sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 8 /VOA/. Конгрессоос 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрисыг ялсныг нь баталгаажуулсны дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп даваа гарагт анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ.


Тэрбээр Панамын суваг болон Гренландтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч хэрэглэх эсвэл эдийн засгийн шахалт үзүүлэхийг үгүйсгэсэнгүй.


Хэвлэлийн хурлын үеэр "эдгээр нутаг дэвсгэрт хяналтаа тогтоохын тулд цэргийн хүч хэрэглэхгүй эсвэл эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхгүй гэдгээ дэлхий нийтэд баталж чадах уу гэж асуухад Д.Трамп “Хэрэв та Панамын суваг, Гренландын тухай ярьж байгаа бол би баталж чадахгүй. Би энэ хоёр аргын алийг нь ч ашиглахгүй гэж амлаж чадахгүй. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс эдгээр нутаг дэвсгэр бидэнд хэрэгтэй гэдгийг би хэлж чадна" гэж хариулсан байна. 


Д.Трамп Мексикийн буланг Америкийн булан гэж өөрчлөн нэрлэнэ хэмээн мэдэгдэж, Мексик, Канадын импортын бараанд ихээхэн хэмжээний татвар ногдуулна гэсэн байр сууриа дахин илэрхийлэв.


Түүнчлэн далай тэнгист газрын тос, байгалийн хийн өрөмдлөг хийхийг хориглох тухай бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж буй Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрийг даруй цуцална гэдгээ онцолжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 20-ны өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орно, гэхдээ далайн 625 сая акр (253 сая га) талбайг түрээсээс чөлөөлөх тухай Ж.Байдены тушаалыг цуцлахад хэцүү байх болно. Учир нь 70 жилийн туршид хэрэгжиж буй Гадаад эх газрын эргийн усны тухай хууль нь Ерөнхийлөгч нарт түрээсийн гэрээг цуцлах, өрөмдлөг хийхийг хориглох эрхийг олгодог боловч 2019 онд гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх хоригийг хүчингүй болгох эрхийг олгодоггүй тул хоригийг цуцлахын тулд Конгрессын шийдвэр шаардлагатай гэсэн үг юм. Д.Трамп шаардлагатай бол шүүхэд хандана гэж мэдэгджээ. 


Түүнчлэн түүний засаг захиргаа Арктикийн үндэсний дархан цаазат газарт газрын тос, байгалийн хийн олборлолтыг эхлүүлж, салхин сэнсний шинэ төслүүдийг зогсооно гэдгээ мэдэгдэв. "Бид салхин тээрэм барихгүй байх бодлого баримтлах болно" гэж тэрбээр хэллээ.


Газын зурваст ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийн талаар асуухад, намайг тангараг өргөхөөс өмнө тэднийг суллахгүй бол “жинхэнэ там болгоно" гэж хариулжээ. Д.Трампыг тангараг өргөх өдрөөр энэ асуудалд ахиц гарна гэж найдаж байна гэж Ойрх Дорнод дахь түүний элч төлөөлөгч Стив Виткофф өмнө нь мэдэгдсэн юм. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг