sonin.mn

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 23 /Kyodo/. Японы өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан томоохон сургуулилалт Японы нутаг дэвсгэрт эхэлсэн тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ.


Хоёр жил тутамд зохион байгуулдаг “Keen Sword” хэмээх нэртэй уг сургуулилалт 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 


Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, сургуулилалтын үеэр талууд агаарын десантын хамтарсан ажиллагаа, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн ажиллагаа, дэд бүтцийн гол байгууламжууд, Японы алслагдсан арлуудыг хамгаалах сургууль хийнэ. Сургуулилалтад хоёр талаас хуурай замын, тэнгисийн, агаарын гэсэн гурван төрлийн цэргүүд оролцоно. Энэ удаагийн сургуулилалтад мөн Австралийн Зэвсэгт хүчин нэгдэх ажээ.


Японы талаас 33 мянга, Америкийн талаас 12 мянга орчим нийт 45 мянга орчим цэрэг, мөн хоёр улсын 40 хөлөг онгоц, 370 нисэх онгоц сургуулилалтад оролцоно.


Энэ удаагийн сургуулилалтад Австрали, Их Британи, Герман, Энэтхэг, Итали, Канад, Литва, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Франц, Өмнөд Солонгос болон НАТО-гийн төлөөлөгчид ажиглагчаар уригджээ. “Keen Sword” сургуулийг 1986 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд 17 дахь удаагаа хийж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг