Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа УИХ-ын гишүүн Сонгобайн Замираг урьж, ярилцлаа. Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа үндэстний цөөнх казах эмэгтэй УИХ-ын гишүүн сонгогдсон нь С.Замира билээ.
Алтай Таван богд хайрхны өвөрт өссөн охин
Монгол орны дээвэр хэмээгддэг Таван богд уулын бэлд С.Замира мэндэлж, тэнд хүн болсон. Үүгээрээ тэрээр ихэд бахардаг. УИХ-ын гишүүн болоод нутагтаа очиж, Алтай Таван богдын тахих ёслолд оролцоод иржээ. Төрж, өссөн нутаг ус минь намайг их сайхан хүлээж авсанд бэлгэшээж суулаа. “Өмнөх жилүүдэд Алтай Таван богдыг тахих үеэр цаг агаар ихэд ширүүн байсан бол энэ удаад цэлмэсэн сайхан өдөр тохиолоо” хэмээн тахилгад оролцсон хүмүүс сэтгэл тэнэгэр байжээ. Энэ нь түүнд ихэд сайхан сэтгэгдэл төрүүлсэн бололтой, сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байв. Хүн байгаль хийгээд хүний төрсөн нутгийн энерги гэдэг сэтгэлээс нь хэсэгтээ л гардаггүй, их эрч хүч өгдөг учраас тэр шүү дээ.
Тэрээр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн. Түүний өвөг дээдэс Алтай Таван богдын өвөр бэлээр нутаглаж, С.Замирагийн бага нас тэнд өнгөрсөн байдаг. Атаархмаар ч юм шиг. Хүний бүрийн тэмүүлэн очиж, дуу алдан гайхан биширч, адис авдаг Алтай Таван богд шүү дээ.
С.Замирагийн аав Р.Сонгобай 27 хүүхэдтэй, чинээлэг айлын хүү байсан гэдэг. 28 хүүхдийн долоо нь ихэр бөгөөд ихрүүдийн нэг нь Р.Сонгобай. Түүний ихэр Р.Жаншибай. Тэд Халх голыг чөлөөлөх дайнд оролцож, гавьяа байгуулсан ахмад дайчид. Тэдний нэр одоо ч Монгол Улсын Зэвсэг хүчний түүхэнд тодоор бичигддэг. С.Замира “ Ер нь миний өвөг дээдэс оюун санааны хувьд ч эрдэм, мэдлэгтэй, боловсролтой хүмүүс байсан. Эрдэм мэдлэгтэй, мэргэ төлгө хийдэг, ард иргэдийн аливаа өвчнийг илааршуулдаг, галзуурсан хүнийг ч домноод эмчилчихдэг ийм хүн байсан. Аавын минь талынхан ер нь их биерхүү, өндөр хүмүүс. Аав минь 97 нас хүрээд, өөд болсон. Ах эгч дүү нар ч нэлээд өндөр насалцгаасан даа” гэв. Харин ээж талынхан нь ном судартай, мэргэч төлгөч, бүргэдчин хүмүүс байжээ. Түүнээс дээш үедээ ноёд, баатар хүмүүсийн удамтай. Ахтай баатрыг одоогийн Шинжаан Уйгарын нутаг дэвсгэрт, Көбеген баатрыг Казакстанд нутаглуулсан байдаг энэ талаар тухайн газар орных нь хүмүүс сайн мэднэ. Баатруудыг алдаршуулж, өвөг дээдсийнх нь тухай баримтат кино хийж олны хүртээл болгож байсан гэдэг. Аав ээж нь хүүхдүүддээ “Хүн хүндээ туслах ёстой. Хүн хүнээ харж хандах ёстой. Ядарсан хүмүүст гараа сунгаж байх ёстой. Хүний юмыг булааж авч болохгүй. Хулгай хийж, худлаа ярьж, хүнийг хуурч болохгүй. Хоол ундаа зөв замаар олж ид ” хэмээн сурган хүмүүжүүлж ирсэн гэдэг. Бид ч аав ээжийнхээ энэ үзэл санааг үргэлжлүүлж, мөнчгөрөөрөө амьдарч яваа улс даа” хэмээн С.Замира хэлэв.
“Хуулийн сургуульд шалгалт өгч байлаа”
Түүнээс “Замира” гэдэг ямар утгатай нэр юм бэ” хэмээн асуучхав. Тэрээр “За мира шүү дээ. Даян дэлхийн энх тайвны төлөө гэсэн үг юм” хэмээн инээмсэглэнэ. С.Замира Улаанхус сумын найман жилийн сургуулийг төгссөн. Тэр үед зам тээврийн осолд орсон нь нэг хэсэгтээ л бие, сэтгэлийг нь эмзэглүүлж байжээ. Ойгор бригад сурч байсан 20 гаруй хүүхэд машинтай явж байгаад зам тээврийн осол орсон. “Зил-130” автомашин гурав өнхөрч, гурав хуваагдсан том осол гарч байжээ. С.Замира тэнд сууж явсан бөгөөд хэд хэдэн найз нь нас баржээ. Тэрээр “Тэр осол одоо ч надад санагддаг. Миний амьдралын нэг бараан толбо болж ирсэн. Ослын шокноос гарах гэж тухайн үедээ маш их эмчилгээ хийлгэж байсан. Наймдугаар ангийн сурагч байсан учраас хичээл номдоо ч анхаарах анхаарал суларсан. Гэсэн хэдий ч маш их эмчилгээ хийлгэж, хичээлдээ анхаарах гэж хичээсэн дээ” гэв.
Ингээд тэрээр Өлгий хотын арван жилийн сургууль төгсөж, хуульч болох мөрөөдөлтэй байсан ч ослын дараах хүндрэлүүд түүний биед үргэлжилсээр байсан учраас тэрээр хүсэж байсан сургуульдаа элсэн орж чадаагүй байна.
Тухайн үед прокурор асан Ё.Сагсай гуайтай хамт хуулийн ангид шалгалт өгсөн ч хуваарь авч чадаагүй юм. Ингээд Завхан аймгийн Худалдааны техникумд суралцаж, худалдааны мэргэжил эзэмшсэн. 1976-1983 онд Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн трест барааны мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, 1983-1985 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд барааны мэргэжилтэн, 1985-1991 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газарт мэргэжилтэн, ахлах диспетчр, Бөөний бараа баазын даргаар дэвшин ажилласан. Ингэхдээ тэрээр сурч боловсрох хүсэл эрмэлзлээ ч хойш тавиагүй. 1989 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2009 онд төрийн удирдлагын академид бизнесийн удирдлагаар мэргэшжээ.
“Эмэгтэй хүн хэмээн гадуурхагдаж явсан үе цөөнгүй”
Түүнийг бөөний бараа баазын даргаар ажиллах үед зах зээлийн шуурга дэгдэж, бүх лангуу, агуулах хоосон, бараа тавааргүй болсон гэдэг. Ард иргэдийн ахуй амьдрал муудаж, нийгмийн байдал хэцүү болжээ. Тэр үед Баян-Өлгий аймагт Даянгийн боомт нээгдсэн нь бас нэг боломж байв. Тухайн боомтоор өргөн хууль бараа таваар оруулж ирэх хэлэлцээг хийх ажлын хэсэгт Бөөний бараа баазын даргын хувьд С.Замира багтжээ. Ажлын хэсгийнхэн Даянгийн боомтоор гарч, БНХАУ-ын Алтай аймагт очиж, Гадаад худалдааны компанийн төлөөллүүдтэй хэлэлцээ хийж, ард иргэдэд хоол хүнс, болон хангамжийн бараа авчрах ажлыг тун амжилттай зохион байгуулсан. Гэвч энэ үйл явдал нь түүнийг Бөөний бараа баазын даргын ажлаа хүлээлгэн өгөх нэг шалтгаан болжээ.
Тэрээр хэлэлцээг маш амжилттай хийсэн, ард иргэддээ хоол хүнс нийлүүлэх боломжтой боллоо хэмээн баярлаж байсан ч энэ ажил тухайн үеийн дарга нарт таалагдаагүй, ажлаа хүлээлгэн өгсөн гэдэг.
Хамгийн хачирхалтай нэг шалтгаан нь "Эмэгтэй хүн гэртээ хүүхдээ хараад суух ёстой. Төрийн ажилд манлайлж оролцох нь зохимжгүй” хэмээн үзсэн гэдэг. Тэрээр дотроо багахан гомдолтой байсан ч аймгийн бөөний бараа баазын даргын ажлаа өгчээ. Гэхдээ сэтгэлдээ бууж өгсөнгүй. Нөхөртэйгөө ярилцан зөвшилцсөний үндсэн дээр холбогдох хүмүүсээс албан ёсны зөвшөөрлийг нь авч “Бүркит корпораци” байгуулж, өөрийн өмнө хийж байсан худалдааны хэлэлцээг амжилттай үргэлжлүүлжээ. “Бүркит корпораци” бол 1991 онд байгуулагдсан Монголын ууган хувийн хэвшлийн компаниудын нэг. Тэнгэрийн хүчтэй жигүүртний нэрээр компаниа нэрлэж, ард иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг бүсийн хэмжээнд нийлүүлсэн байна. Даянгийн боомтоор угаасан ноосоо гаргаж оронд нь гурил будаа, зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авдаг байжээ. Зах зээлийн шуурганд өртсөн хүнд хэцүү цаг үед ард иргэдийг хоол хүнсээр хангана гэдэг нэгэн төрлийн буянтай ажил байсан гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. “Бүркит корпораци”-ийн үйл ажиллагаа цар хүрээ өргөжиж, нэхмэл сүлжмэлийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр, гутлын үйлдвэр байгуулж, зах зээлийн хүнд хэцүү нөхцөлд 200 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байжээ.
“Хань минь компаниа удирдаж, би төрд зүтгэж байна”
"1991 оноос хойш хувийн компани удирдаж, цаг үеийн олон саад бэрхшээлүүдэд “алгадуулж”, хүмүүст сайн муугаар их хэлэгдсэн. Гэсэн ч хань минь хажууд байсан учраас надад зовлон байгаагүй".
Түүний дараа С.Замира 2015 онд бас нэгэн компани байгуулж ажиллуулсан нь “Хабекомон” ХХК байв. П.Жасрай гуай Засгийн газрыг тэргүүлж байх үед “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэр үед худалдаа эрхэлж байсан томоохон компаниудыг алтны бизнес рүү ор гэж зөвлөж байжээ.
С.Замира ч хань У.Хажымураттайгаа зөвлөлдөж, улсаас тавьсан саналыг хүндэтгэн үзэж, саналыг хүлээн авч, уул уурхайн компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн гэдэг.
Тэрээр энэ талаар “Алт хөтөлбөр анхандаа их сайн хэрэгжиж, улсын хэмжээнд компаниуд жилдээ 20 гаруй тонн алт тушаадаг байсан. Гэтэл засаг төр солигдож, 68 хувийн гэнэтийн ашгийн татвар авах хууль болон урт нэртэй хууль батлагдаж, манай улсад үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниуд бараг бүгдээрээ дампуурсан даа. Гадаадын хөрөнгө оруулагч нар ч гэсэн манай улсыг орхин гарсан. 1991 оноос хойш хувийн компани удирдаж, цаг үеийн олон саад бэрхшээлүүдэд “алгадуулж”, хүмүүст сайн муугаар их дуудуулсан. Гэсэн ч хань минь хажууд байсан учраас надад зовлон байгаагүй. У.Хажымурат, С.Замира хоёр гээд нутгийнхан маань ч биднийг ихэд хүндэлдэг” гэлээ. Хажмуратынх таван хүүхэдтэй. Гишүүн маань алдарт эх. УИХ-ын гишүүн болоод эгэл жирийн ээжийн ажлаа хийх нь жаахан ховор болжээ. “Хүүхдүүд маань бүгдээрээ том болсон ч би 40 настай охиноо ч халамжилдаг хүн шүү дээ. Хань минь миний хамгийн том зөвлөгч, түшиг шүү дээ. Өндөр, мэдлэг боловсролтой, хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн. Одоо тэр минь компаниа удирдаж, би төрд зүтгэж байна даа” гэв.
“Би УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн үйл хэрэг түшилцэх хувь тавилантай хүн байжээ”
“Та 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болно” гэж төсөөлж байв уу гэхэд “Би гишүүнээр сонсогдоно гэж огт бодож байсангүй. Сонгуулийн өмнө надад хэд хэдэн нам нэр дэвших хүсэлт тавьсан. “Баян-Өлгий тойрогт нэр дэвшээч ээ, судалгаа хийсэн чинь та Баян-Өлгийд нэр хүндтэй хүн байна. Энэ тойргоос сүүлийн 30 жил эмэгтэй хүн гараагүй, дандаа эрэгтэй гишүүд гарсан байна. Тэгэхээр танд боломж байна. Танаас сонгуулийн мөнгө гаргахгүй” гэсэн санал хэд хэд ирж байсан. Энэ саналуудын талаар нөхөртэйгөө зөвшилцсөн. Гэтэл нөхөр маань “За Замира минь хэрэггүй дээ. Тойрогт явлаа гээд чи наад том намынхаа хүмүүст арчигдаад л дуусна. Харин намын жагсаалтад орох санал ирвэл би дэмжиж болно” гэж хэлсэн. Ингээд ИЗНН-аас санал ирж, нэрийн жагсаалтад орсон. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 35 жил өнгөрлөө.
Энэ хугацаанд ер нь яагаад казах эмэгтэй УИХ-д ард түмний төлөөлөл болоод гарч ирэхгүй байгаа юм бэ гэдгийг улс төрийн намууд анзаарч харж, байна. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгууль болгоноор Баян-Өлгий аймгаас гурван эрэгтэй хүн гар гараасаа хөтлөлцөөд л парламентад очдог.
Жендэрийн хувьд ийм жишиг тогтчихсон байсан гэсэн үг. Тиймээс яагаад эмэгтэйчүүд УИХ-д орж ирэхгүй байна, орж ирэх замд нь яг юу саад болоод байна вэ, мэдлэг, боловсрол, улс төрийн оролцоо дутагдаад байна уу гэдэг судалгааг сонгуулийн өмнө казах түмний дунд явуулсан юм билээ. Ингэхэд ерөөсөө мэдлэг, боловсрол дутсан юм байхгүй. Гарч ирэх боломж бололцоо нь нээлттэй байсан. Тиймээс ИЗНН-ын хувьд анх надад санал тавьсан байдаг. Гэхдээ гарна гэж бодоогүй. Намайг биш намыг дэмжээрэй гэсэн концевцтэй оролцоод гишүүн болчихсон” хэмээв. Мөн тэрээр “Би УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн үйл хэрэг түшилцэх хувь тавилантай хүн байжээ. Даанч их хугацаа алдчихлаа. 1990, 2000-аад оны сонгуулиудад том намуудаас нэр дэвшсэн бол сонгогдоод магадгүй хийх ёстой зүйлээ хийгээд улс орондоо хэрэгтэй олон ажил амжуулах байсан юм уу болов уу гэж боддог. Гэхдээ одоо надад цаг хугацаа байна. Бидний хойч үе амьдарч байгаа энэ орчин, миний өвөг дээдэс оршиж байсан энэ эх орон минь ингэтлээ доройтох ёсгүй шүү дээ. Ард түмэн нь баян тансаг, хүн болгон ажилтай орлоготой өндөр хөгжилтэй сайхан орон болох хангалттай цаг хугацаа байлаа. Өвөг дээдэс маань монгол оронд дайн байлдаан байхгүй, өлсгөлөн байхгүй. Тийм учраас эндээсээ хэзээ ч холдож болохгүй гэж хэлж захисан байдаг. Тэгэхээр эрүүл нийгмийг цогцлоон бүтээх шаардлагатай байна. Бүгдээрээ хамтаараа нэгдэж байж, сайн нийгмийг бүтээнэ шүү дээ. Түүнээс биш хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг биш ард түмний эрх ашиг нэг номерт байж өөдөө дээшээ явна шүү дээ” гэдгийг тодотгож байсан юм.
“Бүгдээрээ хамтаараа нэгдэж байж, сайн нийгмийг бүтээнэ шүү дээ”
С.Замира өмнө нь 1996 болон 2004 онд О.Дашбалбар агсны Монголын уламжлалын нэгдсэн намын нэр дээр УИХ-ын сонгуульд дэвшиж байжээ. Тухайн үед монголчууд Хувьсгалт нам, Ардчилсан нам гэж мэдэхээс бусад улс төрийн намуудыг төдийлөн сайн таньдаггүй байсан үе. Тэр үед гарчихсан бол гэсэн харуусал түүний сэтгэлийн гүнд байгааг нь мэдрэгдсэн. Тэрээр “Одоо надад хүмүүс юу ярьж байна гэхээр та түүхэнд үлдэнэ гэнэ. Тэр яах уу дээ, угаасаа хүн болгон түүхтэй шүү дээ.
Оройтсон ч гэлээ нийгмийн байдал тогтворгүй, ард түмний амьдрал тааруухан ийм цаг үед хариуцлагатай алба хүлээж УИХ-д орж ирлээ гэж бодож байгаа. Нэг минут, нэг цаг алдаж болохгүй, бослого тэмцэл гарна гэж айгаад суух нь хугацаа байхгүй.
Ард иргэдийнхээ төлөө, эх орныхоо эрх ашгийг төлөө бид олныг хийх шаардлагатай байна. Засгийн газраас танилцуулсан мега төслүүдээ хөдөлгөх ёстой. УИХ гэдэг хамгийн төрийн эрх барих хамгийн дээд байгууллага шүү дээ. Би өнөөдөр энд албан тушаалын төлөө, өөрөө баяжихын төлөө, зөвхөн үр хүүхдээ сайн сайхан явуулахын төлөө орж ирээгүй” гэлээ. Мөн тэрээр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийг үүсгэн байгуулагч, Монголын бизнесийн хатан хаан одонт цолтой байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн салбарыг Баян-Өлгий аймагт санаачлан байгуулсан. Өөрийн санхүүжилт, хөрөнгөөр урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах ажлыг давхар хийж байжээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл11
27 хүүхэдтэй гэнэ үү пөөх хасагууд
Халхын голын байлдаанд цорын ганц казак М.Экей баатар л оролцсон, тэр үед зазакууд цэргийн алба хаадаггүй бсан. Эдний аав1945 оны чөлөөлө х дайнд оролцсон байх л даа.
Сагсай гуайн үеийн гэхээр ч их хөгшин хүн болж бна уу даа ?
Маш сайхан санагдчихлаа. Ялангуяа бид худалдааныхан юм байна. Азкей арслангаа санан дурсаж явдаг. Их тохитой ,элдэв зангүй ,налайсан сайхан залуу байж билээ. Энэ талаар хожим уулзалдаж ярилцаж болно байх . Амжилт бүхнийг хүсье
хоож явуулаач д
мал минь чамайг л МАН-тай чинь цуг хөөж явуулмаар байна
ИЗ намаас дандаа боловсролгүй авгай нар орж ирж, Нарантуяа энэ 2 гэж хэлгүй королянууд, юу ч мэдэхгүйм чинь юугаа ч хэлэхэв
Төр ийн бодлого, татаасгүйгээр Монгол төр ийн өндөр албанд хүрсэн цорын ганц казах хүн ! Үүнээс өмнөх.......Жамлай,Хашгамбай, Курметбек.....цөм лифтчин. Азтай эмэгтэйд амжилт хлсье !
Үхэр монгол минь сэтэрхий тэвнэ сиймхий самбайгаа хийж чаддаг болоод тэгэж хуц. Тийм л сүрхий юм бол энэ улс орноо олигтойхон яваад явах чинь яагаав? нутаг жалга аймаг сум сургууль ангиараа талцаж хуйвалдаж луйвардаж улс оран нутаг усаа тонон дээрэмдэхээс өөр чаддаг юм та нар байна уу?
jender meender yriad yahav , harin huv hunii huvid ard irgediinhee amidrald tus dem bolj yvsan uil yvdlaa maralgui iriin amidrald tus nemer boloh sanaa sedej ajilaa amjilt olvol dahin gishuun boloh n gartsaagui !
Хуланда гэж японтой суусан хасаг хуухэн гишуун байсаншдээ