sonin.mn

ДОХА, 2024 оны аравдугаар сарын 25 /Washington Post/. Газын зурваст гал зогсоох, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлыг хэлэлцэхээр АНУ, Израилын төлөөлөгчид ойрын өдрүүдэд Катарын Доха хотод очих төлөвтэй байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен пүрэв гарагт мэдэгджээ.


Э.Блинкен мөн Газын зурвас, Баруун эрэг болон бусад бүс нутаг дахь палестинчуудад зориулж нэмж 135 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгааг зарласан бөгөөд үүнд усны байгууламж, эхийн эрүүл мэндтэй холбоотой тусламж орох ажээ.


Удахгүй болох яриа хэлэлцээ нь ХАМАС бүлэглэлийн удирдагч Яхья Синварыг устгасны дараа гал зогсооход чиглэсэн АНУ-ын хамгийн сүүлийн үеийн хүчин чармайлт болж байна. АНУ-ын холбогдох албаныхан Я.Синварыг хэлэлцээний явцад учирч буй гол саад тотгор гэж үзэж байжээ. Э.Блинкен Израил ба ХАМАС, мөн Ливан дахь "Хезболла" бүлэглэл хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилгоор Ойрх Дорнодын орнуудад айлчилж байгаа юм.


Израилын тал энэ сард томоохон довтолгоо эхлүүлээд байгаа Газын зурвасын хойд хэсэгт ширүүн тулаан үргэлжилж байна. Тэнд шинээр бүлэг болон хуваагдаж буй ХАМАС-ын дайчдыг онилж байна гэж Израилын тал мэдэгджээ. 


Израилын довтолгооны дараа тусламж үзүүлэхэд хатуу хязгаарлалт тавих болоод байгааг тусламжийн байгууллагууд мөн мэдэгдэж байна. Эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг Газын Иргэний хамгаалалтын агентлагийн хувьд Израилын цэргүүдийн аюул заналхийллийн улмаас Газын хойд хэсгээс гарсан гэж мэдэгджээ. 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг