БЭЭЖИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Ивая Такеши лхагва гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй Бээжин хотноо гурван цагийн турш хэлэлцээ хийжээ. Энэ нь тэдний хувьд албан тушаалдаа орсноос хойших анхны нүүр тулсан уулзалт байв. Уулзалтын үеэр ирэх онд Хятадын Гадаад хэргийн сайдын Токиод хийх айлчлал болон эдийн засгийн харилцааны асуудлаар өндөр дээд түвшний хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.
Сайд нар хоёр орны стратегийн нийтлэг ашиг сонирхолд суурилсан харилцан ашигтай хамтын ажиллагааг иж бүрнээр ахиулж, хоёр орны хооронд үр ашигтай, тогтвортой харилцааг хөгжүүлэхийн тулд харилцаа холбоогоо эрчимжүүлэхээ нотолжээ.
Мөн ирэх онд Ван И-гийн Японд хийх айлчлалыг аль болох ойрын хугацаанд, тохиромжтой цагт хэрэгжүүлж, хоёр талын холбогдох сайд нарыг оролцуулан эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ хийхээр тохиролцлоо. Түүнчлэн хоёр улс есдүгээр сард тохиролцсон хэлэлцээрүүдийг, тэр дундаа “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн болон шингэрүүлсэн усны асуудлаарх хэлэлцээрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрчээ. И.Такешигийн зүгээс, Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аль болох ойрын хугацаанд сэргээхийг Хятадын талаас хүссэн байна. 2023 оны наймдугаар сард АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс импортоо зогсоосон юм. Харин есдүгээр сард Японоос далайн бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээхээр тохиролцсон билээ.
Далайд асгаж буй уснаас ихэнх цацраг идэвхт бодисыг цэвэрлэсэн боловч тритий бага хэмжээгээр агуулагдаж байгаа юм. Цэвэрлэсэн усыг далайд асгахын өмнө станцын оператор компани тритийн хэмжээг ДЭМБ-ын тогтоосон ундны усны стандартын 1/7-тэй тэнцэх хүртэл хэмжээнд бууруулж шингэлдэг байна.
И.Такеши мөн Сенкаку арлуудын асуудал ба Хятадын цэргийн ажиллагаа идэвхжиж байгаад Токио ихээхэн санаа зовниж буйг илэрхийлсэн байна. Япон улс уг арлуудыг хянадаг бөгөөд нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг гэж үздэг. Үүний зэрэгцээ Окинава мужийн Ёнагүни арлын өмнөд хэсэгт байрлах Японы эдийн засгийн онцгой бүс дэх шинэ хөвүүрийг нэн даруй зайлуулахыг И.Такеши Хятадын талаас шаарджээ.
Сайд нар хоёр орны хооронд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа хэдий ч харилцаа холбоог гүнзгийрүүлэхийн чухлыг цохон тэмдэглэсэн байна. Талууд мөн ирэх онд хоёр улсын үндэсний аюулгүй байдлын төлөөлөгчдийн хэлэлцээг аль болох ойрын үед хийнэ гэдгийг баталжээ.
И.Такеши мөн Хятад дахь Японы иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Ван И-д уриалсан байна. Энэ оны есдүгээр сард Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэнь хотод сургууль руугаа явж байсан нэгэн япон хүү хутгалуулж амиа алдсан хэрэг гарсан юм. Мөн Хятадад саатуулагдсан Япон иргэдийг аль болох эрт суллахыг хүссэн байна. Түүнчлэн Японы сайд Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, Пёньян, Москвагийн цэргийн хамтын ажиллагаанд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлээд, Хятад улс эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0