Өчигдөр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, энэ хүрээнд МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулав. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99, охин хараат компаниудыг оролцуулаад нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42 хуулийн этгээд, Эрчим хүчний яам-27, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл), Сангийн яам-7, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4, Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд байна. Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1%-ийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байдаг.
Мөн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43% нь алдагдалтай ажилласан. Тайланд оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-3.5 их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-803 тэрбум төгрөг, “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” ХХК-101 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК-94.7 тэрбум төгрөг, “МИАТ” ТӨХК-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.
Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ гарсан.
ТӨХХК-23, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11, төрийн өмчит үйлдвэрийн газар-17, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд байна.
Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгасажээ. Үүнд төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгоно. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, журмыг тусгасан. Ингэснээр төр, орон нутаг эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой салбарт төрийн болон орон нутгийн өмчит компанийг хуулийн хүрээнд тодорхой шаардлагуудыг хангасан нөхцөлд л байгуулах гэнэ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийг эзэмшлийн хувь хэмжээгээр нь буюу төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн компани, төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани гэсэн хоёр төрлөөр компанийг ангилахаар тусгажээ. Түүнчлэн төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон аль нэг төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхойлсон байна.
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Н.Учрал энэ тухай: "Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай үр дагаврууд бий болно. Тодруулбал төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцоно.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрдэнэ. Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг тодорхой болгоно. Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно. Төрийн өмчит Компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна.
Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм." гэсэн юм.
Ер нь бол төрийн өмчит компаниуд дахь "төсвийн найр", үр ашиггүй байдал зах замбараагаа нэгэнт алдсан. Төрийн өмчит компани нь алдагдалтай шахуу ажиллаж байхад өөрсдийгөө шагнадаг, төрийн өмчит компаний зарим захирлууд спортын баг ивээн тэтгээд, компаний хөрөнгөө өөрийн мөнгө шиг үрээд явдаг гээд олон жишээг дурьдаж болно. Тэр бүү хэл ашигтай ажилладаг гэх компаниуд нь орон тоогоо ямар ч шаардлаггүйгээр хэт их нэмэгдүүлсэн байх нь ч бий. Хамгийн гол нь төр оролцох ямар ч шаардлагггүй, хувийн хэвшил хийж болох чиглэлд төрийн өмчит компани олноор байгуулах болсон.
Энэ бүх завхралыг цэгцлэх ажлыг зүүний намын залуу лидер Н.Учрал зориглон барьж авсан нь сайн хэрэг. Либералчлал юу юунаас илүү төрийн өмчит компаниудад хэрэгтэй байгаад санаа зовж буй нь түүний хуулийн төслийн танилцуулгаас илт мэдрэгдэж байлаа.
Гол нь одоо үр дүн л чухал.
Н.Учрал Төрийн өмчит компаниудыг ганцаараа цэгцэлж чадахгүй. Гэхдээ УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд дунд эрүүл саруул үзэл бодолтой, харьцангуй либерал чиг хандлагатай олон хүн бий гэдэгт эргэлзэхгүй. Тэд Төрийн өмчит компаниудыг цэгцлэх Н.Учралын санаачилсан хуулийг батлуулж, ард түмний мөнгийг хэмнэх үйлсийг дэмжээсэй билээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барих ажээ.
Э.Мягмар
Сэтгэгдэл14
Эрчим хүчний бугшсан мафи болсон дарга нараа солих хэрэгтэй шдээ
УЧРАЛД ИХ НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙГАА ШҮҮ. ДАРААГИЙН ЕС
Uchral chadah heregtei shu
МАН г тараа
Энэ яаж чадах юм ! Хувийн өмч шүтсэн мөнгөний шуналтай хүн хувьдаа авахыг л бодно. Уг нь улс өмчтэй байж төр нь хянаж хувийн өмчтэй шуналтангуудаас хамгаалж байх ёстой.
Өөрчилж чадахгүй ээ.ЭТТ Бүүр чадахгүй
Үё үёийн засгийн газрын хэрэг эрхлэх сайд нар төрийн өмчит кампаниудыг шалгана гэх нэрийдлээр очиж жаал архидаж сууж байгаад буцахдаа авлигын мөнгөө аваад буцдаг бөйсан юм ! Энэ Учрал баян аавын буянд арай тэгэхгүй байх ! Эрдэнэбатын засагт хэрэг эрхлэх байсан Жамьянгийн Мөнхбат гишүүн баараггүй тэгдэг байсан юм !
Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн байгууллагыг бүгдийг нь татан буулгах хэрэгтэй.
тахиан тархитай энэ уйлахаа залууг зайлуулах хэрэгтэй ямарч чадвар алгаааааа
Учрал чадах учиртай. Төрийн өмчийн 52-53 компани алдагдалтай ажиллаж байгаа юм байна. Сайн хууль батлуулчих. Бас дарга нар болон бугшсан хэдэн нөлөөтэй нөхдийг нь өөр хооронд нь солиод ч болов өөрчилчих. УИХ-ын гтшүүдээс эхлээд дарамт үзүүлэх байдал гаргавал ил тод зарлачих. Өмнөх албатуудыг нь яаж хөрөнгөжсөн тухай нийтэд мэдээллээд тэгсгээд л номхороод ирнэ дээ. Төрөөс баяжсан хүмүүсийг хэрхэх тухай хууль хийж байгаа гэсэн. Түүнийгээ хурдлаарай.
alaad baigaa geed baigaa toriin omchit kompaniudiig oiroltsoo huviin hevshliin kompanii ashig aldagdaltai haritsuulah yumsan
Учрал гэж энэ нөхөр ярьж байгаа зүйлийнхээ цаад нөхцлийг олж харахгүй байна л даа. Хоосон дэврүүн сэтгэл хог тарих муурын зулзгаас өөрцгүй
ЧАДАХААС БИШ.. ЯМАР ЭРХЛҮҮЛЭХ ГЭЖ ГАРГАЖ ИРСЭН БИШ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДАХ ХҮМҮҮС ЭРХ БИШ БАЙГАА БАЙЛГҮЙ
манайх шиг ийм замбараагүй, хариуцлагагүй, хуулиа сахиж мөрдөж чаддаггүй нөхцөлд төрийн өмчит компаниуд ашигтай ажиллана гэдэг бол зүгээр л үлгэр гэдгийг хэзээ ойлгох юм бол ? эсвэл ойлгохын дээдээр сайн ойлгосон мөртлөө зориуд ашиггүй ажиллуулаад байдаг юм болов уу ?