sonin.mn

БЕРЛИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /DW/. Герман-Ираны давхар иргэншилтэй Жамшид Шармахдыг цаазалсантай холбогдуулан Ираны гурван консулын газрыг хаахаар шийдвэрлэснийг Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок пүрэв гарагт мэдэгдлээ. Эдгээр консулын газар Франкфурт, Хамбург, Мюнхен хотуудад байрладаг байна. “Германы иргэнийг цаазлах нь ноцтой үр дагаварт хүргэнэ гэдгийг бид нэг бус удаа тодорхой байдлаар Техранд илэрхийлсэн” гэж А.Бербок хэлжээ. Герман улс Ж.Шармахдыг цаазлах ажиллагаанд оролцсон хүмүүсийн эсрэг Европын Холбоог хамруулан оролцуулсан хориг арга хэмжээ авах арга замыг эрэлхийлнэ гэдгийг сайд дурдсан байна. Үүнд Ираны Хувьсгалт гвард багтсан байна. 


А.Бербок мөн барьцааны хүмүүсээр улс төр хийж байгаад Ираныг буруушааж, Ойрх Дорнодын мөргөлдөөнд Герман улс Израилыг дэмжиж буй явдлыг Ж.Шармахдыг хөнөөх шалтгаан болгон ашиглахыг эрмэлзэж байна гэжээ. 


“Энэ аллага Ойрх Дорнодод болж буй үйл явдлуудын үеэр болсон нь [Ираны] дарангуйлагч, шударга бус дэглэм ердийн дипломат логикийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг харуулж байна. Бидний дипломат харилцаа аль хэдийнэ хамгийн доод түвшинд хүрээд байгаа нь шалтгаангүй зүйл биш. Германы бусад иргэн ч мөн адил шударга бусаар хоригдож байгаа. Бид тэднийг суллахын төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж байна гэж А.Бербок хэллээ.


Ираны консулын газруудын 32 ажилтан Германы иргэншилгүй тохиолдолд оршин суух эрхгүй болж тус улсыг орхин гарах ёстой.


Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа “шударга бус” шийдвэрийн эсрэг “хүчтэй эсэргүүцэл” үзүүлэхийн тулд Ираны тал Техран дахь Германы хэргийг түр хамаарагчийг дуудан ирүүлсэн байна. Ираны Гадаад хэргийн яам дээрх шийдвэрийг зэмлэн буруушааж, зөвтгөх аргагүй бодлогогүй алхам гэж тодорхойлжээ.


Германы Элчин сайдыг Берлинд эгүүлэн татжээ


Германы Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт мэдэгдсэнээр, Иранд суугаа Германы Элчин сайд Маркус Потцель Ираны үйлдлийг эрс эсэргүүцсэний илрэл болгож тус улсыг орхин гарсан байна.


Германы иргэнийг хөнөөсөн хэрэг нь хэдийнэ түүхэн доод түвшинд хүртэл унаад буй хоёр орны харилцааг улам хурцатгаж байна гэж Германы ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өмнө нь хэлж байжээ.


Ж.Шармахдад оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэснийг Ираны шүүх даваа гарагт зарлажээ. 2023 онд терроризмын хэргээр түүнд цаазаар авах ял оноосон байна. АНУ-д амьдарч байсан Ж.Шармахдыг 2020 онд Дубайд байхад нь Ираны аюулгүй байдлын албаныхан хулгайлжээ. Германы засгийн газар, Шармахдын төрөл төрөгсөд, хүний ​​эрхийг хамгаалагчид терроризмын хэрэгт буруутгаж буйг эрс няцааж, шүүх хурлыг "дүр эсгэсэн хуурамч" гэж үзэж байсан юм. Ж.Шармахдыг 2008 онд лалын сүмд халдлага үйлдэж, 14 хүний ​​аминд хүрсэн гэж Ираны тал буруутгасан байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг