sonin.mn

ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа гарагт шинэ Ерөнхий сайд Франсуа Байругийн удирдлага дор ажиллах шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа. Өмнөх засгийн газар огцорсноос хойш гурван долоо хоног орчмын хугацаа өнгөрч байгаа юм. Байругийн засгийн газар бол 2024 онд байгуулагдаж буй дөрөв дэх засгийн газар болж байна. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын алба хашиж байсан хоёр хүн багтсанаас гадна гол төлөв төвч үзэлтэй, консерватив үзэл баримтлалтай хүмүүсээс бүрджээ.


Өдгөө 63 настай Элизабет Борне Боловсролын сайдаар ажиллах бол 62 настай Мануэль Вальс тус улсын хилийн чанад дахь нутаг дэвсгэрийн асуудал эрхэлсэн сайд боллоо. 


Харин Хууль зүйн сайдаар Дотоод хэргийн сайд асан Жералд Дарманин томилогдож, Батлан ​​хамгаалахын сайд Себастьян Лекорну, Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нар албан тушаалдаа хэвээр үлдсэн байна. Харин зүүний намууд шинээр томилогдсон Ерөнхий сайд Ф.Байрутай хийсэн хэлэлцээний дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн тул шинэ Засгийн газар удаан хугацаанд ажиллаж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.


Ерөнхийлөгч Э.Макроны зургаадугаар сард зарласан ээлжит бус сонгуулиар аль нэг нам олонх болж чадаагүй тул Францад улс төрийн гүн хямрал үргэлжилсээр байгаа юм. Үүний зэрэгцээ улсын өр нэмэгдэж, төсвийн алдагдал өссөөр буй энэ үед тус улс эдийн засгийн хүнд сорилттой тулгараад байна.


Хэт барууны удирдагч Марин Ле Пен мэдэгдэхдээ, улс оронд улс төрийн хямрал нүүрлээд буйн хариуцлагыг Э.Макрон хүлээж, огцрох ёстой гэжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Францын “Le Parisien” сонинд ярилцлага өгөхдөө, би ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд бэлтгэж байна гэжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг