БИДНИЙ ЭРТНИЙ ӨВӨГ
Төв Азийн өргөн уудам тал нутаг буюу одоогийн Монгол оронд эрт цагт Хүннү, Сяньби, Түрэг, Уйгур, Хятан зэрэг олон улс, гүрэн оршиж байжээ. Эдгээрээс хамгийн эртнийх нь буюу Төв Азийн анхны эзэнт гүрэн болох хүннүчүүд нь бидний өвөг болох нь маш олон баримтаар нотлогддог байна. Тэгвэл тэдгээрийн дээдэс хэн бэ, энэ талаар сонирхон үзье.
Монгол нутагт угсаа-соёл бүрэлдэн, төрт улс байгуулагдах үйл явц нь дунд чулуун зэвсгийн үед үүсэж, улмаар шинэ чулуун зэвсгийн хувьслын үед онцгой хөгжсөн бэлчээрийн мал аж ахуйтай шууд холбоотой.
Монголчууд тал хээрийн, эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай Төв Азийн экологийн орчинд хамгийн тохиромжтой бэлчээрийн мал аж ахуйн арга технологийг үүсгэн хөгжүүлсэн нь сонгодог хэлбэрийн нүүдлийн иргэншил төлөвшихөд онцгой түлхэц болсон. Улмаар Монгол нутагт НТӨ II мянганы хоёрдугаар хагас гэхэд нэгэн ижил нүүдлийн мал аж ахуйтай ч өөр хоорондоо соёлоороо ялгардаг угсаатнуудаас бүрдэж олон аймаг бий болжээ. Сүүлийн үеийн археологийн судалгаанаас үзэхэд эл үед Монгол нутгийн баруун болон төв хэсгээр хиргисүүрийг харин дорнод болон төв хэсгээр дөрвөлжин булшийг үлдээгч нар хэмээх хоёр өөр соёлт ард түмэн төвлөрөн оршиж байсныг тогтоожээ. Судлаачдын харьцуулсан судалгаагаар бол хүннү нарын өвөг дээдэс нь дөрвөлжин булшны соёлыг үлдээгч нар юм.
ХҮННҮ УЛС НТӨ 209 ОНООС ӨМНӨ БАЙГУУЛАГДСАН НЬ
Дээр дурдсанчлан бидний өвөг дээдэс нь НТӨ II мянганы сүүлээр өөрсдийн гэсэн аймгийг байгуулжээ. Тэдгээр овог, аймгуудын талаар Хятадын түүхэнд тэмдэгдэж үлдсэнээр бол тэд эртнээс хятадтай харилцаатай байж, зарим үед урт хугацааны дайн хийж байсан зэрэг баримт нь тэднийг хүчирхэг, зохион байгуулалттай байсныг харуулна.
Жишээ нь, эрдэмтдийн үзсэнээр “сюнну” (хүннү) гэх угсаатны нэр бүр эртний хятадын Инь Улс (НТӨ XIV-XI зуун) болон Чжоу Улсын (НТӨ XI-III зуун) үеэс анх гарчээ. Гэвч чухам “сюнну” буюу хүннү хэмээх нэр НТӨ 318 онд хятадын Хан, Чжао, Вэй, Янь, Ци Улсын цэрэгтэй хамтран хятадын Цинь Улсыг довтлов гэсэн мэдээнд анхлан тодоор дурдагддаг.
Үүнээс үзвэл НТӨ II мянганы сүүлч, I мянганы эхэнд Монгол нутагт хүчирхэг аймгийн холбоод үүсэн улмаар НТӨ V-VI зуун гэхэд нэг аймгийн дор бусад аймгууд нь нэгтгэсэн төр төстэй бүрдлийн үе бий болжээ. Монгол болон бусад улсын түүх бичлэгт Хүннү гүрнийг Маодун шаньюй НТӨ 209 онд байгуулсан хэмээн тэмдэглэж иржээ. Үнэн хэрэгтээ Маодун шаньюйгийн үеийн төрийн зохион байгуулалт болон шаньюй хэмээх ойлголт аль хэдий нь ээ бий болсон байсан нь Хүннү гүрнийг НТӨ 209 оноос өмнө байгуулагдсан болохыг нотолдог. Өөрөөр хэлбэл Хүннү нь НТӨ 209 онд Маодун шаньюйн удирдлага дор нэгдэн хөрш улсууд болох Дунху болон Юэжиг эзэлж, улсаас гүрэн болж өргөжсөн хэмээн үзүүштэй.
ДЭЛХИЙД ЦУУТАЙ ХҮННҮ ЦЭРЭГ
Аливаа улсын байгуулалт хийгээд сэргэн мандалт, тусгаар тогтнолын үндэс нь цэрэг арми билээ. Орчин үеийн манай улсын цэргийн зохион байгуулалт, хууль дүрэм нь бидний эртний өвөг болох хүннүчүүдээс эхлэлтэй аж. Хүннүчүүд тайван цагт сонгодог хэлбэрийн нүүдлийн мал аж ахуй эрхлэх ба ан гөрөө хийнэ. Харин дайны цагт нум сум харваж чадах эрс цөм хуягт морьт цэрэг болон хувирдаг байжээ. Хатан голоос Байгал нуур хүртэлх өргөн уудам нутагт суурьшсан нүүдэлчдийг гүйфан, жун, ди гэх зэргээр нэрлэн Хятад сурвалжид тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Шангийн (НТӨ ХҮІ- XI зуун) “У Дин хааны 34-р он (НТӨ 1024 он)-д хаан гүйфан нарыг ялав”, “У дин хаан гүйфанчуудтай дайтаж, 3 жил байлдан сая ялав” гэх зэргээр тэмдэглэн үлдээснээр бол эл үед тухайн үеийн нүүдэлчид нэлээд боловсронгуй, хүчирхэг зохион байгуулалттай морьт цэрэгтэй байв. Хүннүгийн төр-цэргийн зохион байгуулалт нь цэргүүд өөр өөрийн овог, аймгийн цэрэг бус улсын цэргийн нэгдсэн аравт, зуут, мянгат, түмт гэх аравтын системтэй байжээ.
Аравтын тогтолцооны арван өрх нэг даргатай аравт болно, зуун өрх нэг даргатай зуут болно, мянган өрх нэг даргатай мянгат болно, түм өрх нэг даргатай түмт болно гэх бүтэцтэй. Энэхүү тогтолцоо тайван цагт нийгэм, засаг захиргаа, татварын систем маягаар ашиглагддаг бол дайны цагт цэрэг ангийн нэгтгэл болдог онцлогтой.
Эл үед хаан буюу шаньюй нь бүх цэргийн ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэж, дайн байлдаан хийх бодлого төлөвлөгөөг боловсруулан баталж, төр, цэргийн өндөр албан тушаалтныг томилох ба зарим үед өөрөө цэргээ толгойлон явдаг байжээ. Хүннү гүрний үед шаньюйгийн дараагаар орох томоохон эрх мэдэлтнүүдийг “эвэртэн” ван хэмээх бөгөөд тэд дөрвөн эвэрт ван, түүний доорх зургаан эвэрт ван, тэдгээрийн доорх 14 түмтийн дарга зэрэг бүгд нийлээд 24 түмтийн дарга болно. Эртний Хятадын сурвалжуудын нэг болох “Ши цзи” буюу “Түүхэн тэмдэглэл”-д “Байдан ууланд Хан Улсын Гаодигийн цэргийг бүслэхэд Модунь 400 мянган цэрэгтэй байсан” гэжээ. Ийнхүү бүслэхдээ өрнө этгээдэд цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой, өмнөдөд саарал морьтойгоор бүсэлжээ. Үүнээс үзвэл Хүннү гүрэн нь цэргийн нэгдсэн зохион байгуулалттай байсан ба зохион байгуулахдаа морьт цэргүүдийг морины зүсээр ялгадаг байжээ. Ийнхүү ялгах болсны учир нь тухайн 24 түмтийн дарга нартай холбоотой аж. Гэвч түмтийн дарга бүр түмэн морьт цэрэг захирдаггүй бөгөөд зөвхөн зүүн, баруун туци (сэцэн) ван болон зүүн, баруун гули ван нар л түмэн морьт цэрэг захирдаг онцгой эрх байжээ. Магадгүй тэд онцгой эрх дарх эдэлж, дайны зарим асуудлыг өөрөө бие даан шийдвэр гаргадаг тогтолцоотой байсан бололтой.
Хүннү гүрний цэрэг нь тухайн үедээ нэлээд боловсронгуй хөгжсөн, дэвшилтэд шинжтэй, ялагдашгүй байсныг олон сурвалжид дурддаг. Жишээ нь, НТӨ 307 онд Умард Хятадын Чжао Улсын Үлин ван хэмээх цэргийн жанжин нь өөрийн харьяат цэргүүддээ хүннү маягийн хуяг дуулга хийлгэж, морь унуулаад давхиан дунд нь харвуулах дасгал хийлгэж байжээ.
Хүннүчүүдийн үндсэн цэрэг, дайны зэвсэг нь дуут нум сум, илд, жад зэрэг юм. Эдгээрээс хамгийн чухал нь дуут нум сум юм. Ноён уулын хүннүгийн булшнаас 140 см хүртэл урт нум олджээ. Энэхүү археологийн олдворт түшиглэн эрдэмтэд хүннү нумыг ерөнхийдөө шулуувтар эвэр гичиртэй, эврэн ар, элэгтэй, мөрөөрөө тэнэгэр матаастай, 140 см урт давхар зүймэл нум байсан тул хүчтэй, алсын тусгал маш сайн байж хэмээн тодорхойлжээ. Харин дуут сум гэдэг нь зэвийн ард бороо хэмээх тусгай нүхтэй булцуу суулгасан, сум харваж агаарт нисэхэд нүхээр нь салхи сийгж дуугардаг сумыг хэлдэг аж.
Хүннү гүрэн нь байнгын цэрэг, армитай байсан байх боломж байна. Жишээ нь, тухайн үед цэргийн албаны тогтсон зохион байгуулалт хугацаатай байжээ.
“Ши цзи” нэгэн мэдээгээр “Маодунь шаныюй мориндоо мордоод татлагад хожимдогсдын толгойг авна гэж тушааж, дорно зүг хөдлөн, дунхуг гэнэт довтолжээ”, “Хожуу Хань Улсын судар”-т Сяньби Улсыг байгуулсан Таньшихуйн намтарт тэмдэглэгдсэнээр түүний эцэг Толухоу Хүннүгийн цэрэгт гурван жил алба хааж ирсэн гэх зэрэг мэдээ байна. Цэргийн алба гурван жил байна гэдэг тухайн улс нь өөрийн гэсэн байнгын цэрэгтэй байгааг илтгэнэ. Хэдийгээр тухайн үеийн хүн амын тоо болон цэргийн тооны талаар мэдээлэл байхгүй боловч Японы эрдэмтэн Н.Эгами НТӨ 72 онд Хятадын зургаан замаар Хүннү Улсыг довтлон, хядаж олзолсон хүний ба дээрэмдэж аваачсан малын тоог харьцуулан, Хүннү гүрний нэг хүнд оногдох малын тоог харьцуулахад нэг хүнд барагцаагаар 19 толгой мал хэмээн үзжээ. Н.Эгамигийн энэхүү дүгнэлтийг Оросын эрдэмтэн И.М.Майский нягтлаад хүннүчүүд ойролцоогоор 12,700,000 толгой малтай байсан хэмээн тогтоожээ. Тухайн үед хүннүчүүдийн хүн амын талаар бодитой мэдээ байхгүй ч дээрх судалгаанаас үзэхэд ойролцоогоор 600 мянга орчим байжээ. Энэ судалгаа ёсоор Хүннүгийн байнгын цэргийн тоо ойролцоогоор 20000-15000 орчим байсан бололтой.
ХАНЬ УЛС ХААН ШАНЬЮЙГИЙН ХАТНЫГ ЦАРАЙЧЛАВ
Моадун шаньюй тал нутгийн нүүдэлчдийг нэгтгэн анхны төрт улсыг байгуулж, нүүдлийн соёл иргэншил хөгжих таатай нөхцөл бүрэлдсэн эл үед Хятадын Цинь Улс мөхөн Хань Улс байгуулагдав. Ийнхүү НТӨ III зууны сүүл гэхэд Хүннү болон Хань Улсын өрсөлдөөн эхэлж, анхны томоохон дайн гарчээ. НТӨ 201 онд Моадун шаньюй 400 мянган морьт цэрэгтэйгээр (Гэвч энэхүү 400 мянган морьт цэрэг гэдэг худлаа бөгөөд хятад түүх бичлэгт элбэг тохиолддог өөрсдийн ялагдлаа булзааруулах арга юм) Хятадын хилд цөмрөн орж, Тайюань, Датун хүртэлх газрыг эзлэн авч.
Хятадын Баруун Хань Улсын эзэн хаан Гаоди цолтой Лю Бан морьт цэрэг бүхий тэргүүн ангийн хамт Датун хотын ойролцоох Пинчен хотод хүрэлцэн ирсэн боловч намар орой сэрүүн байсан учир цэргүүдийн нэлээд нь гарын хуруугаа хөлдөөж, сүрхий даарч бээрсэн аж. Хятадын цэргийн гол хүчин, дийлэнх олонх болох явган цэрэг нь морьт тэргүүн ангиа гүйцэж ирээгүй байжээ.
