sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 23 /Xinhua/. Дэлхийн эдийн засаг энэ онд 3.2 хувиар өснө гэж Олон улсын валютын сан /ОУВС/ таамаглалаа. Ингэснээр долоодугаар сард танилцуулсан өсөлтийн төсөөллийг өөрчлөлгүй хэвээр үлдээснийг мягмар гарагт нийтэлсэн Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх тайлан харуулав.


Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг тойрсон тодорхойгүй байдлын түвшин өндөр хэвээр байгааг тайланд онцолжээ.


Мөн шинээр сонгогдсон засгийн газрууд /дэлхийн хүн амын тал орчим хувь нь 2024 онд саналаа өгсөн юм уу өгөх төлөвтэй байгаа/ худалдаа, төсвийн бодлогод томоохон өөрчлөлт оруулж магадгүй байна хэмээн тайланд бичсэн байна. “Үүнээс гадна энэ зун санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал эргэн үүссэн нь далд нуугдмал байсан хэврэг байдалтай холбоотой айдас болгоомжлолыг дахин төрүүллээ.


Энэ нь ялангуяа инфляц буурахгүй тогтвортой байгаа, мөн эдийн засгийн уналтын шинж тэмдэг илэрч байгаа орнуудад зохистой мөнгөний бодлогын байр суурьтай холбоотой болгоомжлолыг нэмэгдүүлж байна” гэж ОУВС-гийн шинжээчид дүгнэжээ.


Геополитикийн зөрчил хуваагдал цаашид улам эрчимжих нь худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүйг тайланд онцолсон байна. Энэ нь урт хугацааны өсөлтөд нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдалд саад тотгор учруулж, Төв банкуудад хүндрэлтэй байдлыг бий болгож болзошгүйг мөн дурджээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг