sonin.mn

Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай байр сууриа нийгмийн сүлжээгээрээ дамжуулан илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "Юун түрүүнд ХҮН намын нэр дэвшигчдэд нийт 217,779 санал өгсөн сонгогчиддоо маш их баярлалаа.

Энэ бол ХҮН намын залуус яаж сонгуульд оролцох ёстой вэ, яг л тэр зарчмаар үнэн бөгөөд шударга өрсөлдөж авсан санал юм. Бид энэ үр дүнгээ баярлан, нүүр бардам тосон авна. Үүний хажуугаар цөөн хэдэн дүгнэлт хийлээ.


УБ хотын нийт сонгогчдын тоо 2020 онтой харьцуулахад 89584 хүнээр нэмэгдсэн боловч сонгуульд оролцсон хүний тоо эсрэгээр 13653 хүнээр буурч, ирц дөнгөж 42.3 хувьтай гарлаа. Үүнд олон нийт ХҮН намыг хамтарсан засагт орлоо гэж итгэл үнэмшлээрээ биднийг шийтгэж байгааг бид ухамсарлан хүлээн авна. 


Одоо бид намын дотоод болон гадаад хүчин зүйлстээ дүгнэлт хийгээд өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийнэ.

Тогтолцоо хуучнаараа явагдсан тул намын хатуу гишүүнчлэл, сүлжээ ажиллахыг мэдэж, мэдэрч байсан. Ирц жоохон өсөх бол бидэнд ээлтэй байх байсан ч ирцийг бууруулах бүр төрлийн арга хэрэгслүүдийг авсныг цаашид бид өөрчилж ажиллах болно.


Эцэст нь бид яг сонгуульд яаж шударга оролцох ёстой, яг л тэр зарчмаар бодлогоо ярьж мөрийн хөтөлбөрөө танилцуулж ил тод мэтгэлцэж ажилласан. Ялагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч, нам дотроо хариуцлага хүлээхэд ч бэлэн байна.

Эцсийн бүлэгт сонгогчдын санаа бодол л бол санаа бодол тул бид хүлээн зөвшөөрч өөрсөддөө дүгнэлтээ хийх ёстой. Дүгнээд зогсохгүй шууд бэлтгэлээ ханган нам дотроо өөрчлөлт удирдахаар ажиллаж эхлэх ёстой.

Бид хэн нэгнийг буруутгаж гомдоллоогүй. Тоон дээрээ үнэлэлт дүгнэлт хийсэн. 

ХҮН намыг дэмжсэн, дэмжсээр ирсэн бүх сонгогчдодоо баярлалаа." гэсэн байна.