ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 30 /C-SPAN/. Дэмжигчид нь 2021 оны нэгдүгээр сард Капитол руу дайрахын өмнөхөн Д.Трампын үг хэлж байсан тэр газарт Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис сонгуулийн кампанит ажлынхаа сүүлчийн томоохон цуглааныг зохион байгуулжээ.
Сонгуулийн штабаас мэдээлснээр, сонгуулийн өмнө дэмжигчиддээ хандаж Харрисын хэлсэн сүүлчийн үгийг сонсохоор 75 мянга гаруй хүн ирсэн байна.
К.Харрис хэлсэн үгийнхээ ихэнх хэсэгт Д.Трампыг шүүмжилжээ. “Дональд Трамп гэж хэн болохыг бид бүгд мэднэ. Энэ хүн бол дөрвөн жилийн өмнө яг энэ газар зогсож, өөрийн ялагдал хүлээсэн чөлөөт, шударга сонгуулийн дүнг хүчингүй болгохын тулд Капитол руу зэвсэгт танхайрагчдыг илгээсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Хэрэв Д.Трамп сонгуульд ялбал Америкийн ард түмний асуудлыг биш өөрийнхөө асуудлыг шийднэ гэж К.Харрис мэдэгджээ. "Энэ хүн бол та бүхний амьдралыг илүү сайхан болгох нэр дэвшигч биш юм. Тэр бол холбирхой, өшөө хорсолд автсан, дургүйцэлд идэгдсэн, хяналтгүй эрх мэдэл рүү тэмүүлсэн хүн юм" гэж Ардчилсан намын нэр дэвшигч хэлсэн байна.
Харрис хэлсэн үгэндээ Орос, Украины талаар огт дурдаагүй байна. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тухай нэг удаа дурджээ. Тэрбээр Оросын Ерөнхийлөгч, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар бол дарангуйлагчид бөгөөд Д.Трампыг дэмждэг гэж хэлсэн байна.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд Д.Трампыг дэмжигчид 2020 оны 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахад саад учруулахын тулд Конгрессын ордон руу дайран орж байсан билээ. АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Америкчууд Камала авгайг дэмжиж украины дайныг үргэлжлүүлэх байхөө.
Украйнд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж асуу длыг хурдхан нэг талд нь гаргах байхаа.
Трамп сонгогдвол дайн дуусна! Камала сонгогдвол дайн үргэлжлэнэ!
Идсэн эрүү хувхайрна гэдэг дээ идүүлсэн бут ногоорно трамп ялна