sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 23 /CNBC/. Америкийн түргэн хоолны “McDonald's” сүлжээнд гэдэсний савханцрын /E.coli/ халдвар гарч, 10 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас барсан тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ мягмар гарагт мэдээлжээ. Энэ мэдээ цацагдсаны дараа тус компанийн хувьцааны ханш унасан байна.


CDC-ийн мэдээлснээр, есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 11-ний хооронд 10 муж улсад 49 тохиолдол бүртгэгдсэнээс ихэнх нь Колорадо, Небраска муж улсуудад илэрсэн бөгөөд өвчтөнүүдийнх дийлэнх нь “McDonald's”-ын “Quarter Pounder” бургерийг идсэн гэж мэдүүлжээ. 


Өвчтөнүүдийн нэгд бөөрний дутагдалд хүргэдэг ноцтой эмгэг илэрсэн бол Колорадод өндөр настай нэг хүн нас барсан байна. Мягмар гаргийн арилжааны явцад “McDonald's”-ын хувьцаа 7 орчим хувиар унасан байна. Тус компани мягмар гарагт мэдэгдэхдээ, зарим муж улсад гарсан E. Coli-гийн халдвартай холбогдуулан түргэн шуурхай арга хэмжээ авч байна гэжээ. Компанийн зүгээс хийж буй шалгалтын эхний дүгнэлтээс үзэхэд “Quarter Pounder”-ын орцонд ордог нимгэн хэрчсэн шинэ сонгинотой холбоотой байж болзошгүйг харуулжээ.


Ийм сонгиныг түгээлтийн гурван төвд үйлчилдэг нэг ханган нийлүүлэгчээс авдаг байна. Улмаар “McDonald's” дотоодын бүх хоолны газрын нөөцөнд байгаа сонгиныг устгахыг даалгаж, өвчлөл бүртгэгдсэн бүсүүдэд уг бүтээгдэхүүнээр үйлчлэхийг түр зогсоожээ.


“Quarter Pounder” бургерийг Колорадо, Канзас, Юта, Вайоминг зэрэг баруун нутгийн хэд хэдэн муж улс болон бусад муж улсын зарим хэсэгт түр хугацаагаар худалдаалахгүй гэж “McDonald's” мэдэгдсэн байна. Мөн дээр дурдсан орцын нөөцийг нөхөхийн тулд ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ. “Quarter Pounder” бургер нь “McDonald's”-ын цэс дэх гол бүтээгдэхүүн бөгөөд жил бүр олон тэрбум ам.долларын орлого авчирдаг байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг