sonin.mn

КИШИНЁВ, 2024 оны аравдугаар сарын 22 /Reuters/. Молдова улсад өнгөрсөн ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр тус улсын иргэд улс орноо Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсүүлэхийг тун бага саналын зөрүүгээр дэмжжээ.


Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдова улсын Сонгуулийн хорооноос мэдээлснээр, “Молдова улсыг Европын Холбоонд элсүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Та дэмжиж байна уу?” гэсэн асуултад сонгогчдын 50.46 хувь нь “тийм” гэж хариулсан бол 49.54 хувь нь “үгүй” гэсэн санал өгсөн байна.


Бүх нийтийн санал асуулгатай зэрэгцэн явуулсан ерөнхийлөгчийн сонгуульд ЕХ-нд улс орноо элсүүлэхийг дэмждэг одоогийн Ерөнхийлөгч Майя Санду 42.45 хувийн санал авснаар хоёр дахь шатны санал хураалтаас зайлсхийхэд шаардлагатай 50 хувийн саналыг авч чадаагүй байна. Харин Оростой ойр харилцаа тогтоохыг эрмэлздэг Ерөнхий прокурор асан Александр Стояногло 25.98 хувийн санал авч удаалсан байна. Хоёр дахь шатны санал хураалт ирэх 11 дүгээр сарын 3-нд болно. Молдова улсын Засгийн газар ОХУ-ыг иргэдийн саналыг худалдаж авч, худал мэдээлэл тарааж хөндлөнгөөс оролцсон гэж буруутгажээ. Харин ОХУ энэ мэдэгдлийг няцааж байна. М.Санду даваа гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, бид шударга бус тэмцэлд шударгаар тулалдаж яллаа гэсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг