sonin.mn

СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 9 /Kyodo/. Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалтуудын хариуд Өмнөд Солонгостой холбогдсон бүх авто зам, төмөр замыг лхагва гаргаас эхлэн хааж, тэдгээр бүсэд батлан ​​хамгаалахын хүчирхэг байгууламжууд байгуулна гэж Умард Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.


Өмнөд Солонгостой холбогдсон авто зам, төмөр замуудыг хааж, Умардын талын холбогдох бүс нутгийг батлан ​​хамгаалахын хүчирхэг байгууламжаар бэхжүүлэх төслийг 10 дугаар сарын 9-нд эхлүүлнэ гэж Умард Солонгосын Ардын армийн жанжин штаб мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилсан байна. 


“Манай арми өнөөгийн нөхцөлд БНСУ-тай залгаа өмнөд хилийг бүрмөсөн хаах нь дайнд саад хийх зорилготой өөрийгөө хамгаалах арга хэмжээ, БНАСАУ-ын аюулгүй байдлыг батлан хамгаалж буй явдал юм” гэж уг мэдэгдэлд онцолжээ. Ингэхдээ Өмнөд болон Умард Солонгосыг албан ёсны нэрнийх нь товчлолоор дурдсан байна. Солонгосын хойг дахь “цэргийн хурцадмал нөхцөл байдал”-ын хариуд “илүү шийдэмгий, илүү хүчтэй арга хэмжээ” авч байна гэж Умард Солонгосын тал мэдэгдээд, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтууд хилийн ойролцоо болж, АНУ-ын стратегийн цөмийн техник хэрэгслүүд тус бүс нутагт ирж байгааг эш татжээ.


Умардын талаас Өмнөд рүү хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг илгээж байгаагаас гадна уран баяжуулах байгууламжаа анх удаа олон нийтэд үзүүлсэнтэй холбоотойгоор Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед дээрх мэдэгдлийг хийжээ.


Тэртээ 1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайн түр эвлэрэх гэрээ байгуулснаар дууссан тул Умард Солонгосын түрэмгийллийг тогтоон барихын тулд АНУ-ын эрх баригчид 28 мянга орчим цэргээ Өмнөд Солонгост байрлуулсаар байгаа юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцам" агентлаг