sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 21 /Axios/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис ням гарагт 60 нас хүрсэн бөгөөд сонгууль болоход ердөө 16-хан хоног үлдээд буй энэ үед төрсөн өдрөө тэмдэглэх цаг зав түүнд тун хомс байлаа. 

К.Харрис ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд тангараг өргөх үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч нарын дундаж наснаас /55 нас/ өндөр настай байх юм. Гэхдээ тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Жо Байден /81/ болон өрсөлдөгч Дональд Трамп /78/ нартай харьцуулахад залуу үеийн төлөөлөл хэмээн тооцогдож байна. Харин Д.Трамп сонгогдвол тэрбээр Ж.Байденыг ардаа орхиж, АНУ-ын түүхэнд сонгогдсон хамгийн өндөр настай төрийн тэргүүн болох юм. 




Олон сонгогч Ж.Байденыг ерөнхийлөгч болоход хэтэрхий өндөр настай хэмээн үзэж байсан тул энэ удаагийн сонгуулиас нэрээ татах түүний шийдвэрт нас сүүдэр нь голлох нөлөө үзүүлсэн юм. Харин сүүлийн үед Д.Трампын нас, хурц шийдэмгий зан төрх нь олны хараанд өртөх болоод байна.




Д.Трамп, Ж.Байден нар Америкийн ерөнхийлөгч нарын насны муруйг нэлээд "дээш нь өргөсөн" бөгөөд тус улсын түүхэнд 12 ерөнхийлөгч 60, 70-аад насандаа тангараг өргөж байжээ.

Д.Трампаас өмнө Рональд Рейган /69/ анх удаагаа сонгогдсон хамгийн өндөр настай ерөнхийлөгч байсан юм. Тэрбээр хоёр бүрэн эрхийн хугацаагаа дуусах үед 77 настай байсан нь Д.Трампаас нэг насаар дүү гэсэн үг юм.

Харин хамгийн залуудаа сонгогдсон төрийн тэргүүн нар бол Тедди Рузвельт /42/, Жон Кеннеди /43/ нар юм. Ж.Кеннедигээс хойш хамгийн залуу нь Барак Обама /47/, Билл Клинтон /46/ нар байв. Харин АНУ-ын түүхэн дэх хамгийн урт насалсан ерөнхийлөгч Жимми Картер энэ сарын эхээр 100 насыг зооглосон юм. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт К.Харрисыг дэмжиж, цахим шуудангаар саналаа өгсөн байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг