sonin.mn

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны аравдугаар сарын 22 /DW/. Хималай нурууны хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр Энэтхэг, Хятадын Засгийн газрууд тохиролцлоо гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри даваа гарагт мэдэгджээ. В.Мисригийн хэлснээр, хилийн бүсийн тухай гэрээ нь 2020 онд хүний амь эрсэдсэн мөргөлдөөнийг үүсгэсэн хурцадмал байдлыг намжаах, шийдвэрлэхэд тус дөхөм болох төлөвтэй байна.


Хоёр орны дипломат болон цэргийн байгууллагын төлөөлөгчид сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн удаа хэлэлцээ хийсний дүнд дээрх тохиролцоонд хүрснийг тэрбээр онцолжээ. Гэхдээ эргүүлийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.


Энэхүү хэлэлцээрийн тухай мэдээ нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ОХУ-д айлчлахын өмнө гарсан бөгөөд тэнд тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж магадгүй байгаа юм.


Хилийн бүсийн хурцадмал байдлын тухайд


Хоёр талын цэргүүд Бодит хяналтын шугам (LAC) гэгддэг хилийн дагуу галт зэвсэг хэрэглэхээс зайлсхийхийн тулд удаан хугацааны турш протоколуудыг дагаж мөрдсөөр ирсэн юм. Тус шугам нь Хятад, Энэтхэгийн эзэмшлийн газар нутгийг баруун зүгт орших Ладакхаас Аруначал Прадеш хүртэл тусгаарладаг. Гэсэн хэдий ч 2020 онд хоёр талын цэргүүд оролцсон мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20, Хятадын дөрвөн цэрэг амиа алджээ. Улмаар цөмийн зэвсэгтэй хөршүүдийн харилцаа хилийн дагуух мөргөлдөөнөөс хойш хурцдаад байв.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг