ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /NHK/. Японы эрх баригч Либерал ардчилсан намтай холбоотой санхүүгийн дуулиан дэгдсэний дараа улс төрийн шинэчлэлийн талаарх гурван хуулийн төслийг парламент баталлаа.
Хуулийн төслүүдийг мягмар гарагт болсон дээд танхимын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталжээ.
Хуулийн төслүүдийн нэгийг сөрөг хүчний долоон намаас өргөн барьсан бөгөөд уг төсөлд парламентад сонгогдсон гишүүдэд улс төрийн үйл ажиллагааных нь төлөө олгодог урамшуулал гэгчийг хасахаар тусгажээ. Сөрөг хүчнийхэн энэ урамшууллыг ил тод бус байна гэж шүүмжилж байсан юм. Комейто болон сөрөг хүчний Ард түмний төлөөх Ардчилсан намаас өргөн барьсан өөр нэг хуулийн төсөлд улс төрийн сангуудад хяналт тавих байгууллагыг парламентад байгуулах асуудлыг тусгажээ.
Харин Либерал ардчилсан намын боловсруулсан хуулийн төсөлд хөрөнгө босгох үйл ажиллагааны тасалбарыг гадаадын иргэд худалдаж авахыг хоригложээ. Мөн улс төрийн сангуудын тайлангийн мэдээллийг хайхад хялбар болгохын тулд мэдээллийн сан байгуулахаар тусгасан байна.
Гэвч компаниуд, байгууллагуудаас улс төрийн хандив авах нь зүйтэй эсэх тал дээр намууд тохиролцож чадаагүй байна. Хамгийн том сөрөг хүчин болох Үндсэн хуульт Ардчилсан нам ийм хандив авахыг хориглохын төлөө байгаа юм. Хууль тогтоогчид энэ асуудлаар гуравдугаар сарын эцэс гэхэд тохиролцоонд хүрэхийн тулд үргэлжлүүлэн хэлэлцэх аж. 10 дугаар сард болсон парламентын доод танхимын сонгуульд Либерал ардчилсан нам болон эрх баригч эвсэл дэх тус намын түнш Комэйто нам олонх болж чадаагүй юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Өвчит