sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 10 /Axios/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярьж, Ираны эсрэг хариу арга хэмжээ авах Израилын төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Дэд Ерөнхийлөгч Камала Харрис ч мөн уг хэлэлцээнд оролцсон гэж Цагаан ордон мэдэгдсэн байна. 


Ж.Байден, Б.Нетаньяху нар наймдугаар сарын 21-нээс хойш анх удаа утсаар ярьсан нь энэ бөгөөд Израилын тал Ираны эсрэг бүс нутгийн дайныг улам хурцатгаж болзошгүй томоохон довтолгоо хийхээр хэлэлцэж буй үед болж байна.


Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдээлснээр, талууд 30 минутын турш утсаар ярьсан бөгөөд хэлэлцээ “илэн далангүй, үр дүнтэй” болжээ. Ливаны асуудлын тухайд, Ерөнхийлөгч Ливан болон Израилын энгийн иргэдийг хилийн зурвасын хоёр талд орших орон гэрт нь аюулгүй буцаах дипломат зохицуулалт хийх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.


Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд Израил руу олон мянган пуужин харвасан “Хезболла” бүлэглэлээс иргэдээ хамгаалах Израилын эрхтэй гэдгийг Ж.Байден дахин нотолсны зэрэгцээ энгийн иргэд, ялангуяа Бейрутын хүн ам шигүү суурьшсан дүүргүүдийн оршин суугчдад учрах хохирлыг багасгах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.


Газын зурвасын тухайд, удирдагчид ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллахын тулд дипломат ажиллагааг яаралтай сэргээх шаардлагатай байгаа талаар ярилцжээ. Ерөнхийлөгч мөн Газа дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг хэлэлцсэний сацуу Йордан, Газын зурвас хоорондын коридорыг нэн даруй нээж, хойд нутаг рүү нэвтрэх боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан байна. Пүрэв гарагт Б.Нетаньяху онц байдлын засгийн газраа хуралдуулна. Израилын хуулийн дагуу, Ерөнхий сайд цэргийн томоохон ажиллагаа явуулахын тулд засгийн газрын гишүүдийн саналыг авах шаардлагатай юм. Ийм ажиллагаа нь Ирантай бүх хүчээ дайчилсан дайн хийхэд хүргэж болзошгүй байна.


ХАМАС, Хезболла болон Ираны өндөр албан тушаалтнуудыг Израилын тал устгасны хариуд Иранаас Израил руу 180 орчим баллистик пуужин харваснаас долоо хоногийн дараа Ж.Байден, Б.Нетаньяху нар утсаар ярьж байна. Пуужингуудын ихэнхийг амдан сөнөөсөн боловч Израилын агаарын хоёр баазын байгууламжуудад тодорхой хэмжээний хохирол учирчээ. 


Мөн Тель-Авив дахь Моссадын тагнуулын төв байрны ойролцоо хэд хэдэн пуужин унасан боловч ямар нэгэн хохирол учруулаагүй байна. Израилаас Иран руу довтлохгүй бол хариу арга хэмжээ үүгээр дуусна гэж Техран мэдэгдсэн юм. Харин Израилын тал хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна. Энэ сөргөлдөөн цаашид үргэлжлэх бөгөөд АНУ, Израил улсууд Ираны авч болзошгүй хариу арга хэмжээг эсэргүүцэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай болно гэж АНУ болон Израилын албаны хүмүүсийн аль аль нь үзэж байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг