sonin.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: "Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-нийн өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ" гэв. 



“Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх: "Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй" гэв.  


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т. Даваадалай: "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье" гэв. 




Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү: "Өнөөдөр 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. 85 тонн давс, 18 тонн бодис цацаад байна. Хотын төв замд авто замын бөглөрөл, түгжрэл их байгаа учраас том автомашинаар давс цацахад хүндрэлтэй байна. Тиймээс шөнийн цагаар давс, бодис цацах ажлыг үргэлжлүүлнэ. Халтиргаа ихтэй байршлуудад бид хайрга, элс байршуулсан байгаа" гэв.