sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /VOA/. Лхагва гарагт буюу өчигдөр Украины цэргүүд Оросын нутаг дэвсгэр рүү Британийн "Storm Shadow" далавчит пуужинг харважээ. Оросын нутагт Америкийн ATACMS пуужингаар цохилт өгснөөс нэг өдрийн дараа Украин улс барууны шинэ зэвсгийг ашиглалаа. 


Эдгээр цохилтын талаар Оросын дайныг дэмжигч телеграм-блогчид мэдээлсэн бөгөөд энэ мэдээллийг мөн нэрээ нууцалсан эх сурвалж Reuters агентлагт баталжээ. Украины Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч цохилтуудын талаар ямар ч мэдээлэл алга гэж мэдэгдсэн байна.


Барууны зэвсгээр Оросын нутагт цохилт өгөх нь мөргөлдөөнийг ноцтойгоор хурцатгана гэж Москва өмнө нь анхааруулсан юм. Харин Украины тал Оросын ар талын баазуудыг устгах хэрэгтэй гэж мэдэгдэж байгаа юм. Оросын дайныг дэмжигч телеграм-блогчид Украины зүүн хойд нутагтай хиллэдэг Курск мужид өгч буй пуужингийн цохилтын чимээ сонсогдож буй бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт дор хаяж 14 удаа хүчтэй дэлбэрэлт сонсогдож, хар утаа гарч байгаа нь харагдана. 


Оросыг дэмжигч «Два майора» телеграм-сувгаар, Украинаас Курск муж руу 12 орчим “Storm Shadow” пуужин харвасан гэж мэдээлээд, “Storm Shadow” гэсэн нэр нь тод харагдах пуужингийн хэлтэрхийний зургийг нийтэлсэн байна. 


Их Британийн Ерөнхий сайд Кири Стармер дээрх мэдээлэлд тайлбар хийхээс татгалзжээ. Өмнө нь тус улсын эрх баригчид 250 км-ээс дээш тусгалтай “Storm Shadow” пуужинг зөвхөн Украины нутаг дэвсгэрт ашиглахыг зөвшөөрч байсан юм. Украины засгийн газар барууны түншүүдээсээ Оросын нутгийн гүн дэх байд цохилт өгөхийн тулд ийм зэвсгүүдийг ашиглах зөвшөөрлийг удаан хугацааны туршид хүссээр ирсэн юм. Энэ долоо хоногт Украины эрх баригчид Ерөнхийлөгч Жо Байдены бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө түүнээс ATACMS пуужинг ашиглах зөвшөөрлийг авсан билээ. 


Америкийн пуужингаар цохилт өгснөөс үүдэн байдал улам хурцдаад буй энэ үед Оросын тал агаарын хүчтэй дайралт хийж болзошгүй байгаатай тул Киев дэх АНУ-ын ЭСЯ-ыг өчигдөр хаажээ. 


Өчигдөр мөн Пентагон 275 сая ам.долларын цэргийн шинэ багц тусламжийг Украинд үзүүлж байгаагаа мэдэгдсэн байна.  Мөн Ж.Байдены засаг захиргаа Украиныг дэмжих хүрээнд тус улсын 4.7 тэрбум ам.долларын зээлийг тэглэх шийдвэрийг гаргажээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг