sonin.mn

ДАКА, 2024 оны аравдугаар сарын 21 /Reuters/. Бангладешт болсон үерийн улмаас 1.1 сая орчим тонн цагаан будааны ургац сүйдсэн гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. Энэ нь үнэ өсөж буй үед гол хүнсний бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд хүргэж байна.

Хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 8, 10 дугаар сард тус улсад хоёр удаа үер болж, 75 хүн амиа алдаж, зүүн болон хойд бүс нутгуудын олон сая хүн эд материалын хохирол амсжээ.


Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр, энэ жилийн үерийн улмаас цагаан будааны үйлдвэрлэл их хэмжээгээр буурсан байна. Ингэснээр Засгийн газар 500 мянган тонн будаа импортлохоор төлөвлөж, удахгүй хувийн хэвшлийнхэнд импортын зөвшөөрөл олгоно гэж яамны төлөөлөгч хэлжээ.


Ерөнхий сайд асан Шейх Хасинаг Энэтхэг рүү дүрвэхэд хүргэсэн эсэргүүцлийн жагсаалын дараа буюу наймдугаар сард байгуулагдсан түр Засгийн газар сүүлийн саруудад 20 орчим хувиар өссөн хүнсний үнийг тогтворжуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Үерийн улмаас хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн, үүний дотор 200 мянга гаруй тонн хүнсний ногоо сүйджээ. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт нийт 45 тэрбум така буюу 380 сая ам.долларын хохирол учирсан гэх тооцоо гараад байна.


Дэлхийд цагаан будааны тариалалтаар гуравт ордог Бангладеш улсын 170 сая гаруй хүн амыг хүнс тэжээлээр хангахын тулд жилд 40 сая тонн будаа тариалдаг ажээ. Гэсэн хэдий ч байгалийн гамшигт үзэгдлүүд нүүрлэсний улмаас тариалалт саатаж, импортоос хараат байдал нэмэгдэж байна.

Бангладеш улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байгааг энэ жилийн үер харуулж байна. Дэлхийн банкнаас 2015 онд хийсэн судалгаагаар Бангладешт жилд 3.5 сая хүн үерийн аюулд өртөж байгааг тогтоосон бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нөхцөл байдал улам бүр дордож байгааг эрдэмтэд хэлж байна.


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг