sonin.mn

БУХАРЕСТ, 2025 оны нэгдүгээр сарын 1 /DW/. Шинэ оны эхний өдрөөс эхлэн Болгар, Румын улсууд Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болж байна. Тодруулбал, Шенгений хэлэлцээрт оролцогч бусад улстай залгаа тус хоёр улсын хуурай замын хилийн дагуу хийж буй хяналт шалгалт өнөөдрөөс зогсож байгаа юм.

Австри улс хоригоо цуцалсны дараа буюу гурван долоо хоногийн өмнө Европын Холбооны гишүүн улсуудын Дотоод хэргийн сайд нар Болгар, Румын улсуудыг Шенгений бүсэд нэгтгэх тухай шийдвэрийг гаргасан билээ. Ингэснээр Унгар ба Грекээр дамжин Шенгений орнуудад нэвтэрч буй Болгар, Румыний аялагчид болон ачааны машины жолооч нар хилийн хяналтын цэгүүдэд саатахааргүй болж байгаа юм. Болгар-Грекийн хилийн хяналтын 6 цэгээр нэвтрэх үед зорчигчид бичиг баримтаа үзүүлэх шаардлагагүй болж, Румынтэй залгаа хилийн 30 км урт хэсэгт зөвхөн түүвэрлэх байдлаар шалгалт хийх ажээ.





Өнөөдрөөс эхлэн Шенгений бүсэд нэгдсэн улсуудын тоо 29 болж байна. Үүнд ЕХ-ны гишүүн 27 улсын 25 нь, мөн Швейцар, Норвег, Исланд, Лихтенштейн багтаж байгаа юм.



Болгар улс гэхэд, Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болохоосоо өмнө жил бүр 834 сая еврогийн, Румын улс 2,32 тэрбум еврогийн алдагдал хүлээж байв. Румыний тээврийн компаниуд гэхэд, хилийн хяналтын саатлын улмаас жилд 90 сая еврогийн алдагдалд орж байжээ.

Шенгений бүсэд элсүүлэхэд хориг тавьж байсан Австрийн Дотоод хэргийн сайд Герхард Карнер байр сууриа өөрчилсөн шалтгааныг “хууль бусаар хил давах зөрчил эрс цөөрсөнтэй” холбон тайлбарлажээ.

Хууль бус цагаачлал нэмэгдэж буй учраас сүүлийн үед Герман, Нидерланд зэрэг Шенгений орнууд хилийн хяналтаа чангатгаж байна. 


Б.Адъяахүү