sonin.mn

Парламентын судалгааны албадын 13 дахь удаагийн олон улсын семинар БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тус семинарт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь оролцож, “Улс төрийн туйлшралыг сааруулахад парламентын судалгааны албаны үүрэг оролцоо” сэдвээр үндсэн илтгэл танилцуулав.


Энэхүү семинарыг БНСУ-ын Үндэсний Ассамблейн Судалгааны газар (NARS)-аас санаачлан 2010 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүс нутагт парламентын ардчиллыг хөгжүүлэхэд парламентын судалгааны албаны үүрэг оролцоог нэмэгдүүлэх, улс орон бүрт тулгамдаж буй сорилтыг даван туулах чиглэлээр харилцан туршлага солилцох томоохон арга хэмжээ юм.


Энэ удаагийн семинар “Улс төрийн туйлшралыг сааруулахад парламентын судалгааны албаны үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь”, “ Хууль тогтоомжийн үр нөлөөг судлан шинжлэх үйл ажиллагааны даяаршил” сэдвийн хүрээнд явагдсан байна.

Семинарт оролцогч орнууд парламентын үйл ажиллагаанд парламентын судалгааны албанаас үзүүлж буй судалгаа, шинжилгээний дэмжлэгийн талаарх өөрийн орны сайн туршлагуудаа хуваалцаж, парламентын судалгааны институцыг олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэх нэгдсэн стратегийг тодорхойлох чиглэлээр санал бодлоо солилцож, нэгдсэн зөвшилцөлд хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлснээрээ чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.