sonin.mn

РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн мэндэлсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ, 2022 оны хоёрдугаар сард эхэлж олон мянган хүний амийг авч одсон дайныг дуусгахын тулд хэлэлцээ хийхийг Украин, Орос улсуудад уриалав. 


Тэрбээр Христийн мэндэлсний баярыг тохиолдуулан дэвшүүлсэн "Urbi et Orbi" мэндчилгээндээ, Украины мөргөлдөөнийг онцгойлон дурдаж "хэлэлцээ хийх үүд хаалгыг нээх зориг"-той байхыг уриаллаа.


Пап Франциск Гэгээн Петрийн сүмийн төв тагтан дээрээс сүмийн талбайд цугласан олон мянган сүсэгтэнд хандан хэлэхдээ "Дайны хөлд нэрвэгдсэн Украинд буун дуу зогсох болтугай!” хэмээв. Мөн "шударга бөгөөд бат бөх энх тайван тогтоохын тулд яриа хэлэлцээ, уулзалт хийх эхлэлийг тавихыг" уриаллаа.


2013 онд Ромын католик шашны тэргүүн хамбаар сонгогдсон Франциск нэгэнтээ хэлэхдээ "Оросын цэргийн довтолгооноос өөрийгөө хамгаалж буй Украин улс дайныг зогсоохын тулд цагаан туг өргөх зоригтой байх ёстой" гэж мэдэгдсэнийхээ дараа Украины эрх баригчдын шүүмжлэлд өртсөн юм.


Украины Ерөнхийлөгч В.Зеленский "дайнаас өмнөх хилийн шугамыг сэргээхгүйгээр энхийн хэлэлцээнд оролцох боломжгүй" гэж өмнө нь мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэрбээр Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.


12 дугаар сарын эхээр В.Зеленский "түр гал зогсоох", Украинд гадаадын цэргийг байрлуулах зэрэг дайныг дипломат арга замаар зохицуулах саналыг дэвшүүлсэн юм. Харин Оросын тал Украиныг НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг шаардсан байна.


Өдгөө 88 настай Франциск тэргүүн хамбаар сонгогдсоноосоо хойш 12 дахь удаагаа Христийн мэндэлсний өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ, Палестин, Ливан, Мали, Мозамбик, Хаити, Венесуэл, Никарагуа зэрэг орнуудад улс төр, нийгэм, цэргийн мөргөлдөөнийг зогсоохыг уриалав.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг