sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /DW/. Европын Дотоод хэргийн сайд нар пүрэв гарагт Брюссель хотноо уулзах үеэрээ Болгар, Румыныг Шенгений бүсэд нэгтгэх асуудлаар санал хурааж, тус хоёр улс болон Европын бусад орны хоорондох хил хязгаарыг цуцлахаар шийдвэрлэжээ.


Энэхүү шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно. Европын Холбоог /ЕХ/ тэргүүлж буй Унгарын Дотоод хэргийн сайд Шандор Пинтер мэдэгдэхдээ, Болгар, Румын улсуудыг угтан авах түүхэн мөч тохиож байна гэлээ.


ЕХ-ны бусад улс оронтой хиллэдэг агаарын болон тэнгисийн хилийн боомтуудад паспортын шалгалтыг зогсоосноор эл үйл явц хэдийн гуравдугаар сард эхлээд байжээ. Румын, Болгар улсууд 2007 оноос ЕХ-ны гишүүн болсон бөгөөд 2010 онд Шенгенд нэвтрэх шаардлагыг хангасан байна. Гэвч цагаачлалын асуудлаас үүдэн бусад улс орнууд тус хоёр улсыг Шенгенд нэгдэн орохыг эсэргүүцсээр байлаа.


Ялангуяа 2022 оноос хойш Австри улсын зөвшөөрөл хүлээгдэж байлаа. Харин тус улсын эрх баригчид пүрэв гаргийн санал хураалтаас өмнө уг шийдвэрт хориг тавихгүй гэдгээ мэдэгджээ. Энэ нь Болгар улс Турктэй залгаа хил дээр хилийн харуулуудыг нэмж байршуулахаар тохиролцсонтой холбоотой.


1985 онд байгуулагдсан Шенгений чөлөөтэй зорчих бүс нь дэлхий дээрх ийм төрлийн хамгийн том бүсэд тооцогддог. Үүнд Кипр, Ирландаас бусад ЕХ-ны бүх улс, түүнчлэн ЕХ-ны гишүүн бус Швейцар, Норвег, Исланд, Лихтенштейн зэрэг орнууд багтдаг.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг