sonin.mn

Өдгөө УИХ-д 42, Засгийн газарт найман “суудал”-тай АН дотроо зодоонтой л байна. Орон нутгийн сонгуулийн дүн гарсан оройноос эхэлсэн дотоод зөрчил нь нэгэнт савнаасаа халиад гадагшилжээ. Анхнаасаа таван нам, арван фракц дээр үүссэн болоод ч тэр үү, энэ намыг эвлэхийг үзнэ гэдэг сүүл рүүгээ хэцүү л харагдах болов. Зарим нь “АН-ынхан “ингэж зовж байхаар анхны таван намаараа, аль эсвэл арав гаруй фракцаараа салаад явбал таарна.


Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг гэж үг байдаг. Эхнэр нөхөр ч биш, үзэл бодол таарахгүй бол ингэж зовж юугаа хийнэ вэ” гэх хүмүүс гарч ирж байна. Сонин л санаа. Бодох л бодол.


УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явдаг болчихсон. Жижиг намууд УИХ-д суудал авах боломжтой. Өмнөх УИХ-д ганцаараа байсан Т.Доржханд одоо долоон дүүтэй болсон. Сонгуулийн өмнөхөн “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан Н.Номтойбаяр, энэ сонгуулийн жилд ИЗНН дээр очоод дарга нь болсон АН-ын Б.Батбаатар нар УИХ-д ороод ирсэн. Ер нь бусад жижиг нам өөдтэй байсан бол УИХ-д суудалтай болох бүрэн боломжтой байв. Холимог тогтолцооны ач л даа. Тэгэхээр АН-аас жижиг намууд гарвал боломж бий гэсэн үг л дээ. Гэхдээ АН-ынхан ингээд яагаад ч юм хэрэлдээд, юугаа ч юм булаалдаад байдаг. Хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрдөггүй онцлогтой. Санаагаар болдог бол АН-ынхан тэртээх 2000 оноос үүсэлтэй олон нам, олон фракцын зарчмаа халаад, ах аа, эгч ээ гэж дагаж явдгаа болиод, АН-аа л гэж бодоод улс төр хийвэл нэгэн цул болох боломж бас бий. Тэгж чадах эсэх нь эргэлзээтэй л дээ. Сая Орон нутгийн сонгууль зарлагдахад, нэр дэвшигчид нь тодорч байхад таг дуугүй байсан АН-ынхан сонгууль дуусангуут энд тэндээс гарч ирээд ёстой нэг бужигнаж өгч байна. Гэвч “АН-ынхан бужигнаад байна” гэхээр арай худлаа байна.


Аль 2023 оны эхнээс АН-аа ахин нэгтгэж нийлүүлэх гээд ядаж байсан Лу.Гантөмөр даргыгаа хоёр “экс” нь хяхаж хавчаад үйлийг нь үзээд байсан. Сүүлийн өдрүүдэд өнөөх нь л үргэлжилж байна. Гэхдээ нэг “экс” нь илүү идэвхтэй улс төр хийж байна.


Ерөөсөө энэ Орон нутгийн сонгуулиар хотод МАН ялсан нь АН-ыг Х.Баттулга төлөөлснөөс л болсон шүү дээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй хотод элэгтэй АН-ын олон залуу улстөрч хотын сонгуульд нэр дэвшигчид тодроход нулимстай л үлдсэн. АН-аас хотын сонгуульд Х.Баттулгын хүмүүс л нэр дэвшсэн. Тэр байтугай өмнө нь бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг нэр дэвшүүлж АН-ын нэр хүндэд пад хар толбо тогтоож өгсөн. Хүчирхийлэл бол АН-ын хамгийн их үзэн яддаг “үзэл” шүү дээ, уг нь. Яг үнэнийг хэлэхэд АН-ынхан өөрсдөө намаа дахин эмхэрч байх үеийн дотоод сонгуульдаа хайнга хандсаны л гор, эсвэл үр дүн нь энэ. Хэд хэдэн дотоод сонгууль явагдаж, Х.Баттулга ажилласаар байгаад Хотын АН-ыг авчихсан юм. Тэгэхээр саяын Орон нутгийн сонгууль ийм л болох байсан нь ойлгомжтой л доо. Хамгийн гол нь Х.Баттулга гарч ирсэн нь Х.Нямбаатарт илт илүүрхэж ялах боломж олгосон.


АН хотод унах нь дэндүү тодорхой байсан. Сонгуулийн дараа энэ ялагдлыг нөгөөх л “хойд хар овоохой” Лу.Гантөмөр рүүгээ чихэх гээд үзэж байна. Голдуу хэний хүмүүс юу яриад байгааг хүн болгон харж л байгаа даа. Энэ нь цаагуураа дахиад л Х.Баттулгын далд санаа явж байгаа юм.


Тэрбээр ингэж байгаад Лу.Гантөмөрийг унагаад оронд нь АН-ын дарга болохоор зүтгээд эхэлчихлээ. Тэр нь түүний үйлдлүүдээс тодорхой харагдаж байна. Саяын Орон нутгийн сонгуулиар ч түүнд АН-ын ялалт чухал биш байсан. “Хүүхэд хөгжлийн дэвтэр” гээч төрөөгүй хүүхдийн төмөр өлгий шиг зүйл ярьсан нь лав АН-д ялалт авчрах PR биш байв. Харин мань эр өөрөө юм уу, өөрийнхөө гишүүдээр санаачлуулаад УИХ дээр хуулийн процесс явбал 2-3 жилийн ажил болно. “...Х.Баттулга ийм зүйлийг зүгээр яриад байх хүн биш, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа юм” гээд байсан нь зөв “онош” бололтой. Сүүлд яригдаж байгаагаар, тэр Лу.Гантөмөр рүү хүчтэй дайралт хийж унагаад, оронд нь АН-ын дарга болно, тэгээд түүгээрээ дамжуулаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ нээх гэнэ. МоАХ-ынхон ч “Үндсэн хуулийн зөвхөн нэг удаа гэдэг өмнөх Ерөнхийлөгч нарт үйлчилж болохгүй” гэж үзэж буй аж. Бас “…Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах юм бол Х.Баттулгад ихээхэн боломж гарна” гэсэн яриа байх юм. Юу ч гэсэн үг юм, бүү мэд. Ямартай ч Х.Баттулга АН-ын дарга болохоор “хөдөллөө” гэх яриа, мэдээ улс төрийн хүрээнд битүү яригдаад эхэллээ. АН-ынхан харин яаж хүлээж авах юм бол доо...




Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин