвгөдийнхөө үнэт уламжлал, гүн ухаан, чадаж, ялж ирсэн туршлагаас нь бага ч болов суралцаасай. Зөвхөн дайтаж, ялж байсан чадавх нь гэхэд л 13-14-р зуунд дэлхийд манлай нь байжээ. Энэ үед Америк тив, Австрали тив нээгдээгүй, Африк тивийн зөвхөн хойд хэсгийг л хүн төрөлхтөн мэддэг, дэлхий маань Ази, Европ хоёроор л төсөөлөгдөж байсан цаг үе шүү дээ. Монголын морьт цэрэг газар дундын тэнгис хүрсэн, Африкийн зүүн хойд эрэг хүрсэн нь үндсэндээ л дэлхийг бүхэлд нь шууд болон дам нөлөөндөө оруулсан, давагдашгүй цэрэг арми болж хувирсан гэсэн үг.


Монголын эзэнт гүрний дараагаар буй болсон том улс орнуудад үзүүлсэн нөлөө, эерэг сургамж, даяарчлал нь өнөөдөр ч гэсэн үнэ цэнтэй хэвээрээ байгаа юм. 


Дэлхий дахины түүхэнд Монголын эзэнт гүрнээс том хэмжээтэй эзэнт гүрэн байсангүй. Тэгтлээ томорч чадсаны, том хэвээрээ удтал оршин тогтнож чадсаны цаад учир, шалтгааныг тов тодорхой болгон үзүүлж чадсан судалгаа одоо хэр хийгдээгүй байгаа нь ч үнэн болно. Хамгийн том эзэнт гүрнээс хамгийн чухалд тооцогдох олон сургамж үлдсэн нь ч тодорхой юм. Энэ өнцгөөс нь судалж таних, нээн харуулах, өнөөдөр ч үргэлжилсээр байгаа олон олон эерэг үр дагавар, сургамжийг нь нийтэд сурталчлах юмсан. Даанч тийм зэрэг, зиндааны судлаач, сэтгэгч одоохондоо алга даа…


Эх түүхээ дахин давтан эргэж харах, үнэнд ойртуулж дэлгэрүүлж бичих, олон хэлтэй, олон бичигтэн судлаачдыг бэлтгэх, ядаж л сүүлийн 4 мянган жилийн турш дахь зам мөрөө, буудал суудлаа, нэгдэл задралаа, хүчирхэгжилт доройтлоо монголчууд бид өөрсдөө, өөрөөрөө төвлөн, өөрийн намтар түүх хэмээн бичих, сурталчлах нь чухал байна. 


Улс орон нэг бүр, ард түмэн нэг бүр эх түүхээ, явж өнгөрсөн зам мөрөө чухамхүү өөрөөрөө төвлөж, өөрийнхөө эрх, ашгийн үүднээс, өөрийнхөө одоо болон ирээдүйд зориулж, залгамж хойч үеийнхээ зам, мөрийг гэрэлтүүлж, үнэн мөнрүү нь чиглүүлж бичих, үлдээх ёстой. Амин чухал энэ ажил монголчууд бидний хувьд ч хийгдээгүй байгааг дээр, дооргүй анхааралдаа авч, энэ цаг үеийн олгож буй алтан боломжийг ашиглан хийж дуусгах хэрэгтэй байна.


Алгуурлаж, оройтох, бусдын үг, амыг харах, бусдаар хийлгүүлэх гэж хүлээх, өнгөрсөн цаг үе, нөхцөл, байдлын нөлөөнд автах зэргээр үзээд өнгөрөөсөн алдаануудыг давтан гаргахгүй юмсан. 



Судлаач, профессор Д.Чулуунжав