sonin.mn

ТБИЛИСИ, 2024 оны аравдугаар сарын 21 /VOA/. Гүржийн нийслэлийн төв дэх Эрх чөлөөний талбайд ням гарагт сөрөг хүчний намуудын нэгдсэн цуглаан болж, янз бүрийн эх сурвалжуудын мэдээлснээр, түүнд 40-50 мянган хүн оролцсон байна. Энэ талбайд 2003 оны 11 дүгээр сарын 22-нд “Сарнайн хувьсгал” эхэлж байсан юм.  

Уг цуглаан “Гүрж орон Европын Холбоог сонгож байна” гэсэн уриан дор боллоо.

Урьдчилан тохиролцсоны дагуу сөрөг хүчний намуудын удирдагчид цуглааны үеэр үг хэлээгүй бөгөөд индэр дээр нийгмийн зүтгэлтнүүд, дуучид, яруу найрагчид гарч ирэн сөрөг хүчний дөрвөн намын аль нэгнийх нь төлөө саналаа өгөхийг, Оросын тал баримтлагч гэгддэг эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намыг засгийн эрхнээс буулгахыг уриалсан байна.  




Мөн Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили үг хэлэхдээ, олон мянган хүн оролцсон цуглааныг “үл мартагдах түүхэн үйл явдал” гэж нэрлэжээ.Тэрбээр мөн Молдовагийн ерөнхийлөгч Майя Сандуд хандан “Европын Холбоонд элсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгад” ялалт байгуулахыг хүсэн ерөөгөөд, Украины төдийгүй Гүржийн төлөөх Европын ирээдүй өөд тэмцэж буй Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд талархал илэрхийлсэн байна.




Удахгүй 26-ны өдөр болох парламентын сонгуульд Михаил Саакашвилигийн “Эв нэгдэл-Үндэсний хөдөлгөөн” болон “Хүчирхэг Гүрж”, “Өөрчлөлтийн төлөөх эвсэл”, “Гүржийн төлөө” гэсэн сөрөг хүчний бусад гурван нам 2012 оноос хойш төрийн эрхийг барьж буй “Гүржийн мөрөөдөл” намтай өрсөлдөнө.  

Олон нийтийн санал асуулгын дүнг харвал, пропорционал тогтолцоогоор явагдах энэ удаагийн сонгуульд хэрвээ дээрх дөрвөн нам 5 хувийн босгыг давж чадвал сөрөг хүчнийхэн 50-иас дээш хувийн суудал авч, эвслийн засгийн газар байгуулах боломжтой болно.  



Б.Адъяахүү