ТБИЛИСИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Европын Холбоонд нэгдэх үйл явцыг зогсооход чиглэсэн шинэ засгийн газрын газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал Гүржид тав дахь өдрөө үргэлжилжээ. "Кавказский узел" цахим хэвлэл болон зарим Telegram-сувагт мэдээлснээр, цагдаа нар өчигдөр жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, утаат гар бөмбөг хэрэглэсэн байна.
Эсэргүүцлийн жагсаал нийслэл хотоос гадна, Батуми, Кобулети, Озургети зэрэг Гүржийн томоохон хотуудад болж байна гэж “Sovanews” цахим хэвлэл мэдээлжээ. Тбилиси болон бусад том хотод болсон жагсаалуудад олон арван мянган хүн оролцсон байна.
Тбилиси хот дахь парламентын ордны өмнө баривчилгаа явуулсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Хариуд нь жагсагчид пиротехникийн хэрэгсэл ашигласан байна. “Эхо Кавказа” цахим хуудсанд мэдээлснээр, цугласан олон эсэргүүцлээ илэрхийлэн парламентын ордны төмөр хашааг балбасны дараа жагсагчдын эсрэг ус шүршжээ. "Руставелийн өргөн чөлөөнд үргэлжилж буй жагсаал цуглаан тайван жагсаалын хүрээнээс хальсан тул Дотоод хэргийн яам парламентын ордон орчмын газрыг чөлөөлөхийн тулд түрэмгий авирласан жагсагчдын эсрэг хуульд заасан тусгай арга хэмжээг авна" гэж Гүржийн Дотоод хэргийн яам өчигдөр англи хэлээр гаргасан мэдэгдэлдээ дурдаад, жагсаал эхэлснээс хойших эхний дөрвөн өдрийн дотор Тбилисид 224 хүнийг баривчилсныг мэдээлжээ.
Гүржийн Ерөнхий сайд Иракли Кобахизе 12 дугаар сарын 2-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, тус улсыг Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг хойшлуулаагүй, харин бүхий л хүчин чармайлтаар үргэлжлүүлнэ гэжээ. Гэхдээ тэрбээр сөрөг хүчний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх боломжийг үгүйсгэсэн байна.
Үүний зэрэгцээ, Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили шөнө дунд болохоос өмнөхөн англи хэлээр дараах мэдэгдлийг нийтэлжээ. "Гүрж даяар хүмүүс Оросын утсан хүүхэлдэй болсон дэглэмийн эсрэг босож байна. Нийслэлээс эхлээд хамгийн жижиг хотуудад өрнөж буй энэ хөдөлгөөн бол манай түүхэнд болсон үйл явдлуудаас ялгаатай хөдөлгөөн юм. Хариулт нь тодорхой байна: Миний саналыг эргүүлэн өг! Европт байх ирээдүйн боломжийг надад буцааж өг!" Гүрж улс Европын Холбоонд /ЕХ/ элсэх асуудлаарх яриа хэлэлцээг 2028 он хүртэл түр зогсоож байгааг Ерөнхий сайд Иракли Кобахизе мэдэгдсэний дараа 11 дүгээр сарын 28-ны орой тус улсад эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
гадаадын тагнуул гүржээр дүүрсэн нь агентын хууль нөлөөллөө өнгөт хувьсгал гарч орсын өмнөд хэсэг гүрж армян сири осетин сэтэрч америк аюул буй латив литов финлянд аюул буй украйны сүүлийн гурван сард жаран хот сууринг нэгтгэлээ фронт ойртсоор----------- хойт солонгос харагдахгүй хятад энх тайьныг ярьсаар ---ёвропчууд орсуудыг гүжирдсээр---- зүүн өмнөд курахово великий новосел ---орехов-купянск-- монголд төр хийгээд байх юм байхгүй АРД ТҮМЭН ТӨРӨӨ НУРУУН ДЭЭРЭЭ АВЧ ЯВНА