sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден халзан бүргэдийг албан ёсоор үндэсний шувуу болгох тухай хуульд Зул сарын баярын өмнөх өдөр гарын үсэг зуржээ. 


Цагаан толгойтой, шар хошуутай энэ шувууны дүрс 1782 оноос хойш баримт бичгүүдэд ашиглагдаж, Төрийн их тамга дээр олон жилийн турш төрийн бэлгэ тэмдэг байсаар ирсэн юм. Гэтэл Конгресс өнгөрсөн долоо хоногт холбогдох хуулийн төслийг баталж, гарын үсэг зуруулахаар Ж.Байденд илгээх хүртэл уг шувууг үндэсний шувуу гэж албан ёсоор тунхаглаагүй байжээ.


“250 орчим жилийн турш бид халзан бүргэдийг үндэсний шувуу гэж тунхаглаагүй ч гэсэн үндэсний шувуу гэж нэрлэсээр ирсэн. Харин одоо энэ цол албан ёсных болж байна” гэж Бүргэд судлалын үндэсний төвийн төлөөлөгч Жэк Дэвис ярилаа.


Гэхдээ халзан бүргэдийн үндэсний статусын тухайд хүн бүр санал нийлдэггүй. АНУ-ыг үндэслэгч Бенжамин Франклин уг амьтныг улс орноо төлөөлүүлэхээр сонгосныг эсэргүүцэж “муу суртахууныг илэрхийлэгч шувуу” хэмээн үзэж байжээ. Гэсэн хэдий ч Конгрессын гишүүд бүгд Б.Франклины үзэл бодолтой санал нийлээгүй байна. Халзан бүргэдийг бусад бүргэд шувуудын адилаар хүч чадал, эр зориг, эрх чөлөө, үхэшгүй мөнхийн бэлгэдэл гэж үзсээр ирсэн гэж АНУ-ын Ахмад зүтгэлтнүүдийн асуудал эрхэлсэн яам мэдэгджээ. Мөн бусад бүргэдээс ялгаатай нь халзан бүргэд бол зөвхөн Хойд Америкийн уугуул шувуу юм. Халзан бүргэдийг үндэсний шувуу хэмээн тунхаглах тухай хуулийг Миннесота муж улсын хууль тогтоогчид санаачилжээ. Сенатч Эми Клобучарын хэлснээр, энэ муж улсад халзан бүргэд шувуу хамгийн олон тоогоор суурьшин нутагладаг байна.


Мөн халзан бүргэд нь 1940 оны Төрийн сүлдний тухай хуулийн дагуу хамгаалагдсан бөгөөд уг шувууг худалдах, агнахыг хориглосон байдаг. Нэгэн цагт устаж үгүй болохын ирмэгт тулаад байсан боловч 2009 оноос хойш тоо толгой нь эрс өсжээ.


Халзан бүргэдийн тухай хуулийн төсөл нь Зул сарын баярын өмнөх өдөр Ж.Байдены гарын үсэг зурсан 50 хууль тогтоомжийн нэг юм. Тэдгээр баримт бичгүүдийн дотор их сургуулийн хотхон дахь хүчирхийлэл, амь насаа алдах явдлыг бууруулах тухай хууль мөн багтжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг