sonin.mn

Арвай будаа зүүний үзүүрийг онохын шүншигт хүний заяа агаар залгилж, хүй цөглөсөн төрөлх нутгийн авшиг, амьдрахуйн тавиланг зохироох алдар нэрийн учиг, алс хэтийн ирээдүйд хөтлөх бодлын хүч, ашдын билэг оршоох үгийн шид...хэмээх хэлхээс бодлууд түүнтэй хуучилж суухад сэтгэл оюунд эргэлдэнэ. “Хөдөлмөр батлан хамгаалахад бэлхэн” буюу ХБХБ-ийн олон төрөлтийн Монгол Улсын анхны спортын мастер, улсын 12 удаагийн аварга, Зэвсэгт хүчний 36 удаагийн аварга, тэргүүний дасгалжуулагч, чөлөөнд байгаа хошууч Бавуунамдагийн Алтангэрэлийн амьдралын замнал нь алдар нэр шигээ л сонсогдоно.


Тэрбээр өөрөө алтан медалийн даллагатай тамирчны амьдралаар замнаад зогсохгүй багш, дасгалжуулагчаар ажиллаж, спортын зэрэг цолтой 2500 гаруй тамирчин, тэдгээрээс спортын мастер цолтон 15-ыг төрүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд тасралтгүй 40 гаруй жил ажиллаад өдгөө гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмад билээ.


“Анги командалж байгаа хүмүүс бүгд л миний шавь нар” гэж бардамхан өгүүлэх нь ч учиртай. Зүүнбаянд ажиллаж амьдарч байсан идэр залуу 30 насандаа Монгол оронд спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсийн түүчээ болсон ХБХБ буюу Хөдөлмөр батлан хамгаалах тэмдгийн норм биелүүлэх тэмцээнд өөрийгөө сорьж, 1982 онд Дивизийн аварга шалгаруулах тэмцээн, үргэлжлүүлээд Армийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, бүр Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн цагаасаа тамирчны тавиланг сонгож, 1985 онд Зенит пуужингийн 139 дүгээр ангийн Биеийн тамир спортын даргаар томилогдсоноос хойш өөрийгөө төдийгүй баг тамирчдаа дасгалжуулж, их спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйлсэд эргэлт буцалтгүй өөрийгөө зориулсан бөгөөд Зэвсэгт хүчний 126 дугаар нэгтгэл, 165, 139, 032, 228 дугаар анги, БХИС, “Алдар” спорт хороонд Биеийн тамир спортын дарга, багш дасгалжуулагч, заал зохион байгуулагч, сургалтын төвийн эрхлэгч зэрэг ажлыг хийхдээ тамирчныг олж таних, өнгөлж зүлгэх, амжилт алдрын замд хөтлөхдөө Зэвсэгт хүчний спортын асс гэгддэг “Буурал” Цогоо тэргүүтэй олон мянган цэргийн алба хаагчийн багш болж хүлээн зөвшөөрөгджээ. Өнөө цагийнханд ойлгомжтойгоор өгүүлэхэд ХБХБ буюу “Хөдөлмөр батлан хамгаалах бэлхэн” тэмдгийн норм биелүүлэн өрсөлдөхөд хувь хүн, багаараа 100 болон 2000 метрийн гүйлт, өндөр, уртын харайлт, гранат шидэлт зэрэг хөнгөний олон төрөлт төдийгүй үндэсний бөхөөр авхаалж самбаа, хурд хүч, тэвчээр хатуужлаа сорин байж нийлбэр дүнгээр аваргаа тодруулдаг “хатуухан боорцог” байсныг хуучлах хүн олон ч тэр чигээрээ Зэвсэгт хүчинд нутагшсан нь таван төрөлт, марш-тактик болохоор цэргийн алба хаагч бүр үнэ цэн, утга учир, мөн чанар агуулгыг нь илүүтэй мэдэрч байгаа болов уу.


May be an image of 1 person

СОРИЛТ-СОНГОЛТ


“Аав ээжийгээ танагтай дээр цэрэгт яваад ирье” гэж 19 насандаа нийслэлийг зорьж, Ардын Армийн Зенит пуужингийн 028 дугаар ангид байлдагч, жагсаалын даргаар алба хаах хугацаандаа ганцхан сарын зайтай аав л ижийгээ тэнгэрт үдэж, амьдралынхаа хамгийн хүнд мөч, бэрх шалгуурыг туулжээ. Гэсэн ч би цэрэг хүн, тэнгэрийн харуул, эх орны хүү гэсэн зоригоор сэтгэлээ хатамжилж, захирагчийнхаа эрх мэдлээ хэтрүүлэн байж өгсөн орон нутгийн чөлөөгөөрөө очиж, аав ээждээ амжиж үнсүүлээд, эцсийн амьсгал, эгнэгт санах ерөөлийг нь сонссон болохоор сэтгэлд өег.


Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хөшөөтийн Их арц хэмээх газар 1952 оны усан луу жил хүн болж төрөөд, үрийн заяа мөрөөссөн, хүүхэд тогтдоггүй залуу хосынд тэрбээр голомт залгах хүү нь болж өргөгдсөн бөгөөд “булган сүүл”-ээрээ охин дүү дагуулж мэндлүүлсэн гэдэг.


Сумандаа 7 дугаар ангиа төгсөөд Архангай аймагт геологич, худаг усны мэргэжлээр суралцахыг хүссэнийг нь ээж нь Улаанбаатар хотноо Худалдаа бэлтгэлийн техникумд оруулчихсан гэнэ. Хээр хөдөө гандааж, зутраахгүй гэсэн ижийн хайр байсныг тухайн үедээ ойлгоогүй, бараа судлагч мэргэжилдээ дурлаж бус дундаж явсаар төгсжээ. Гэсэн ч төгсөөд сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан, тоо бүртгэгчээр ажиллахдаа ч, гурван жилийн цэргийн албанд 900 литр шатахууны алдагдалтай бензин колонк хүлээж аваад, ажиллагааг нь жигдрүүлж, дарга удирдлагынхаа итгэлийг олохдоо ч, хожим нь Монголын Ардын Армийн Ар талын газар, Жанжин штабт нууцын хэрэг хөтлөгч, Гуанзангийн дарга, нярав зэрэг хариуцлагатай албанд томилогдон ажиллахдаа ч тэнгэр болсон ижийнхээ холч бодол, хатан ухаанд сүслэн талархаж байсан гэдэг. Нутагтаа нэртэй эрэмгий адуучин Л.Бавуунамдаг, Улсын аварга саальчин Г.Долгор нарын үргэлжлэл болж, алдраар нь овоглож, амьдралын гэгээн дурсамж болгон хүүрнэж суугаа хүүгийн ажил амьдралын сонголт сорилттой ч гэсэн зөв байжээ.


ЭХ ОРНЫ ТУШААЛ


Байлдагч Б.Алтангэрэл армид ахлагч цолтойгоор улирч, бүр Монголын Ардын Армийн Ар талын удирдах газарт хоёр генералын нууцын хэрэг хөтлөгчөөр томилогдсон нь түүний хувьд чадахгүй гэж хэлэх эрх үгүй “эх орны тушаал” байлаа. Хоёр генерал гэдэг нь БХЯ-ны орлогч сайд, Ардын Армийн Ар талыг удирдах газрын дарга хошууч генерал О.Бизьяа, орлогч дарга хошууч генерал Н.Паль нар бөгөөд ахлагч залуу тэдний нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллахдаа хурал цуглаанд хэлэх үгийн төсөл бэлтгэх, хурлын протокол хөтлөх, заримдаа бүр туслах, бие хамгаалагчийн ч үүрэг гүйцэтгэдэг байв. Дараа нь Ардын Армийн Жанжин штабт Гуанзангийн дарга, нярваар томилогдон ажиллахдаа хүнтэй ажиллах, удирдахуйн арга барилд суралцаад, улмаар офицер болгохоор Зүүнбаянгийн томилолт гардуулахад мөн л эх орны тушаалд “Мэдлээ, гүйцэтгэе” гэж ёсолжээ.


Зүүнбаянд салааны захирагчаар ажиллах хугацаандаа цэрэг, түрүүч нараа биеэр үлгэрлэж, сургаснаар 23 хүнтэй тэдний салаа хороо, дивизийн захирагч нарын нэрэмжит сургалт, бэлтгэлийн шалгалтад гурван жил дараалан онц дүнтэй шалгагджээ.


Тэр ч байтугай 1980-1985 оны хооронд салааны цэргүүдийнхээ хамт харуулын байрыг хичээлийн 12 цэгтэй харуулын хотхоны хамт барьж, тохижуулж ашиглалтад хүлээлгэн өгчээ. Мөн удирдлагаасаа “Эх орны тушаал” гэж онцлон үүрэг авснаар Мотобуудлагын хорооны бие бүрэлдэхүүн хичээллэх 200 метрийн урттай саадын зурвас, гранат шидэлтийн хоёр талбай, холд шидэх нэг талбай, 400 метрийн тойрогтой хөнгөн атлетикийн Цэнгэлдэх хүрээлэнг бүтээн байгуулалцсаны зэрэгцээ уурын зуухны хуучин барилгын корпусыг ашиглан волейбол, сагсан бөмбөгийн тэмцээн явуулах хоёр талбайтай спорт заалыг бариулжээ. Ийнхүү тус спорт заалыг чанарын өндөр түвшинд барьж тохижуулснаар сургалт, бэлтгэл тогтмолжиж, дивизийн хэмжээнд жилдээ спортын 15-20 уралдаан, тэмцээн явуулж, шалгарсан баг тамирчид нь ч МАА-ийн аварга шалгаруулах тэмцээн төдийгүй Улсын аварга шалгаруулах тэмцээнд гайхамшигтай амжилт үзүүлж эхэлсэн гэдэг. Тиймээс ч тэр Зүүнбаянд ажилласан он жилүүдээ “амьдрал, тэмцлийн минь хоёр дахь төрсөн нутаг” хэмээн дотночлон дурсаж, үргэлж боддог оо.


БААТРУУДЫН НУТГААР...


Булган хангай яахын аргагүй л анхдагчдын өлгий нутаг ажээ. Нийтлэлийн маань баатар ч Хишиг-Өндөр сумын уугуул нэгэн. Олон төрөлт спортын Монгол Улсын анхны спортын мастер Б.Алтангэрэл гуай тэртээ 1989 онд эх орныхоо зүүн хязгаараас төрсөн нутгаа зорин холын зайн гүйлтийг санаачлан шавь нарынхаа хамт 1600 гаруй километр замыг биеийн хат, сэтгэлийн тэнхээ, хөлийн шандас, хүслийн ирмүүнээр туулсан ажээ. Өнөө цагийн бид Ховдын цэнхэр хязгаараас зүүн хязгаарыг зорьж, 2000 гаруй километр замыг гүйж туулсан Зэвсэгт хүчний эгэл нэгэн ахлах ахлагч Э.Даваажамц, эх орныхоо өмнөд хилээс умард хилийн цэгт хүрч, 1000 гаруй километр замыг амжилттай туулсан хилчин бүсгүй ахлагч Т.Рэнцэнбадам нараараа бахархаж, омогшиж байсны адил тухайн цагт ангийн захирагч нь эрхэм офицерыг багийнх нь хамт үдэхдээ нулимсаа нуугаагүй гэдэг.


Монголд биеийн тамир спорт үүсэж хөгжсөний 70, Агаарын цэргийн 126 дугаар нэгтгэлийн 60, Агаарын цэргийн 131 дүгээр ангийн 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Л.Дандар нарын нэрэмжит “Баатруудын нутгаар” олон өдрийн гүйлтийг санаачлан, Зүүнбаянгаасаа бүрдүүлсэн түүний багт Өмнөговь, Булган, Дорнод, Завхан, Хэнтий, Улаанбаатар гээд нутаг нутгийн төлөөлөл 10 шавь нь багтжээ.


Зүүнбаян-Улаанбаатар-Халхгол-Улаанбаатар-Булган гэсэн маршрутаар өрнөсөн олон өдрийн гүйлтийн багийнхан хоёр баатрын төрсөн нутаг Сайхан, Бүрэгхангай сумаар орж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд багийн ахлагчийнхаа төрсөн газар Хишиг-Өндөр сумаар ч зочилсон гэдэг. Энэ үедээ Монгол Улсын 6, Армийн 10 удаагийн аварга, Спортын мастер цол гуншингаа хэдий нь ээ хүртээд байсан тэрбээр холын зайн гүйлтийн шанг таталцсан гавьяа байгуулсан ч “Хоёр баатрынхаа алдар нэрийг л мөнхлөхийг хүсэж, зорьсон доо” хэмээн даруухан өгүүлэх... Хожмоо Монгол Улсын 12 удаагийн аварга, Зэвсэгт хүчний 36 удаагийн аварга болсон тэрбээр амжилтынхаа нууцыг “уйгагүй бэлтгэл, сахилга бат, хөдөлмөр зүтгэл” гэж тун товчхон тайлбарласан юм. Зүүнбаянгийн зулай төөнөх аагим халуун, зуугийн талаар жиндээх өвлийн тэсгим жаварт ч тасралтгүй өдөр бүр 6-8 цагийг бэлтгэлдээ зарцуулж байснаа дурссан нь амжилтын цаана асар их хөлс байдгийг хэн бүхэнд сануулсан бодит жишээ биз ээ. Ленинградын Цэргийн дээд сургуулийн зургаан сарын дээд курсийг төгссөнөөс өөр спортын онолгүй түүний өөрийн болоод дасгалжуулсан багийн амжилт бүхний ард ямархан их хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл, тэвчээр хатуужил байсан нь ойлгомжтой.


May be an image of 4 people and text

ТАВАН АЛТАН


Анхдагчдын өлгий нутгийн залуу Арын сайхан хангайн бүсгүйтэй ханилсан нь Цэргийн төв эмнэлгийн сувилагч О.Бадамгарав байлаа. Тэд гал голомтоо бадрааж, хамтын амьдралаа цогцлоохдоо эх орноо батлан хамгаалах салбарт ч мөр зэрэгцэн зүтгэжээ. Тэдний таван сайхан Алтан, тэдний гэр бүлийнхэн ч мөрдэст тавиланг сонгож, эх орныхоо төлөө төдийгүй даян дэлхийн энхийн үйлсэд ч хүчин зүтгэж яваа нь зүрхнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд өртөөлөн өвлөгддөг аугаа нэгэн хайрын хүч буюу. Аминаас тасарсан амь гэхдээ өөрийн Алтан нэрийг дэвсгэрлэж, хэзээ ч хагацашгүй, салшгүй хайрын бэлгэдэл “гинж”-ийг залгаж анхны үрийнхээ баруун чихнээ дуурьсах алдрыг нь шивнэж байсан цаг саяхан мэт санагдавч Алтангинж хүү нь Алтантуяа, Алтантөр, Алтанцэцэг, Алтантүлхүүр гээд дүү нараа дагуулж, өнөөдөр бүгд их, дээд сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, Зэвсэгт хүчний зүс царай, өнгө төрхөд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж явааг аав нь армийн буян гэж сүсэлдэг бол хүүхдүүд нь харин аав ээжийнхээ ачлалд хязгааргүй талархдаг.


Том хүү бэлтгэл дэд хурандаа А.Алтангинж нь Зэвсэгт хүчний 150, 336, 337, 330 дугаар ангид мэргэн буудагч, салаа салбарын захирагч, хүний нөөцийн офицер, тагнуулын офицер, ЦТГ, ТЕГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан бөгөөд одоо Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн “Эрч” волейболын клубийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүний гэргий Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний багш ахлах дэслэгч Ц.Батзаяа билээ.


Том охин ахлах ахлагч А.Алтантуяа нь ахыгаа дагаад “Цэргийн хүн болно” гээд 17-хон насандаа элитийн батальоны удирдлагыг шалж, аавынхаа нэрийг барьж зүтгэсээр санасандаа хүрсэн хөгтэй түүхтэй ч БХИС-ийн Ахлагч бэлтгэх төвийг буудагч мэргэжлээр төгсөөд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид буудагч, тасгийн захирагч, нууцын дарга-архивын эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад гавьяаны амралтад гарчээ. Хань Р.Жамбалдорж нь мөн Дотоодын цэргийн 805 дугаар ангид ахлагч, Төв аймгийн Цагдаагийн газар ахлах ахлагчаар ажиллаж байсан мөрдэст нэгэн агаад өдгөө хувиараа бизнес эрхэлж байна.


Дунд хүү сургагч ахлагч А.Алтантөрийг манай салбар, Зэвсэгт хүчнийхэн андахгүй мэдэх байх. Тэрбээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ЦЦР, ХҮТР-уудад тасгийн захирагч, салааны ахлагч, БХЯ, ЗХЖШ-ын шалган нэвтрүүлэх байрны ахлах шалгагчаар ажилладаг бол гэргий Б.Хонгорзул нь Тагнуулын ерөнхий газарт ахлах тогооч юм байна.


Бага охин А.Алтанцэцэг тэднийхээс ганц “энгийн” нь. Тэрбээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд өдгөө БЗД-ийн “Эрдэмт андууд” цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг. Түүний хань Ц.Ренчиндорж нь Зэвсэгт хүчний 084 ангид ангийн ахлагч тэргүүн ахлагч болохоор мөн л мөрдэст гэр бүл гэсэн үг.


Бага хүү ахмад А.Алтантүлхүүр нь Зэвсэгт хүчний 311, 350 дугаар ангид ажиллаж байгаад саяхнаас Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байна. Түүнийг 2015 онд ОХУ-ын Москва хотноо Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон алба хаагчдын нэг, туг хамгаалагчаар сүр жавхлантай алхаж явсныг нь уншигч олон мэдэх биз ээ. Түүний гэргий мөн л мөрдэс гоёсон бүсгүй агаад ахлах дэслэгч М.Бямбасүрэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Эмнэлгийн төвийн даргаар ажиллаж байсан.


Сонирхуулахад, буурал хошуучийн ач зээ, хойч үеийнхэн түрүүчээсээ мөн мөрдэст албаны эгнээнд элсэн орж байна. Том зээ хүү Ж.Мөнгөншагай нь Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх алба-Эрх зүй хөтөлбөрийн 4 дүгээр курсийн сонсогч агаад мөдхөн ажил амьдралын гараагаа эхэлж, алтан соёмбот далбаандаа ёсолно.


Түүнчлэн хүүхдүүд, хүргэн бэрүүд бүгдээрээ л спортод сонирхолтой, Зэвсэгт хүчний марш-тактикийн цогцолбор тэмцээн, олон төрөлт спортуудад түүчээлдэг. Мөн бүгдээрээ хоёроос дээш удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн цэнхэр дуулгатнууд юм байна. Ийнхүү бэлтгэл хошууч, спортын мастер Б.Алтангэрэлийн хүүхдүүд Монгол Улсынхаа Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд алба хааж байсан, байгаа, байсаар ч байх болов уу. Эх орны төлөө цохилох зүрх ингэж л удамшдаг ажээ.


May be an image of 7 people, map and text

Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: "Соёмбо" сонин