Моадун шаньюй энэхүү боломжийг ашиглан морьт цэргээ авч ухран зугтах дүр үзүүлээд замын хоёр талаар олон цэрэг нуувчид бөгүүлэн үлдээжээ. Лю Бан морьт цэргээ удирдан нэхэж явтал нэг мэдэхэд Моадуний аргад хууртан Пинчен орчим Хүннү нарт бүслэгдсэн байв. Ийнхүү бүслэхэд дөрвөн этгээд тус бүрд хүннү морьт цэрэг бүслэн хаасан тул Лю Баны морьт цэрэг дотроо долоо хоног хориглон байлдаад хэчнээн дайран гарахыг оролдовч хүч нь хүрэхгүй байв. Хятадын явган цэрэг гаднаас хүнс хоол залгуулах гэж хэдий их оролдсон ч бүтсэнгүй. Баруун Хань улсын эзэн хаан арга мухардаад ухаан сийлж, Хүннүгийн шаньюйн хатанд царайчлан элч төлөөлөгч залахаар шийджээ. Мөн тухайн үед Моадунд туслахаар ирэх ёстой байсан Хятадын хоёр жанжин цэргийн хамт хүрэлцэн ирсэнгүйгээр барахгүй Лю Бантай холбоотон болжээ. Бас хятад цэргийн гол хүчин болох явган цэрэг нь байлдааны талбарт нэгэнт хүрэлцэн ирсэн тул маш их гарц хохиролтой тулаан болохоор байв.
Энэ үед Моадун болон Лю Бан хоёрын аль аль нь дөнгөж шинэ мандаад бүрэн бэхжиж амжаагүй мөн ашиггүй болохыг сайтар ойлгон, шийдвэрлэх тулалдаанд орохоос түдгэлзэн байжээ.
Эл үед Моадун шаньюйгийн хатан “Лю Бан та хоёул их хаан байж, бие бие ээ ингэж шахамдуулах ёсгүй, эдүгээ чи Хань Улсын нэлээд газар нутгийг эзлэн авлаа. Гэсэн ч чи түүн дээр амьдран суухгүй шүү дээ. Түүнээс гадна Хань Улсын хаан нь ухаантай, хэл амаа ололцож болох хүн юм. Шаньюй та энэ тухай эргэцүүлэн бодож үзвэл зохилтой юм” хэмээжээ. Моадун шаньюй төд удалгүй Хань Улсын хаанд элч зарж, энх ургийн гэрээ байгуулах амлалтыг авч бүслэлтийн нэг хэсгийг нээн Лю Бан тэргүүтэй Хятадын цэргийн тэргүүн анги, морьт цэргүүдийг тавьж, явуулахаар шийджээ. Лю Баны зарлигаар хятад цэргүүд итгэж ядан нум сумаа тал тал тийш харвахад бэлнээр онилон, хоолой дундуур явсаар бүслэлтээс мултарч гол хүчинтэйгээ нийлжээ. Тэгээд Моадун цэргээ авч нутгийн зүг буцсанд Лю Бан сая үнэмшиж мөн нийслэлийн зүг эргэн одсон түүхтэй аж. Ийнхүү Хүннү гүрэн болон Хань Улс нь НТӨ 198 онд энх ургийн гэрээ байгуулжээ. Уг гэрээ ёсоор бол Хань Улс нь Хүннү гүрэнд жил тогтсон тооны мал, бэлгэ сэлт өгөх үүрэг хүлээжээ. Энэхүү гэрээн өнгөн талдаа хоёр улсын албан ёсны дипломат харилцааны шугамаар эрх тэгш, эн сацуу харилцаж байсныг харуулж байгаа мэт боловч үнэн чанартаа ялагдсан улс эзлэгдсэн улсдаа өгдөг шиг албан татварын гэрээ байжээ.
О.ДАШНЯМ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл5
Сонин сайхан нийтлэл бичжээ,,,баярлалаа танд,,,,
ХҮННҮГ ТУРРКУУД, ЧИНГЭС ХААНЫГ ХАСАГУУД ӨМЧЛӨӨД МАНАЙХАН 100 ЖИЛ ГЭЭД ДОМБООРООД БАЙДАГ.
Орос хятад хоёр бидныг түүхгүйл болгох хүсэлтэй шүү тэгж ч наргиулахгүй байлгүй
Manai Chinges haaniig Tyrkyyd bas manai haan baisan (Mongol)yu yum be?geh ni holgui baidag...Odoo ene tyyhiin zohiochuulalt erenhiilegchiin zarligaar hasagyyd,Tyrkyyd,bysad bylaachaldaad baigaa ylas orontoi neg hem hemjeend ychiraan olohson,ted ikhenh ni musalment sasintnyyd delhiid ner nyyree baraad Chingistei yrdaa barij heleh ni bid hezeeneesee dainch delhiig tyirch baisan geh geed baina?........................anhaarzgaana yy?.............................
Сонирхолтой бн. Их баярлалаа.