sonin.mn

КАРАКАС, 2025 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэл улс Парагвайтай дипломат харилцаагаа тасалсан тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.  Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж Парагвай улсын Ерөнхийлөгч Сантьяго Пена мэдэгдсэнтэй холбоотой ажээ. 


“Олон улсын хууль тогтоомж, улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг үл тоомсорлон, татан буугдаад байгаа Лимагийн бүлгийн уран зөгнөлийг санагдуулам бүтэлгүй үйлдлийг инээдтэй байдлаар давтаж байгаа Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пеньягийн мэдэгдлийг Боливарын Бүгд Найрамдах Венесуэл улс эрс няцааж байна" мэдэгдэлд дурджээ. 


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Эдмундо Гонзалес Уррутиатай ярилцаж, 2024 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялсан гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн гэдгээ Парагвайн Ерөнхийлөгч олон нийтийн Х сүлжээнд ням гарагт мэдэгдсэн байна.


“Үүнтэй холбогдуулан Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс бүрэн эрхээ хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Парагвай Улстай дипломат харилцаагаа тасалж, тус улсад итгэмжлэгдсэн дипломат ажилтнуудаа нэн даруй эргүүлэн татахаар шийдвэрлэлээ" гэж Венесуэлын Гадаад хэргийн яам мэдэгджээ.


Өнгөрсөн оны долоодугаар сарын 28-нд Венесуэлд сонгууль болж, одоогийн төрийн тэргүүн Николас Мадуро ялжээ. Сонгогчдын 51.95 хувь нь түүнд санал өгсөн байна. Мадурогийн гол өрсөлдөгч Эдмундо Гонзалес 43,18 хувийн санал авчээ. Сөрөг хүчний удирдагчдын нэг болох Мария Корина Мачадо сонгуулийн өдөр мэдэгдэхдээ, Гонзалесийн баг сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.Орос, Боливи, Хондурас, Иран, Хятад, Куба, Никарагуа зэрэг улсууд сонгуульд ялсан Мадурод баяр хүргэсэн бол Парагвай, АНУ зэрэг хэд хэдэн улс Мадурог гурав дахь удаагаа сонгогдсоныг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Гонзалесыг дэмжиж байгаа юм. Мадуро нэгдүгээр сарын 10-нд тангараг өргөнө. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг