sonin.mn

КАЗАНЬ, 2024 оны аравдугаар сарын 22 /TASS/. ОХУ БРИКС-ийг даргалах хугацаанд болж буй гол үйл явдал болох тус бүлгийн XVI дээд хэмжээний уулзалт мягмар гарагт буюу өнөөдөр Казань хотод эхэлнэ.


Дэлхийн дийлэнх улс орны удирдагчид хамгийн хурц хямралуудыг хэлэлцэхээс гадна, олон туйлт ертөнцийг бий болгох, БРИКС-ийн үйл ажиллагаанд шинээр улс орнуудыг нэгтгэх асуудлыг хөндөнө. 


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг 2023 онд шинээр элссэн таван гишүүнийг оролцуулан “арав” хэлбэрээр анх удаа зохион байгуулах гэж байна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк, Египет, Иран, АНЭУ, Саудын Араб, Этиоп гэсэн “арван” улсын удирдагчдаас гадна, тус бүлэгтэй хамтран ажиллах сонирхолтой дэлхийн Өмнөд болон Зүүн хэсгийн орнуудын бусад төлөөлөгч мөн Казань хотод хүрэлцэн ирнэ. Нийтдээ 36 улс, олон улсын зургаан байгууллага, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцох төлөвтэй байна.


"Байгууллагын хэтийн төлөв сайн, тогтвортой, найдвартай байна. Бид үнэхээр нийтлэг үнэт зүйлтэй, бие биетэйгээ хэрхэн харилцаа тогтоох тухай нийтлэг ойлголттой байдагт үндэслэсэн би ийм итгэлтэй хэлж байгаа гэдгийг дахин давтан хэлье" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтын өмнө хэллээ.


Казань хотноо болох дээд хэмжээний уулзалтын хүрээнд Оросын удирдагч хоёр талын 15 орчим уулзалт хийхээр төлөвлөжээ. Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захаровагийн мэдээлснээр, Оросын дипломат албаны тэргүүн Сергей Лавров мөн Казань хотноо гадаадын түншүүдтэй хоёр болон олон талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна. БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд цөөн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хурлууд хийхээр төлөвлөж байна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Уулзалтуудын үеэр удирдагчид дэлхийн болон бүс нутгуудын тулгамдсан асуудлуудаар санал солилцож, ОХУ тус бүлгийг даргалах хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлсон хамтын ажиллагааны гурван үндсэн чиглэл болох улс төр ба аюулгүй байдал, эдийн засаг ба санхүү, соёл-хүмүүнлэгийн харилцааг хэлэлцэнэ. Өнөөдөр хийх эхний цөөн бүрэлдэхүүнтэй уулзалтаар БРИКС-ийн удирдагчид дэлхийн хамгийн хурц зөрчил мөргөлдөөнүүдийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.


Оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, уг уулзалтын үеэр мөн Украины хямралыг хэлэлцэх бөгөөд Бразил, Хятад улсууд зөрчилдөөнийг шийдвэрлэх талаарх саналаа танилцуулах төлөвтэй байна.


Түүнчлэн БРИКС-ийн "түнш улс" гэсэн шинэ статусыг бий болгох замаар бүлгийн хүрээг өргөжүүлэх боломжид онцгой анхаарал хандуулах ажээ. Мөн Шинэ хөгжлийн банк, Бизнесийн зөвлөл, банк хоорондын хамтын ажиллагааны механизм болон БРИКС-ийн эмэгтэйчүүдийн бизнесийн холбооны дарга нарын илтгэлүүдийг сонсох юм. Сүүлийн үед хамгийн их анхаарал хандуулж буй тус бүлгийн ажлын нэг чиглэл бол төлбөр тооцооны өөр хэрэгсэл бий болгох явдал юм. БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга нартай уулзах үеэрээ В.Путин тус бүлэг нь Төв банкуудын хооронд төлбөр тооцоо, санхүүгийн мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгааг мэдэгджээ. Энэ нь “SWIFT” системийг орлох хувилбар болох ёстой юм. 


Д.Жаргал

Эх сурвлж: "Монцамэ" агентлаг