sonin.mn

"MCS" группийн Дэд Ерөнхийлөгч асан, АН-ын ҮБХ-ы гишүүн асан, УИХ-ын гишүүн, Гэр Бүл, Нийгмийн Хамгааллын Сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийн, өөрийгөө өмгөөлж, бусдыг буруутгасан элдэв зүйл ярив. Энэ үеэрээ тэрээр: "УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, Соёл, Аялал Жуулчлалын Сайдаар ажиллаж байсан эмэгтэй байгаа, Ц.Оюунгэрэл гэж. Би андуураагүй бол гадаад нөхөртэй. Гадаад нөхрөө Монголын иргэн болгочихоогүй бол энэ хүн жил бүр визны асуудал ярьж байгаа. Тэгээд яагаад энэ хүн үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ? Ер нь сүүлийн жилүүдэд яагаад гадаад нөхөртэй Монгол бүсгүйчүүд Монголын тусгаар тогтнолын төлөө их санаа зовох болов? гэдгийг бид нар болгоомжтой бодох ёстой. Сэрэмжтэй, хэрсүү байя" гэх нь тэр.


 Монгол төрийн сайд, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн, бүх ард түмний элч ийн ярьж буй нь туйлын харамсалтай юм.


Учир нь Л.Энх-Амгалангийн яриа Монгол Улсын Үндсэн хуулийг илтэд зөрчсөн агуулгатай юм.Учир нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван дөрөвдүгээр зүйлийн хоёрт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна." гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө санаа зовоход тухайн иргэний хүйс, эхнэр, нөхрийн иргэншил огт хамаагүй гэсэн үг.

Гэвч энэ эрхэм зарчмыг Л.Энх-Амгалан гэгч ноцтойгоор зөрчлөө.


Э.Сэржмядаг