ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 9 /BBC/. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газар дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох ЗГХЭГ-ын дарга Антал Роганы эсрэг АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээ авчээ.
НАТО-гийн холбоотон улсууд өөр хоорондоо ийм арга хэмжээ авах нь ховор тохиолдол бөгөөд Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойших гурван жилийн хугацаанд АНУ, Унгарын харилцаа хэр зэрэг муудсаныг Вашингтоны шийдвэр харуулж байна.
"Роганыг Унгарын эдийн засгийн стратегийн салбаруудыг хянах схемийг зохион байгуулсныг нотлох мэдээлэл бий. Сайд Роган Унгарын ард түмний хөрөнгөөр өөртөө болон намдаа ашигтай тогтолцоог Унгарт бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн. Роганы үйл ажиллагаа нь Унгарын төрд үүрлэсэн олигархууд, ардчилсан бус улстөрчид ял шийтгэлгүй үлдэж болзошгүйг харуулж байна" гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.
"Антал Роган бол авлигын энэ тогтолцооны гол архитектор, гүйцэтгэгч, ашиг хүртэгч юм" гэж Будапештэд суугаа АНУ-ын Элчин сайд Дэвид Прессман мэдэгдсэн байна.
Д.Прессман ирэх долоо хоногт ажлаа өгөх юм. Тэрбээр Унгарт хоёр жил зургаан сар ажилласан бөгөөд Орбан болон түүний засгийн газрыг үе үе шүүмжилдэг байв. Түүнийг Будапештээс явснаас хойш хэдхэн хоногийн дараа Орбанд нааштай ханддаг, тэр ч байтугай түүнийг улс төрийн холбоотон гэж үздэг Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирнэ.
АНУ-ын Сангийн яамны шийдвэр болон Элчин сайд Д.Прессманы мэдэгдэлд Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто хариу мэдэгдэлд хийжээ.
"Энэ бол АНУ-ын засаг захиргаанаас Унгарт илгээсэн Элчин сайдын хувийн өшөө авалт юм. Манай улсыг дайсан биш найз нөхөр гэж хардаг хүмүүс АНУ-ыг хэдхэн хоногийн дараа удирдах гэж байгаа нь ямар сайн хэрэг вэ” гэж П.Сийярто Facebook дэх хуудсандаа бичсэн байна. Одоо Дональд Трамп болон Будапештэд суух Элчин сайд Мэтт Уитакер нар А.Роганы эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах эсэхийг шийдэх ёстой болж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Трамп ажилдаа оронгуутаа Оросын талаар хэл сэн ярьсан бүхнээсээ эргэж бухаад Оросыг яд арсан дээр нь нугаслах бодлого явуулана даа, харж л байгаарай ! Хуурай газрын эзэнт гүрэн буюу колонийн системийг бүрэн устгаснаараа дэлхийн түүхэнд сайнаар тэмдэглэгдэн үлдэх байхаа даа ! Дараа нь Хятадын асуудал бас ийм маягаар шийдэгднээ.
Бүү горьд. Оросын асуудлыг нааштай шийднэ. Хятадын эсрэг том дайнд Орос нь америкт ирээдүйд дэмжлэг үзүүлэх тул алсыг харсан шийдвэр гарна. Хятад Америкийн өрсөлдөөнд оросыг татан оруулахгүйгээр бодлого үргэлжлэхгүй.