Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм. Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.Энэ удаа Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.
Түүх сөхвөл Хятадын худалдаачид тэдэнтэй сүлбэлдсэн хошуу ноён Маньбазар болон феодлуудын эсрэг тууштай тэмцэгч Алдаржавын Аюушийн төрсөн нутаг.
Ардын хөдөлгөөний толгойлогч А.Аюуш “Цэцэг нуурын дугуйлан”-г байгуулж хошуу ноёндоо 44 зүйлийн шаардлагатай заргын бичиг өгсөн тухай Монголын түүхэнд тодоор бичигдсэн бий. Засагтхан аймаг Дархан бэйлийн хошууны суурин дээр Цэцэг сум 1924 онд байгуулагдсан юм билээ.
Тус сумын түүхт 100 жилийн ойд дан Ховд нутгийн бөхчүүд тэргүүлэн барилдсанаас Зэрэг сумын харьяат, улсын хүчит заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж Мөст сумын харьяат Мягмардоржийн Баяржавхлан үзүүрлэсэн байна.
Их шөвөгт аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Төмөрцоож нар үлджээ. Улсын заан Б.Бат-Өлзий Зэрэг сумынхаа 2008 оны наадамд түрүүлж сумын заан болсноос бөхийн замналаа эхлүүлсэн гэдэг. Түүнээсээ хойш 2013 онд аймгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага болж байсан бол 2014 онд аймгийнхаа наадамд үзүүрлэж аймгийн заан, тэр жилээ Орхон аймгийн барилдаанд түрүүлж аймгийн арслан болж байв.
Тэгвэл улсын баяр наадамд 2016 онд анх зодоглохдоо зургаа давж улсын харцага, дараа нь 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар 1024 бөх барилдахад аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж Монгол Улсын заан болсон юм.
Ой болон тэмдэглэлт өдрүүдээр болдог барилдаануудад Бөхийн өргөөнд 23 удаа түрүүлсэн нь бас нэг онцгой амжилт. Улсын наадам бүхнээр түүнийг үзүүр, түрүүнд барилдана даа гэж олон түмэн хардаг. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн ХХК, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Ховд дэвжээний бөх хэмээн цоллуулдаг. Энэ цагийн нэгэн онцгой хүчтэн гэдгийг бөх сонирхогчид хүлээн зөвшөөрдөг. Тэр учраагаа голдуу бярдаж хаях нь харагддаг. Бас өхийлдөх мэхийг гарамгай хийдэг юм билээ. Үзүүр бөх М.Баяржавхлангийн тухайд хэлэхэд Ховдын хязгаар нутгаас дахиад нэг хүчтэн төрөн гарч байгаагийн нэг нь юм л даа.
Тэр 17 насандаа сумын заан цолтой байх үеэсээ амжилт нь ахиж яваа юм. Аймаг, цэргийн болон сумын заануудын дунд болдог “Алдрын цом” тойргийн барилдаанд түрүүлж байв. М.Баяржавхлан 20-хон насандаа баруун бүсэд болсон аймгийн цол олгох барилдаанд шөвгөрснөөр аймгийн начин болж байв.
Дараа жил нь аймгийн арслан болсон юм билээ. Өнгөрсөн сарын дунд үед Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд түрүүлсэн. Бас “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 28 бөхийн барилдаанд аймгийн арслан Д.Батсүх, улсын аварга О.Хангай нарыг орхиод шөвгөрч байсныг бөхийн хорхойтон үзэгчид мэдэх л байх. Түүнийг улсын цолд ойрхон бөх гэж олон түмэн итгэж хардаг. Түүний аавынх нь ах, улсын хүчит заан Ц.Мягмарсүрэн “Дүү маань тун удахгүй улсын цолтон болох биз ээ гэж хэлсэн бий. М.Баяржавхлан Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд дэвжээ “Алдар” спорт хорооны бөх юм.
Д.НАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл4
дүүдээ амжилт. улсын цолонд хүрэхийг ерөөе
21 онд болдог улсын коронагийн наадмаар түрүүлдэг амжилтыг үнэлээд арслан цол өгчих ёстой юм ! Тэгээд өгөөгүй болохоор аз хийморь нь харьчихач байгаа юм ! Одоо ч цол нэмнэ гэж байхгүй байх ! Удах тусмаа чангардаг угийн бөх хүн шүү дэ !
Улсын заан хүн сумын наадамд барилдаж болох уу?
Чамаас барилдах үгүйг асуух юм уу . Монголынхоо нутагт хаана ч барилдаад явнаа