sonin.mn

1968 оны хавраас эхлэн зуны сүүл сар хүртэл Чехославакийн ард түмэн харгис коммунист дэглэмийг эсэргүүцэн тэмцсэн билээ. Монголчууд энэхүү тэмцлийн үнэн түүхийг огт мэдээгүй өнгөрсөн байдаг. Учир нь Монголын МАХН-ын Улс Төрийн Товчоо энэ явдлыг ард түмнээс тас нуугаад өнгөрсөн.Энэ явдлаас хойш 56 жил өнгөрчээ. Одоо Прагийн хаврын үнэн түүхийг өгүүлье.


1967 оны 11-р сард Чехословакийн Коммунист Намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар Александр Дубчек сонгогдов. Өмнөх намын дарга бөгөөд Ерөнхийлөгч байсан А.Новотный 1968 оны 3-р сард бүх албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. А.Дубчекийн үед Чехословакийн хэвлэл, радио, телевиз чөлөөтэй болж социализмын эсрэг үзэл бодол гарч эхлэх нь тэр.


1968 оны гуравдугаар сард Германий Дрезден хотод болсон зүүн европын зургаан коммунист орны зөвлөлгөөн дээр эдгээр орны коммунист удирдагчид Чехословакт болж буй өөрчлөлтийг шүүмжилж “Чехословакт хувьсгалын эсэргүү хөдөлгөөн өрнөж, Коммунист намаа сонсохоо больж зөвхөн сэхээтнүүдийн үгийг сонсдог боллоо” хэмээж байв. Гэвч А.Дубчек тэдний шүүмжлэлийг тоогоогүй юм. Александр Дучбек 1968 оны 4 дүгээр сарын Чехословакийн Коммунист намын Төв Хорооны бүгд хурал дээр шинэчлэгчдийг дэмжиж, төрийн өндөр албан тушаалд томилов. Олдриж Черникийг Засгийн газрын тэргүүнээр, Ота Шикийг дэд Ерөнхий сайдаар, Иозеф Смрковскийг Үндэсний Хурлын даргаар, Дотоод Явдлын яамны сайдаар Иозеф Павелийг тус тус томилох нь тэр. Шинэ Засгийн газар олон намын систем, чөлөөт мэтгэлцээн, үг хэлэх, нийтлэх, хурал цуглаан жагсаал хийх эрхийг чөлөөтэй болгох, хувийн үйлдвэрлэл эрхлэх, улс төрийн хоригдлуудыг суллах шийдвэрүүдийг гаргалаа. Прагийн хаварт Зөвлөлтийн зохиолч Александр Солженицыний Зөвлөлтийн Зохиолчдын 4-р их хуралд бичсэн захидал гол нөлөө үзүүлэв.  


Шинэ Засгийн газар үйлдвэрүүд дээр “Ажилчдын Зөвлөл” байгуулахыг, 1968 оны 6-р сард Католик сүм байгуулахыг зөвшөөрлөө. 1968 оны 6-р сарын27-ны өдөр зохиолч Л.Вацуликийн “Ажилчин, тариачин, сэхээтнүүдэд хандсан 2000 үг” хэмээх тунхаглалыг хэвлэлд нийтлэв.


Энэ тунхаглалд том сэхээтнүүд, намын дэвшилтэт үзэлтэй намын гишүүд гарын үсэг зуржээ. Уг тунхаглалд “Улс орныг ардчилсан замд оруулж, үг хэлэх, цуглаан жагсаал хийх эрхтэй болж , намын хуучин хүнд сурталтнуудыг шүүмжилж, хууль дэг журмыг сахиулах шинэ байгууллагыг байгуулж, “Ардын Фронт”-ыг нэн даруй байгуулахыг тусгасан байлаа. Улс даяар шинэ намууд болон олон нийтйн байгууллагууд сэргэж эхлэв. Чехословакийн Социал Демократ нам сэргэн ажиллах тухай өргөдөл гаргав. Ер нь нийтдээ 70 гаруй улс төрийн нам сэргэн ажиллахыг хүссэн аж. Парламентад олон намын төлөөлөл байх ёстой хэмээн шаардлагыг ч тавьж эхлэв.


1968 оны 7-р сард Коммунист намын удирдлага Төв Хороонд нээлттэй захидал бичиж гардуулав. 7-р сарын 18 ны өдөр Дубчек “Хүнлэг социализм” буюу Ардчилсан шинэлэг социализмыг байгуулж эдийн засгийн шинэчлэл хийх талаар ярив, улс төрийн клуб байгуулахыг зөвшөөрөв.


Гэвч энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг дотоодын харгис хүчин, хуучин арга барилтай коммунистууд, аюулаас хамгаалах байгууллага болон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын удирдагчид үл зөвшөөрч дургүйцэж байсан нь тодорхой. Олон нийт Зөвлөлтийн арми улс оронд байрлаж байгаад дургүйцэж Чехословакаас Зөвлөлтийн арми гарч явах ёстой гэсэн шаардлага тавьлаа. Сэхээтнүүд Зөвлөлтийн удирдагчдын хуучин арга барилыг шүүмжилж, нийгэмд оршиж байгаа дутагдлыг хатуу шүүмжилж байв. Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев, А.Косыгин, Зүүн германы удирдагч В.Ульбрихт нарыг хэвлэлээр шоглож шүүмжилж байв. Энэ үеэр коммунизмын эсрэг болон Зөвлөлтийн эсрэг ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн улам хүчтэй өрнөж эхлэв. Ардчиллын төлөө урианаас гадна “ Орос Иван гэртээ буцаач”, “Иван чиний Наташа өөр хар хүнтэй  болсон байх шүү”, “Оросын гахайнууд Чехословакаас зайл” , “Оросоор бүү ярь, чехээр яриач”, “Чех бол Орос биш” гэх мэтийн уриа гартаа барьсан олон мянган жагсагчид Прага хотын Вацловын талбай, Братислав хотын Гадаад Яамны өмнө , Зөвлөлтийн Элчин сайдын яамны байрны өмнө  цугларч байлаа.


1968 оны 8-р сарын 6-ны өдөр ард түмэн зөвлөлтийн эсрэг улам хүчирхэг жагсаал цуглаан өрнүүлэв. Энэ бүгдийг харсан Зөвлөлтийн тагнуул, КГБ жагсаал цуглааныг хүчээр дарахаар шийджээ.   


Зөвлөлтийн КГБ  Чехословакт “Дунай” хэмээх ажиллагаа явуулахаар шийдэв. Зөвлөлт Холбоот Улсын маршал Гречко Чехословакийн Батлан Хамгаалахын сайд Мартина Зурад Зөвлөлтийн цэргүүдийн эсрэг ямар нэгэн ажиллагаа эсэргүүцэл үзүүлэхийг хориглох тухай урьдчилан мэдэгдэв. Ингээд Зөвлөлт Холбоот улс болон Варшавын гэрээний орнуудын цэргийн хүчин нийтдээ 500 000 цэрэг, 7000 танк 1968 оны 8-р сарын 20-ны шөнөөс 21- ний өдөр Польшоос зөвлөлт- польшийн хамтарсан цэрэг Яблонец, Оломуцийн чиглэлд, Зүүн Германаас зөвлөлт- германий  цэргүүд Прага, Хомутов, Карловы Варийн чиглэлд , Унгараас зөвлөлт- унгар- болгарын хамтарсан цэрэг Братислав, Тренчиний чиглэлд , Зөвлөлт улсаас Зөвлөлтийн армийн  томоохон  анги, нэгтгэлүүд Чехословакийн хилийг даван дайран орж ирэх нь тэр ээ. Прага хотын Рузины нисэх онгоцны төв буудал дээр Зөвлөлтийн хүнд ачааны “Ан-12” онгоцоор Зөвлөлтийн армийн 7-р агаарын десантын хүчин цэргийн техникийн хамт бууж Прага хотын төв рүү довтлов. 1968 оны 8-р сарын 21-ний өглөөний 4 цаг 30 минутад Зөвлөлтийн десантын олон цэргүүд Засгийн газрын төрийн ордныг бүсэлж, төрийн ордонд дайран орж, Чехословакийн удирдагч Александ Дубчек болон бусад удирдах хүмүүсийг хурал хийж байхад нь баривчлав. Өглөөний 10 цагт Александр  Дубчек, Ерөнхий сайд О.Чёрник, Парламентийн дарга И.Смкровский, Коммунист намын Төв Хорооны гишүүн И.Шпачек, Богумил Шимович, Үндэсний Фронтын тэргүүн Ф.Кригель нарыг КГБ-ын ажилтнууд баривчилж, Зөвлөлтийн БТР дээр суулган Прагийн онгоцны буудал дээр хүргэж, цааш нь Зөвлөлтийн нийслэл Москва хот руу Зөвлөлтийн нисэх онгоцоор илгээв. Ийнхүү Зөвлөлтийн арми болон Варшавын гэрээний орнуудын армийн 24 дивизийн цэргүүд Чехословак улсын бүх чухал обьект байгууламжийг эзэлж хяналтаа тогтоолоо. Чехословакийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний захирагч Людвик Свободагийн тушаалаар чехословакийн арми Варшавын гэрээний орнуудын армид огт эсэргүүцэл үзүүлээгүй ажээ. Харин Прагад ажиллаж байсан радио станцын ачаар Зөвлөлтийн арми Чехословакт түрэмгийлэн орж ирснийг мэдсэн ард түмэн Прага хотын гудамжинд баррикад босгож Зөвлөлтийн танк дайран орж ирэхийг зогсоохыг оролдож байв. Хүмүүст ухуулах хуудас тарааж байсан бөгөөд зарим газар зөвлөлтийн цэргийнхэнтэй иргэд тулалдаж , Зөвлөлтийн танк,  хуягт тэргийн эсрэг шатаах бодистой лонх шидэж, танкийг нь шатааж байлаа. Эцэстээ Зөвлөлтийн армийн довтолгооны балгаар Чехословакийн 400 гаруй иргэн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархаджээ. Зөвлөлтийн талаас 11 цэргийн албан хаагч үхэж, 87 хүн шархадсан байна. 


Прага хотын Коммунист намын санаачилгаар Чехословакийн Коммунист намын 14-р их хурал нууц байдалд хуралдаж, дэлхийн бүх орны коммунист намд хандан, Зөвлөлтийн түрэмгийллийг буруутгасан мэдэгдэл гаргажээ.


Зөвлөлтийн КГБ эхлээд Александр Дубчек болон Засгийн газрын гишүүдийг баривчилж шоронд хийн, цаазлах  төлөвлөгөөтэй байсан боловч Ерөнхийлөгч Людвик Свобода эрс татгалзсан байна. Зөвлөлтийн Коммунист намын удирдлага болон КГБ энэ байдлыг ойлгож цаашид Чехословакийн хууль ёсны Засгийн газартай зөвшилцөх нь зөв юм байна гэсэн дүгнэлт хийжээ. 1968оны 8-р сарын 23-ны өдөр Ерөнхийлөгч Людвик Свобода Зөвлөлт улсын нийслэл Москва хотод очиж Москвагийн тулгасан “Чехословакийн Коммунист намын 14-р их хурлын шийдвэрийг хүчингүй болгох, Ардчилсан өөрчлөлтийг зогсоох, Зөвлөлтийн цэргийг Чехословакт хугацаагүй байрлуулах” зэрэг 15 зүйлт протоколд аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан байна. Эс тэгвээс ард түмнийх нь цус урсах байлаа. Энэхүү Москвагийн тулгасан протоколд Чехословак улсын төлөөлөгч, Үндэсний Фронтын тэргүүн Франтишек Кригель гарын үсэг зурахаас эрс татгалзжээ. Ингэснийх нь төлөө Зөвлөлтийн КГБ түүнийг Зөвлөлт улсад үлдээж шоронд хийхийг завдсан. Харин Чехословакийн төлөөлөгчдийн тэргүүн Александр Дубчек болон бусад бүх төлөөлөгчид Кригельгүйгээр явахгүй, заавал Кригелийг авч явна гэсэн шаардлага тавьжээ. Аргагүйн эрхэнд Зөвлөлтийн КГБ зөвшөөрч Ф.Кригелийг Москвагийн онгоцны буудал дээр авчирч Чехословакийн бусад төлөөлөгч нарын хамт Прага руу нь буцаасан байдаг. Ийнхүү коммунизмын хар сүүдэр дахин Чехословакт буужээ. Харин тэр үед Чехословакийн хил бараг бүтэн нэг жил нээлттэй байсан тул ардчилсан үзэлтэй олон мянган чехүүдэд өрнөд рүү дүрвэн гарах боломж олдсон гэдэг. Энэ эмгэнэлт явдлаас хойш 21 жилийн дараа чехүүд коммунизмаас салж, эрх чөлөөгөө олсон билээ. Эдүгээ 10.5 сая хүн амтай Чех улс сүүлийн 33 жил үсрэнгүй хөгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 442.6 тэрбум ам долларт хүрч, дэлхийд 44 дүгээр байрт, нэг хүнд ногдох ДНБ нь 31 366 ам долларт хүрч, дэлхийд 39 дүгээр байрт орж, европын аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй улс болж чаджээ.  

 

Доржийн СҮХБААТАР